​Гишүүдэд өгсөн авлига буюу ЖДҮХС-гийн зээл сайд Б.Батзоригийг АТГ-т дуудагдахад хүргэв

2018/11/05
Авлигын нөхцөл байдал маш хүнд, ноцтой болж байгааг АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал жилийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзахдаа онцолж байсан юм. Нэг албан тушаалтны учруулсан хохирлын хэмжээ хэдэн тэрбумаар хэмжигдсэн тохиолдол ч байсныг энэ үеэр Ерөнхий сайдад хэлж байсан.

Тэгвэл өндөр түвшний авлига улам нарийн арга хэлбэрт орсныг сүүлийн үед өрнөж буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудын дуулиан гэрчилж буй. Тус сангаас УИХ-ын гишүүдэд олгосон зээл магадгүй ийм авлигын нэг хэлбэр ч байж болох.

У.Хүрэлсүхийн танхимын Б.Батзориг, Я.Содбаатар хэмээх хоёр сайд, Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, УИХ-ын гишүүн Г.Солтан, Х.Болорчулуун, Ж.Энхбаяр, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар зэрэг зээлдэгчээс эхэлсэн дээрх сангаас мөнгө авсан төрийн өндөр албан тушаалтнуудын дуулиан үргэлжилсээр байгаа.

Тэдний араас улсын ерөнхий прокурорын орлогч, цагдаагийн бэлтгэл хурандаа Б.Амгаланбаатарын “Цагаан согоот”, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорын “Хос эрхэс”, УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хамаарал бүхий “Ред стар клуб”, 128 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх компани болон банктай УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий “Доктор МЭИК” компани дээрх сангаас зээл авсан нь тодорхой болоод байгаа. Олонд ил болоогүй ч УИХ-ын зарим гишүүн өөрийнхөө, найз нөхдийнхөө аж ахуйн нэгжид тус сангаас тодорхой хэмжээний зээл авч өгсөн баримт бий гэдгийг эх сурвалжууд хэлж буй юм.

Суудлаасаа буухаар болоод буй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригтой холбоотой ажиллаж байгаад нэгэн томоохон банканд газрын захирал болсон залуу, дээрх сангаас зээл авахын тулд барьцааных нь хөрөнгийн үнэлгээг УИХ-ын гишүүний хамаарал бүхий банкныхан нэмэгдүүлж, шохойн үйлдвэрлэлийн нэг компани хоёр тэрбум төгрөг авсан гэх мэт олон ноцтой баримт хууль сахиулах байгууллагынхны гарт ороод буй юм билээ.

Нотолгоотой баримтад түшиглээд, зарим тодорхой бус мэдээллийг нарийвчлан шалгахын тулд сайд Б.Батзориг, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэг, тус сангийн нягтлан бодогч, бичиг хэргийн ажилтан тэргүүтэй хүмүүсийг АТГ-ынхан шалгаж эхэлсэн.

НПГ-аас “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон, зээл олгосон нь албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй” гэж үзэн АТГ-т шалгуулахаар өнгөрсөн сарын 29-нд шилжүүлж, улмаар аравдугаар сарын 30, 31-нд Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэг нарыг Төрийн ордноос гарч явахад нь саатуулсан гэх мэдээлэл бий.

Прокурорын байгууллагын эх сурвалжууд “С.Төгсбилэгийг нь эхэлж саатуулсан, түүний мэдүүлэгт үндэслэн Д.Энхбатыг баривчилсан. Тэдний албадан саатуулах хугацаа пүрэв, баасан гарагт дуусаж, шүүгчийн захирамжаар яллагдагчаар тооцон 30 хоног цагдан хорихоор болсон. Энэ хүмүүсээс гадна сайд Б.Батзоригийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд тус газарт дуудан тайлбар авсан. Энэ ажиллагаа хоёр цаг гаруй үргэлжилсэн” хэмээсэн юм.

Сайд Б.Батзоригийг байцаагаад зогсохгүй, түүний эхнэрийн нэр дээрх, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан “Тээвэр ачлал”, мөн тус компанийн байранд байрладаг, сайдын хамаарал бүхий гэжзарим цахим хуудсанд бичиж буй “Наму дэвжих” компанийн албан өрөөнд АТГ-ынхан нэгжлэг хийж, санхүүгийнх нь бичиг баримтуудыг авсан гэнэ.
Ийнхүү АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагаа эхлэхтэй зэрэгцээд дээрх сангаас зээл авсан, зээл авах хүмүүсийг нь шилж сонгон олгох, үгүйг шийддэг зарим хүн эхнэр, хүүхдээ эмчлүүлэх нэрээр хил гарч явсан гэх мэдээлэл ч байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин
Бэлтгэсэн: Г.Равжаа


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна