МАН-ын бүлэг даргаа огцруулна

2018/11/13
МАН-ын Удирдах зөвлөлөөс өчигдөр нэр бүхий гурван албан тушаалтандаа хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний нэг нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулсан явдал байлаа.

Өнөөдөр тус бүлэг эл асуудлыг эцэслэнэ.

Эрх барьж буй хүчний УИХ дахь намын бүлэг нь мөнхийн зодоонтой байгаа нь удирдлага ажлаа хийж чадахгүйг л илтгэсэн хэрэг. Аль ч нам Засгийн эрх барихад УИХ дахь намын бүлэг нь түшиг тулгуур болж, бодлого зорилтыг нь дэмжин, УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хүч нь болдог. Харамсалтай нь, өнөөдрийн эрх баригч намын бүлгээс ийм тактик хийхээ байгаад удаж буй. Харин ч бүлгийн дарга нь хүний өөрийн намынхантай үгсэн хуйвалдаж, Засгийн газраа унагахаар хор найруулж яваа л дуулддаг. Өчигдөр тэрбээр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийх үеэрээ юун гуя гэдэг шиг өөрийгөө бариад өгнө билээ.
Уг нь ард түмэн 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-д 65 суудал өгсөн. Гэтэл өнөөдөр 32, 32-оороо талцан, хэрэлдэж суугаа нь бүлгийн дарга нь ажлаа хийж чадаагүй, эв нэгдлийг хангаж чадаагүйн илрэл юм.

Бүлгийн дарга бол гишүүдийнхээ эв нэгдлийг хангагч субьект болохоос биш хор найруулж, хов базаж, албан тушаал бүрийн төлөө улайрч явдаг албан тушаал биш. Шаардлага гарахад гал руу ч ороход бэлэн тийм л хүн бүлгийг удирддаг.

Эрх барьж чаддаггүй гээд шоолуулаад байдаг Ардчилсан намын бүлэг ч өнгөрсөн дөрвөн жилд өнөөгийн МАН-ын бүлэг шиг доройтоогүй юм. Ямар ч асуудал гарсан, ямар ч маргаан дэгдсэн халуун тогоон дотроо хэлэлцэж, Засгийн газраа тууштай ажиллуулахын төлөө УИХ-ын даргадаа хүртэл дунд хуруу үзүүлж явсан.

Гэтэл МАН-ын бүлгийн дарга бүлэгтээ эв нэгдлийг хангах нь байтугай “Би үхэхээр чи үх” гэдэг зарчим барьж байна.

Бас болоогүй ээ, Жижиг, дунд үйлдвэрлэл/ЖДҮ/-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй нэр холбогдчихсон тууж явж л “Засгийн газар хулгайч нартаа хариуцлага тооц” гэх. Засгийн газрын зүгээс алдаа гаргасан сайддаа хариуцлага тооцохоор болж, Хүнс хөдөө аж ахуйн сайдаас Б.Батзоригийг огцруулах асуудлыг УИХ-д оруулахаар “хулгайчийг бариарай” гээд хамгийн томоор хашгирсан бүлгийн дарга өмгөөлж кноп дарсан. ЖДҮ-ийн зээлийн асуудлыг шийдээд өгөөч гэсэн хүсэлт надад ирсэн гэдэг зүйл хүртэл яриад сууж байсныг санах нэг нь санах л болов уу.

Одоо МАН бүлээн цустай, бүтэн үлдье гэвэл бүлгийн даргаа чөлөөлөх нь хамгийн зөв алхам юм. Цаг алдах тусам улам илүү ихийг алдана.

Хэдийгээр МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь шинээр сонгогдсон ч 64 гишүүнийг багцлаад, удирдаад явчих боловсон хүчин хангалттай бий. Зүрхтэй, зоригтой, Засгийн газрын бодлого үйл ажиллагааг дэмжээд ажиллах тийм л хүнээр бүлэг удирдуулж байж, ажил урагшилдаг болохыг үе, үеийн Засгийн газрын түүх харуулдаг.

Түүнээс хүч нь болох ёстой, бүлэг нь Засгийн газраа дэмжихгүйгээр, бүлгийн дарга нь Ерөнхий сайдынхаа эсрэг, танхимынхаа эсрэг ажилладаг байгаа цагт хэчнээн төрд, намдаа шударга ёс тогтоох гээд амжилт олохгүй. Иймээс Ерөнхий сайд Удирдах зөвлөл дээр гаргасан шийдвэрээ бүлгээрээ хамгаалуулаад, цаана нь гарах нь ард түмэнд ч хэрэгтэй.
Засгийн газраас иргэд шударга ёс, бүтээн байгуулалт нэхэж байна.
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна