ОХУ-Украины хэлэлцээр өнөөдөр эхлэх эсэх нь эргэлзээтэй байна

Х.Батсайхан
6 цаг 55 минутын өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч В.Зелинський нар өнөөдөр Туркийн Станбулд уулзаж энхийн яриа хэлэлцээр эхлүүлэх талаар бид өнөө өглөө мэдээлсэн билээ. ОХУ, Украины ард иргэд, цэрэг арми тэр чигээрээ энэ хэлэлцээрт найдлага тавьж, дайныг дуусгах эхлэлийг тавих болов уу гэж итгэн хүлээж байсан. Тэгвэл хэлэлцээрийн үр дүн хүлээсэн хэмжээнд байхгүй байх магадлалтай мэт дүр зураг үүсгэсэн мэдээллүүд Станбулаас цацагдаж байгаа талаар одоо та бүхэндээ мэдээлэл хүргэе.

Бид өглөөний мэдээлэлдээ ОХУ, Украины төлөөлөгчдийн багт багтсан албан тушаалтнуудыг танилцуулсан. Түүнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины нэр байсан. Тэгвэл дараахан нь ОХУ-ын тал Ерөнхийлөгчөө Станбулын уулзалтад оролцохгүй гэж мэдэгджээ.

Тодруулбал, В.Зелинськийтэй хэлэлцээр хийх ОХУ-ын төлөөлөгчдийн түвшин хүлээж байснаас маш доогуур байгаа талаар Украины хэвлэлүүд мэдээлж байна.

Мөн “Ер нь хэлэлцээр эхлэх эсэх нь эргэлзээтэй байна” гэсэн мэдээлэл ч гарсан аж.

Уг нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Ойрхи Дорнодын улсуудад айлчлал хийж яваа бөгөөд Станбулын уулзалтаар нөхцөл байдлыг эерэг тал руу нь өөрчлөх ахиц гарсан тохиолдолд баасан гарагт шууд Станбулд очно гэж мэдэгдээд байсан юм.

Энхийн хэлэлцээр бүхний анхаарлын төвд байгаа энэ үед ОХУ, Украины арми тулалдсаар, хүний амь нас үрэгдсээр байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна