ЖДҮ-гээр далимдуулан засаг унагах санаархал

2018/11/13
                                               - ЖДҮ-ГИЙН ЦААДАХЬ УЛС ТӨР БУЮУ МАНАН ЭРГЭЖ ИРЛЭЭ-

Нийгмээрээ, нийтээрээ бид улстөрчид хэрхэн хөлждөг болохыг мэдэж авлаа. Жилийн 3 хувийн хүүтэй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд очих учиртай мөнгийг УИХ-ын гишүүд тэрбум, тэрбумаар нь хувааж авдаг байжээ. Жишим ч үгүй энэ нь илрэхтэй зэрэгцэн “Уучлаарай” гэж хэлээд өнгөрч буй бололтой. Гэхдээ аливаа муу юманд сайн тал байдаг. Үүнийг батлан ЖДҮ-ийг дэмжих сангийн булхайтай зэрэгцэн Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сангийн олон тэтгэлэг, хөнөгөлөттэй зээл, тендер зэрэг “маш нууц”-ын зэрэглэлтэй байсан материалууд ч ар араасаа ил гарч эхлэв. “Хүрээний бузрыг тоочвол далай,.. далай” гэдэгчлэн сангуудын булхай энэ олон жил овоорон бугширчээ. Харин аль эртнээс эхэлж, өнөөг хүртэл бугшчихсан байсан энэ бүх луйвар одоо л ил гарч байгаа нь тохиолдлынх байв уу?

Ямартай ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын өнгөн дээр тендер, урамшуулал, дэмжлэг нэрээр улстөрчдийн завшиж байсан их хэмжээний мөнгөний асуудал ил гарав. Засгийн газрынхаа хувь заяаг дэнжигнүүлэн, танхимынхаа нэг сайдыг огцруулан байж У.Хүрэлсүх өөрөө илчилсэн гэвэл итгэхэд бэрх байх. Харин ийм зүйл байдгийг эртнээс мэддэг, өөрсдөө эхлүүлсэн, ил гаргах цаг хугацаагаа л хүлээж байсан бүлэглэл ЖДҮ-г гаргаж ирсэн нь тодорхой болж эхэллээ. ЖДҮ-г хэн сэвж, хэн улстөржүүлж, хэн хүчнийхнийг хөдөлгөж байгаагаас учрыг хөөвөл илүү ойлгомжтой харагдаж байна.

ЖДҮ эхлээд зөвхөн зээл авсан, өгсөн хувь улстөрчдийн л асуудал байсан. Явцдаа том улс төрийн эхлэл болж, УИХ-ын танхимд хүртэл энэ хэрэг маш хурдацтайгаар орж ирлээ. Оруулж ирсэн хүн нь Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан. Тэрээр өмнөх өдөр нь сайдаас огцорсон Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр яаран оруулж ирж, УИХ-ын чуулганы танхимд шударга ёс тогтоогчийн дүрд хэрхэн тоглож байгааг бид бүгдээрээ харлаа. Гэтэл улстөрчдийн луйвар бүхэн ингэж өндрөө авдаг уу гэвэл харин үгүй. Аудитын дүгнэлт нь гарчихсан АСЕМ-ын хулгай, Хөгжлийн банкны луйвар, Концессын гэрээний булхайг тэр яагаад илчилсэнгүй вэ. Яагаад энэ хэргүүд прокурорын ширээний нүдэнд тоосонд дарагдаж хэвтэнэ вэ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хэлсэнчлэн энэ бүхнийг “дарж” суучихаад ЖДҮ-гээр ийм хурдтай ажиллаж байгаа нь цаанаа улс төрийн том зорилготой, өндөр дэмжлэгтэйн илрэл.

АТГ ч бас ялгаа алга. ЖДҮ тойрсон хэргээр долоо хүрэхгүй хоногийн дотор 30 гаруй хүнийг барьж хорилоо. Хэзээ Монголын АТГ ийм хурдтай, ийм цараатай, ийм шударга ажилладаг болов. Хүчний байгууллагынхны энэ ажиллагаанаас харахад ЖДҮ тойрсон улс төрийн цаад жинхэнэ зорилгыг тааж ядах юм алга. ЖДҮ-тэй зэрэгцэн хэн ил гарав гэдэг ч бас анхаарал татаж байна.
Бүрэн эрх нь дууссанаас хойш хааяа нэг казино тоглож, Азийн наадам, урлагийн тоглолт үзэж харагдахаас өөрөөр чимээгүй байсан Ц.Элбэгдорж бүтэн нэг цагийн турш facebook-ээр live хийв. Бас л шударга ёсыг нэхлээ. Энэ бүхний уялдааг цааш ухъя л даа.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа АТГ-ын даргад Х.Энхжаргалыг зүтгүүлж, Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг одоогийн УИХ-ын дарга М.Энхболдтой хамтран томилж байлаа. Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёр бол улс төрд МАНАН татуулсан загалмайлсан эцгүүд гэдгийг уншигчид хэдийнэ мэдэх биз ээ. Улс төрд хашиж буй албан тушаалаараа халхавчлан аль ашигтай бүхнийг аргандаа оруулсан тэд нам өөр ч түрийвч нэгтэй гэдэг нь нэгэнт ил болсон. Улс төрийн ийм хоршил Улсын ерөнхий прокурор, АТГ-ын даргыг өөрсдийн хүнээр томилуулснаар хулгайгаа нуух хууль хүчний хамгаалалтаа хэдийнэ бүрдүүлж чадсан гэхэд болно. Дээд шүүхийн дарга, Захиргааны хэргийн танхимын тэргүүн ч бас Ц.Элбэгдоржийн хүмүүс. Нэгэнт ингэж хүчний байгууллагаар халхавч хийж чадсан тэд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах хөзрөө дэлгэсэн нь ЖДҮ юм. Учир нь, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор МАНАН бүлэглэлийн маш том хулгайнууд ил гарч эхэлсэн. АСЕМ нэрээр төрөөс хуссан 14.8 тэрбумын хэрэг, “Эрдэнэт”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд хулгайлж авч өгсөн хэрэг, Оюутолгойн Дубайн гэрээний луйвар гээд МАНАН бүлэглэлийн маш том хулгайг тэдний үед л илчилсэн. Иймээс л Х.Баттулгын Хүнс, хөдөө аж ахуйн сайд байхдаа зувчуулсан хэргүүдийн зах зухаас, У.Хүрэлсүхийн Засгийн газрын зарим сайдын бантагнуулсан ЖДҮ-ын булхайг ил гаргаж байгаа бололтой. Гэхдээ тэдний хамгийн эцсийн зорилго нь ЖДҮ-ээс зээл авсан албан тушаалтнууд биш юм. Тавантолгойг МСS-т өгөх гэхэд саад болж, олон улсын хөрөнгийн биржээр дамжуулан мөнгө босгох, том төслүүдээ хөдөлгөх,  иргэдэд ноогдол ашиг өгөх гээд буй Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын төлөвлөгөөг тас цохин, нэр хүндийг нь унагах, улмаар Засгийн эрхээс зайлуулах нь ТОМ ХУЛГАЙЧ нарын гол зорилго. Үнэндээ бол хулгайлж болох бүгдийг хулгайлсан тэд одоо МОНГОЛ ТӨРийг хулгайлахаар ажилдаа орлоо. ЖДҮ-гээр далимдуулан Засгийн газрыг унаган төрд эргэн ирэхээр санаархсан тэд аль хэдийнэ өөрсдийн утсан хүүхэлдэйнүүдээ удирдаад эхэлжээ. Сайдаас буусан хорсол нь цээжинд нь шатсаар яваа Ж.Мөнхбат нарын тоглоомын хүүхэлдэйнүүд өөрийнхөө толгой дээрх бухлыг харагүй шударга ёс шаардан ярьж, эхнээсээ онигоонд ороод буй. Харин бодлого боловсруулагч томчууд нь гэвэл  Ми, Эби хоёр дээр Оюутолгой, Дубайн гэрээ, “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр хамтарсан С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар нэмэгджээ. Миеэ, Эби нарын мэдлийн АТГ тэднийг шалган, сар хагас “Ганцад” суулгах хугацаандаа томчууд тохироогоо хийсэн, эсвэл угаасаа л тэд нэг баг учраас Х.Энхжаргалыг байгаа дээр нь хэргээ шалгуулсан дүр үзүүлээд нийгмийн бухимдал, галыг намжаах тактик хэрэглэсэн гэдэг нь маш тодорхой болж байна. Дахин хэлье, өмнө нь АСЕМ-ыг, Оюутолгойг, Эрдэнэтийн 49 хувийг хулгайлсан бол МАНАН бүлэглэл иргэдэд үлдсэн цор ганц баялаг Тавантолгойг, Монгол төрийг хулгайлахын тулд дахин хөдөлж эхэллээ.  

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна