Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охины “тансаглал”-ын дуулиан шуугиан эцэстээ Засгийн газрыг огцруулах шаардлага болж хувираад байна.
Улс орны хөгжлийг он удаан жил хойш татсан мега төслүүдийг хөдөлгөж эхэлсэн энэ цаг үед үүссэн энэ асуудлын ард МАН-ын томчуудын “зодоон” өрнөж буй нь ч нууц биш юм.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүд, Засгийн газрын зарим сайд нар ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд
"ХҮН нам бол хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүн хэсэг. Иргэдийн улс төрийн мэдлэг муу байна. АН, МАН, ХҮН нам нийлээд тулгамдсан асуудлаа шийдье гээд зоригтой ажиллаж байна.
Ер нь улс эх орны аливаа том төслүүд урагшлахаар өөр элдэв жагсаал цуглаан, үйл ажиллагаанууд дандаа болдог. Яах вэ орлогоо нотол гэдэг зарчим нь зөв. Гэхдээ том төслөө явуулах ёстой шүү дээ.
Хил холболтын асуудал яригдах тоолонд Засгийн газар огцор гэж жагсдаг. Энэ удаад ч адилхан байна. Яагаад заавал энэ өдөр тэр асуудлыг гаргаж ирж байгаа юм.
Би Л.Оюун-Эрдэнийг худлаа ярьж хулгай хийдэг хүн гэж бодохгүй байна. Л.Гантөмөрийг ч бас. Ерөнхий сайд өөрөө тайлбар хийх байлгүй дээ" гэв.
УИХ-ын гишүүн, Шадар сайд Л.Гантөмөр
Улс төрчдийн үр хүүхдээр улс төр хийх шиг бузрын юм байхгүй. Энэ бол хамгийн адгийн улс төр шүү дээ. Манай үр хүүхэд рүү ч гэсэн баахан дайрсан. Насанд хүрсэн хүмүүсийг бид яаж хариуцах юм.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр
Ерөнхий сайдад тавьж байгаа залуусын шаадлага бол зүй ёсны асуудал. Угаасаа хуулиараа төрийн өндөр албан тушаалтан орлогоо хуулийн дагуу мэдүүлж байх ёстой. Хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөвөөр бөглөх ёстой.
Хэрвээ буруу мэдээлэл өгсөн бол зөрчлийн хуулир шийтгүүлдэг. Тэгэхээр энэ бол зүй ёсны шаардлага. Зөвхөн Ерөнхий сайдад тавьж байгаа шаардлага ч биш.
Эцэг хүний хувьд ч тэр эрх бүхий төрийн өндөр албан тушаалтны хувьд ч тэр байр сууриа илэрхийлэх байх.
Нам дагасан нөхдүүд үеийнхнээсээ хол тасраад явчихдаг шүү дээ. Энэ заваан тогтолцоог эвдэх ёстой.
УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд О.Алтангэрэл
Улстөрчдийн хүүхдүүдийн тансаглалтай холбоотой асуудал их гарсан. Үүнээс салах нэг арга байна л гэж би сүүлийн таван жил ярьж байгаа хүн шүү дээ. Улс төрийн өндөр албан тушаал хашсан бол орлогоо нотол. Мөнгө өөрөө мөртэй.
Орлого нь хууль бус байх юм бол хурааж авъя гэдэг зүйлийг л ярьж байгаа. Энэ хуулийн төслөө УИХ-д хүргүүлчихсэн хүлээж байгаа. Энэ асуудлыг бүрэн цогцоор нь шийдэх ёстой.
Энэ асуудлыг Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаан дээр дэмжээд УИХ руу оруулсан. Энэ хууль бүх хүнд үйлчилнэ. Хуулийн төсөл ингэж л явна. Ерөнхий сайд өөрөө тайлбар хийх байх.
УИХ-ын гишүүн, ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан
Би хариуцлагатайгаар хэлье. Дэлхийн нийтээрээ өнөөдөр буюу тавдугаар сарын 15-ны өдрийг гэр бүлийн өдөр гэж тэмдэглэдэг. Жил бүр Монгол Улс энэ өдрийг тэмдэглэдэг.
Өчигдөр залуус жагсаал зохион байгууллаа гээд өнөөдрөөс сарниулахын тулд асар засч арга хэмжээ хийгээгүй. Энэ бол олон сарын өмнө төлөвлөгдсөн ажил.
Хүн ер нь хууль ёсныхоо орлогоор лаагаа авна уу луувангаа иднэ үү өөрийнх нь асуудал биз дээ. Би улс төрч хүний хувьд нэг зарчим барьдаг. Би хүний түрийвч, хөнжил, ул руу шагайдаггүй тийм л хүн.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу
Ерөнхий сайдын хүүгийн талаар олон мэдээлэл явлаа шүү дээ. Гэхдээ зөвхөн үүнээс болж залуус эсэргүүцэж жагсаж байна гэж бодохгүй байна.
Өнөөдрийг хүртэл бид юуг туулж яваа билээ, цалин орлого ямар байгаа билээ гэх мэт олон зүйлээс шалтгаалсан бухимдал дээд цэгтээ хүрч тэсэрч байна л гэж бодож байна. Энэ бол органик жагсаал.
Яг л өөрсдөө үзэл бодлоороо цугларсан залуус байна лээ. Гэхдээ жагсаалыг бусниулах гэсэн олон хүн явуулж байна лээ. Манай Монголчууд нэг үеэ бодвол их хэрсүү болж, тэр хүмүүст автахгүй байна.
Талбай дээр жагсаал зохион байгуулна гэсэн сургаар баахан асар барьж номын баяр зохион байгуулж байна. Энэ бүх үйлдэл чинь байж боломгүй байгаад байна.
Ер нь жагсаал санаачилсан залуусыг сошиалаар дүүжлээд эхэлдэг. Залуусыг сошиалаар дүүжлүүлэхийг нь хараад чимээгүй суувал цаашид үзэл бодлоо илэрхийлэх хүнгүй болоод эхэлдэг.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар
Хүмүүсийн асуугаад байгаа энэ асуудал дээр Ерөнхий сайд тайлбар өгөх ёстой. Зөв ч бай буруу ч бай, сайн ч бай муу ч бай ерөөсөө зугтаж гүйх шаардлага байхгүй. Ерөнхий сайд эхлээд хариултаа өгөөд түүнийх нь дараа хариуцлагын асуудал яригдах ёстой.
Орлогоосоо давсан хэрэглээтэй бол түүнийгээ ямар арга замаар яаж олж авсан бэ гэдгээ илэн далангүй нээлттэйгээр хариулах үүрэгтэй.
Ерөнхий сайд энэ долоо хоногт багтааж тайлбар тавих ёстой. Үгүй бол бид шаардлага тавина.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа
Аливаа улстөрчдийн дайралт бол үр хүүхэд рүү орно гэдэг бол бохир улстөр.
Тэр насанд хүрсэн хүү өөрийн гэсэн ажил орлогогүй бол аав ээжээсээ авсан юм уу, коиноор баяжсан юм уу, ах дүү хамаатан саднаасаа авсан байж болно. Тэрийг нь нотлох хэрэгтэй. Аливаа асуудалд ул суурьтай хандах нь чухал.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.163.201
Энэ А.Ариунзаяа гэгч юу ч яриад байгаан? Тавхан үгнээсээ өөрийгөө сайн таниуллаа. Төрийн сэнтийнээс сайдтайгаа хамт бууна уу, та.
Хариулах122.201.31.85
Гантөмөр Доожгой хоёр бол эзнээ хамгаална хэрвээ том ахыхаа өмнөөс цор цор хийвэл бысдагаараа эргэж гудамжинд лааз ч өшиглөж чадахгүй болно шүү.
Хариулах