Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас 2016 оны үнэлгээнд үндэслэн Монгол Улсыг “Саарал” жагсаалтад оруулах хугацаатай анхааруулга өгөөд байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн талаар Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын дарга Б.Батзоригтой ярилцлаа.
-Мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх талаар сүүлийн үед эрчимтэй ярьж эхэллээ. Ер нь мөнгө угаах, терроризмын санхүүжилт гэж юу вэ?
-Дэлхийн даяар 80 их наяд ам.доллар хар мөнгө эргэлдэж байдаг. Гэмт хэрэг, авлига дээрэм тонуул гэх мэт хууль бусаар олж авсан мөнгийг хар мөнгө гэж үздэг. Энэ мөнгө бохир, хууль бус хэлбэрээрээ ямар нэг байгууллага руу орвол шууд ил болно. Тиймээс санхүүгийн байгууллагуудаар дамжуулан хувиргаж, хууль ёсны мэт зарцуулна эхэлдэг гэсэн үг. Үүнтэй тэмцэх хамгийн цогц арга банк, санхүүгийн системээр дамжиж буй сэжигтэй гүйлгээ мэдээлдэг болох арга юм. Мөн санхүүгийн байгууллагуудын хувьд харилцагчаа таньж мэдэх шаардлага үүсэж байна.
-Үүрэг хүлээсэн байгууллагууд сэжигтэй гүйлгээг бусад гүйлгээгээс хэрхэн ялгаж мэдээлдэг вэ. Манайд ийм эрх зүйн орчин болон нөхцөл бололцоо нь бүрдсэн үү?
-Үүнийг манайд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулиар зохицуулж өгдөг. Уг хуулийн дагуу банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгал, үнэт цаасны компаниуд, хөрөнгө оруулалтын сан, хадгаламж зээлийн хоршоо, үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт чулуу, үнэт металлын арилжаа эрхлэгчид, нотариат, хуульч, нягтлан бодох бүртгэл болон санхүү менежментийн зөвлөхүүд сэжигтэй гүйлгээг мэдээлэх үүрэг хүлээдэг.
Өөрөөр хэлбэл, эдгээр салбарын аж ахуйн нэгжүүдээр их хэмжээний мөнгөн хөрөнгө дамжих магадлал өндөр учраас сэжигтэй гүйлгээг Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны мэдээлэх хариуцлага хүлээж байгаа юм. Иргэд санхүүгийн байгууллагуудаар үйлчлүүлэхэд тухайн байгууллагын ажилтан бичиг баримтыг нь шалгахаас авахуулаад хяналт тавих үүрэг хүлээдэг. Тухайлбал, санхүүгийн харилцаа үүсэх буюу анх удаа тухайн байгууллагаар үйлчлүүлж байгаа тохиолдолд нарийвчлан бүртгэж авдаг. Мөн бэлэн бусаар 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээ хийхэд анхааран авч үзэж байгаа. Эсвэл 24 цагийн дотор 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээг олон удаа хийж байгаа тохиолдолд сэжигтэй гүйлгээ мөн эсэхийг шалгуулахаар мэдээлдэг.
Иран болон Хойд Солонгос улсын иргэд Монгол Улсын санхүүгийн байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд бүх мэдээллийг нь шаардаж авна.
Харилцагч тухайн байгууллагад өгч буй мэдээллээ худал өгөх зэргийг авч үзэж ч болно. Дээрээс нь НҮБ-аас гаргадаг мөнгө угаах, терроризмтой тэмцэх жагсаалтад багтсан улсын иргэн, аж ахуйн нэгжтэй санхүүгийн харилцаа тогтоож байгаа бол сэжигтэй гүйлгээнд тооцож байна. Одоогийн байдлаар Иран болон Хойд Солонгос улсын иргэд Монгол Улсын санхүүгийн байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд бүх мэдээллийг нь шаардаж авна. Зарим тохиолдолд өндөр эрсдэлтэй гэж хуульд заасан хүмүүс байдаг. Энэ нь ямар хүмүүс вэ гэхээр улс төрд нөлөө бүхий этгээдүүд юм.
-Улс төрд нөлөө бүхий этгээдүүд гэхээр манай улстөрчид болж таарах нь ээ?
-Жишээлбэл, улс төрд бүхий Баатар гэдэг хүн 100 сая төгрөгөөр байшин худалдаж авах, аль нэг арилжааны банкаар 100 сая төгрөгийн гүйлгээ хийхдээ өөрийгөө батлах бичиг баримтаа буюу удирдах алба хашиж буйгаа батлах үнэмлэхээ шалгуулж үйлчлүүлэх үүрэг хүлээнэ. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.9.1-д улс төрд нөлөө бүхий этгээдийг өндөр эрсдэлтэй харилцагчийн нэгэн адил тооцохоор хуульчилсан. Тийм болохоор улстөрчид, эрх мэдэлтэй албан тушаалтнууд санхүүгийн байгууллагын ажилтнуудтай хүндэтгэлтэй, соёлтой харилцаж байхыг зөвлөж байна.
Тэд хуулиар хүлээсэн үүргээ л биелүүлэн ажиллаж байгаа хүмүүс. Ингэж санхүүгийн бүх мэдээллийг мэдээлдэг болохоор ямар ч гэмт хэрэгтэн гишгэх газаргүй болно. Энэ бол муу гээд онцолж шалгана гэсэн үг биш хуулийнхаа дагуу мэдээлэх үүрэг хариуцлагаа үүрэх арга хэмжээ.
-Олон нийтийн хандлагыг харж байхад 20 сая төгрөг гэсэн босгыг өндөрсгөх талаар байр сууриа илэрхийлэх нь олширсон байна лээ. 20 сая төгрөгийн босгыг юунд үндэслэн тогтоодог вэ?
-Олон улсын жишиг нь ийм юм билээ. Монгол Улс тэр дагуу явж байгаа.
-Валют арилжааны цэгүүдэд мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавьж эхэлнэ гэсэн үг үү?
-Хуулийн дагуу хяналт тавьж ажилладаг. Банкаар үйлчлүүлэх иргэд иргэний үнэмлэхээ үзүүлэхэд төвөгшөөж хүндрэл учруулж байсан нь саяхан. Валют арилжааны цэгээс валют солихдоо иргэний бичиг баримтаа үзүүлэх хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг эрчимжүүлж эхэлсэн. Иргэдэд энэ чиглэлийн мэдээлэл хүргэх, банк бус санхүүгийн байгууллагуудад шаардлага, зөвлөмж хүргүүлэх ажил хийж байна.
-Олон улсын байгууллагуудын зүгээс нэг биш нэлээд олон шаардлага тавьсан байсан. Манайхан өнгөрсөн хугацаанд мөнгө угаах, терроризмын санхүүжилтийн эсрэг үйл ажиллагаандаа ахиц гаргав уу?
-Дэлхий даяар хэр хэмжээний хар мөнгө эргэж байгааг ярилцлагынхаа эхэнд дурдсан. Харин тэр мөнгийг хаанаас ч юм Монгол руу оруулахгүй гэх баталгаагүй. Тиймээс манайхыг олон улсын стандартад нийцсэн адил хатуу хяналттай бол гэдэг шаардлагыг л тавьж байгаа. Энэ хүрээнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульдаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд өөрчлөлт оруулж, шинэ горимоор ажиллаж эхлээд байна. Уг хуулиар банк, санхүүгийн байгууллагууд, валют арилжааны цэгээр үйлчлүүлэхдээ иргэний үнэмлэхээ шалгуулах шаардлагатай болсон. Санхүүгийн зохицуулах хорооноос ч энэ шаардлагыг тавьж байгаа.
Манайд хойд, урд хоёр хөршид валют арилжаа хийх бол өөрийнхөө гэрчлэх бичиг баримтаа шалгуулдаг. Мөнгө угаах, терроризмын санхүүжилтийн эсрэг үйл ажиллагаандаа ахиц гарсан эсэхэд хариулахын тулд тоо баримттай хэлэх нь зүйтэй байх. 2018 оны III улирлыг өмнөх онтой харьцуулаад үзэхээр Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын байгууллагууд Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлэх мэдээлэл гурав, гадаад төлбөр тооцооны тухай мэдээлэл хоёр дахин өссөн бол бэлэн мөнгөний гүйлгээний талаарх мэдээлэл бараг 4,000 орчмоор нэмэгдсэн байна. Эдгээр тоон үзүүлэлтээс мэдээлэх үүрэгтэй этгээдүүд үүргээ хэрхэн биелүүлж байгааг харж болно.
-Хорооны зохицуулалтад хэдэн мэдээлэх үүрэгтэй байгууллага байдаг вэ?
-Ерөнхийдөө 540 орчим банк бус санхүүгийн байгууллага, 17 хөрөнгө оруулалтын сан, даатгалын 135, 180 орчим үнэт цаасны компани, 290 орчим хадгаламж зээлийн хоршоо байгаа. Үүнээс гадна 5,000 гаруй үл хөдлөх зуучлалын компани бүртгэлтэй байна.
-Санхүүгийн зохицуулах хороо харьяа салбартаа мөнгө угаах, терроризмыг санхүүжилтийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж байгаа бол?
-Хорооноос өнгөрсөн зургаа болон долоодугаар сард улсын хэмжээнд зохицуулах үүрэг бүхий салбарын аж ахуйн нэгжүүддээ мэдээлэх үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаарх хяналт шалгалтаа хийсэн. Энэ үеэр тухайн байгууллагад мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх тусгайлсан нэг ажилтан томилох шаардлагатай байдаг, түүнийгээ томилсон. Мөн тухайн компани мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх дотоод хөтөлбөртэй, дотоод журамтай байдаг. Тэгэхээр хяналт шалгалт хийх хугацаандаа бүх байгууллагад сургалт явуулж гарын авлагатай боллоо.
5,000 гаруй үл хөдлөх зуучлалын компани бүртгэлтэй байна.
Өмнө энэ талын ойлголт их муу байсан учраас мэдээлдэггүй байсан юм билээ. Одоо бүх байгууллага мэдээлэх үүргээ биелүүлж байна. Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд мэргэжлийн таван холбоо энэ чиглэлээр сургалт явуулах боломж бүрэн бүрдсэн. Түүнчлэн хяналт шалгалтын ажлаа эрчимжүүлэхээс гадна эрсдэлд суурилсан хяналт шалгалтад шилжих алхмыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Ингэснээр бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаа явуулж байхад нь шалгах, дуудах зэрэг асуудал эрс багасна. Энэ чиглэлээр журмаа батлан, эрсдэлийн үнэлгээг бүх салбартаа хийчихлээ.
Зайнаас хяналт хийх программ хангамж боловсруулах ажил эхэлж байна. Эцэст нь санхүүгийн салбарын комплаенсыг шинэ шатанд гаргах шаардлага байгаа нь эрсдэлийн үнэлгээ, шалгалт хийх, сургалт зохион байгуулах явцад харагдсан. Энэ чиглэлээр бид мэргэжлийн таван холбоотой хамтран ойлголтоо нэгтгэн “Санхүүгийн салбарын комплаенс-2018” форумыг зохион байгуулах гэж байна.
Санхүүгийн салбарт комллаенс сайжирснаар банк санхүүгийн байгууллагуудын эрсдэлийн түвшин буурч улмаар комплаенсынх нь зардал буурах сайн талтай. Мэдээж мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажил цоо шинэ шатанд гарах юм. Түүнчлэн компанийн засаглал, ёс зүй гэх мэт олон асуудлыг нэг мөр шийдэх боломж бүрдэнэ. Үүнд даатгал, үнэт цаас, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын холбоод хамтран ажиллаж байна.
-Монгол Улс ирэх нэгдүгээр сард бохир мөнгөний урсгалын боомилох чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээрээ Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгуул-лагад тайлан өгөх байх аа?
-Олон улсын байгууллага 2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны харьяа салбарт үнэлгээ хийгээд, хэд хэдэн зөвлөмж ирүүлсэн. Тэр үед мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх ойлголтгүй байна гэж дүгнэсэн. Хоёр жилийн өмнө ямар ч ойлголтгүй байсан бол одоо бүгд мэднэ. Мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх бидний хийсэн ажлын үр дүн энэ юм даа. Дээрээс нь олон нийт мэдэхгүй байна гэдэг асуудал гарсан байдаг юм. Энэ чиглэлээр дан ганц Санхүүгийн зохицуулах хороо биш Монголбанк, цагдаа, тагнуул гэх мэтээр улсаараа ажиллах шаардлагатай. Өнгөрсөн хугацаанд өөр өөрсдийн хариуцсан чиглэлээр олон нийтийг энэ чиглэлээр мэдлэгжүүлэх ажлаа хийлээ. Санхүүгийн зохицуулах хорооны хүний нөөц хомс. Гэхдээ бид бэрхшээл тоочилгүй мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх чиглэлээр ажиллаж үүрэг хүлээсэн.
-Монгол Улс өнгөрсөн дөрөвдүгээр сард Мөнгө угаах, терроризмын санхүүжилттэй тэмцэх тухай хуульдаа өнгөрсөн дөрөвдүгээр сард өөрчлөлт оруулсан талаар дээр дурдсан. Тухайлбал, ямар өөрчлөлт орсон бэ?
-Мөнгө угаахтай холбоотой суурь гэмт хэргүүд гэж байдаг. Тэр гэмт хэргүүдийг өршөөлд хамруулахгүй байх эрх зүйн үндэс бий болсон. Авлига, албан тушаал болон зохион байгуулалттай гэмт хэргүүд үүнд хамаарч байгаа. Авлига, албан тушаал болон зохион байгуулалттай гэмт хэргүүдийг өршөөчихөөр мөнгө угаах нь давхар өршөөгдчихөж байгаа юм.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл бичигдээгүй байна