-Монголын баялаг монголчуудын асуудлыг шийдэхэд зориулагдах ёстой-
Төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц тогтоосон ордуудыг мэдэлдээ авч байгаа билээ. Энэ нь хуримлагдсан асуудлуудаа аажмаар шийдээд явах боломжийг монголчуудад өгч байгаа нь дамжиггүй. Гэхдээ үүнээс гадна өөр бас нэг боломж байгаа нь Value exchange буюу баялгийн солилцоо юм.
Баялгийн солилцоо буюу төлбөрийг нь түрүүлж авч, хожим нь баялгаар эргүүлж төлөх энэ арга баялагтай талдаа ч, авч байгаа талдаа ч ашигтай байж болдог. Баялагтай тал нь хугацаа хождог бол нөгөө тал нь эдийн засгийн ашиг гаргана. Ингэснээр баялгийг аль болох хурдан эргэлтэд оруулж, аяндаа явбал олон жил үргэлжлэх тулгамдсан асуудлуудаа хурдан хугацаанд шийдэх боломжтой болох юм.
Энэ боломжийг Биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар бий болгох гэсэн ч УИХ буцаасан. Одоо бие даасан хуулийн төсөл болж орж ирэх сураг байна. Байгалийн баялаг ихтэй манай улсын хувьд, тэр тусмаа өмнө нь нэг удаа хэрэгжүүлж /Салхитын мөнгөний орд, шинээр баригдсан төмөр замууд/, иргэд ч улс орон ч үр шимийг нь мэдрээд үзчихсэн гэдэг утгаараа энэ бол үнэхээр бидний хувьд том гарц байж болно. Гагцхүү хууль эрхзйн орчныг нь бүрдүүлж, ил тод явах чухал байна.
Баялгийн солилцоо гэж юу вэ
Баялгийн солилцоо байгалийн баялагтай боловч эргэлтэд оруулах эдийн засгийн нөөц бололцоо хомс улс орнуудын хувьд үнэхээр том боломж гэдгийг эхлээд хэлэх хэрэгтэй. Энгийнээр тайлбарлавал, түншээсээ их хэмжээний мөнгө түрүүлж аваад дараа нь баялгаараа буцааж төлнө гэсэн үг. Ингэснээр баялаг эзэмшигч улс цаг хожиж, хөгжлөө түргэсгэх том давуу талыг олж авдаг бол хөрөнгө гаргасан тал мөн өөрт ашигтай нөхцлийг гэрээнд тусгуулснаар аль, аль тал нь сэтгэл хангалуун үлддэг юм.
Газрын тосны асар их баялагтай Арабын улсууд эхний ордуудаа эргэлтэд оруулахдаа яг энэ аргыг ашигласан байдаг.
Тэгвэл яг энэ аргыг ашиглах түүхэн цаг хугацаанд монголчууд бид тулж ирээд байна.
Бидэнд цаг бага байна
Засгийн газраас дэвшүүлсэн Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, эдийн засгийн аюулгүй байдлаа хангахад чиглэсэн бүтээн байгуулалт, 14 мега төсөл бүгд өмнө нь эхлүүлсэн ч ямар нэгэн байдлаар зогсдог байсан төслүүд. Шуудхан хэлэхэд, гаднын ашиг сонирхлоор зогсоогддог байсан байх өндөр магадлалтай ажлууд. Өмнө нь өчнөөн жил хэрэгжээгүй байж байгаад одоо боломжтой болсон нь биднээс биш олон улсын нөхцөл байдлаас болж байгаа.
Тодруулбал, яг одоо өрнөж байгаа хоёр туйлын тэмцэл, тэдний урьд өмнө гадаад бодлогодоо баримталж байсан бодлогын зөрүүнээс үүдэлтэй. АНУ бүс нутаг бүрт нэг улсыг холбоотноор сонгож, тултал нь хөгжүүлэн тухайн бүс нутагтаа тэргүүлэгчийн байр сууринд аваачих замаар нөлөөгөө тогтоодог бол ОХУ ямар нэгэн салбарынх нь хөгжлийг тогтоон барьж, өөрсдөө хангах замаар нөлөөгөө тогтоохыг эрмэлздэг. Яг талцаад ирэхийн цагт энэ бодлого нь гай болж мэдэх учраас боломж олгож байгаа гээд хэлчихэд хол зөрөхгүй. Муу ёр, гэхдээ өөрсдөөрөө жишээ авахад, ОХУ өөрсдөө эвгүйтээд бидэнд шатахуун, эрчим хүч нийлүүлж чадахаа байлаа гэхэд Монгол уначихна. Хөрш холбоотон биш дайсан нь болж хувирна. Ийм учраас л нөлөөний бүсдээ байлгахыг хичээдэг улс орнууддаа бага зэрэг боломж олгож байна. Гэхдээ түрүүнд хэлсэнчлэн, биднээс шалтгаалахгүйгээр эхэлсэн энэ чөлөө биднээс хамаарахгүйгээр дуусна, хэзээ гэдгийг бид мэдэхгүй. АНУ, ОХУ сүжирч, тив, тивдээ ноёрхохын төлөө өрсөлдөх эрхийг нэг, нэгэндээ олгож байгаа энэ үед эрх чөлөө ер нь л дуусах тийшээ хандана. Тиймээс бид яарах ёстой.
Бидэнд туршлага бий
Монголын төр хятадуудын мэдэлд оччихоод байсан Салхитын мөнгөний ордыг мэдэлдээ авч бонд болгоод дотоодын банкуудад арилжиж тэтгэврийн зээлийг тэглэсэн туршлага бий. Ашигт малтмалын лиценз гэх цаасны ард ямар их баялаг байдгийг монголчууд тэр үед мэдэж авсан. Тэгвэл энэ жишгээр “Салхит II”, “Салхит III”-ыг олох нь бидний нэг боломж байж болно. Өөрөөр хэлбэл, төр өөрийн мэдэлд байгаа жижигэвтэр ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулаад метро, утаа, орон сууцжуулах, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгалын нэрийн дансыг мөнгөжүүлэх зэрэг ажлыг хийнэ гэсэн санаа юм.
Монголын баялаг монголчуудын бэрхшээлийг шийдэхэд зориулагдах ёстой
Бидний одоо амсаж байгаа зовлон үндсэндээ эдийн засгийн өсөлт нь хүн амын өсөлтөө гүйцэхээ байсантай холбоотой гэдэгтэй олонх нь санал нийлдэг. Баялгийн хуваарилалт, далд эдийн засаг ч энд яригдах ёстой байх. Гэхдээ юу үнэн бэ гэвэл бид асуудлаа шийдэх ёстой.
Монголд төсвийн мөнгөөр шийдэх боломжгүй, том эх үүсвэр, тогтвортой санхүүжилт шаардсан ажлууд бий. Жишээ нь, Нийгмийн даатгалын нэрийн дансыг мөнгөжүүлэхэд 14 их наяд төгрөг буюу дөрвөн тэрбум ам.доллар хэрэгтэй. ЭНэ бол нэлээд хуучирсан тоо гэдгийг хэлэх нь зөв болов уу. Олоод хийчихвэл ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгал төлдөг хүн бүрт маш олон давуу тал бий болж, амьдралын чанар нь эрс дээшлэх, эргээд даатгал төлөх эрмэлзэл төрүүлж, шимтгэлийн бааз суурь нэмэгдэх гэх мэт эерэг нөлөөтэй ч “Төсөв даахгүй” гэдэг шалтгаанаар одоо болтол хийгдээгүй. НДС-гууд 2030-аад оны дунд хүртэл тэсчих найдвар байгаа учраас л мөнгөжүүлэлгүй байлгаад байгаа гэж харагддаг. Энэ хооронд хүмүүс хохироод явж байгаа гэж хэлсэн ч болно.
Хүн амын талыг дааж байгаа Нийслэл хотыг хөгжүүлэхэд 141 их наяд төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэсэн судалгаа гарсныг ч санах нэг нь санаж байгаа биз.
Хуримтлагдсан энэ мэт асуудлууд, дээр нь өсөлтийг хангах 14 мега төслийн санхүүжилтийг энэ маягаар эргэлтэд оруулж болно шүү дээ.
Өнөөдөр төрд өөрийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц тогтоосон ордууд байгаа. Тэднийгээ буцааж авч байна.
Стратегийн жагсаалтад 16 орд, хавсралтад 30 гаруй орд байдаг. Эдгээрээс одоо цөөхөн нь “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд байгаа. Нарийнсухайт, Цагаан суваргаас эхлээд хувьд шилжсэн нь ч цөөнгүй.
Засгийн бодлого ерөнхийдөө дээрх ордуудад ашиг сонирхлоо АМНАТ хэлбэрээр илэрхийлэх чигтэй ч энэ ордуудаасаа 2, 3-ыг шууд эргэлтэд оруулах боломжийг хайя. “Төсөв даахгүй” гээд яваад байвал иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ зөрчүүлсээр л байх болно. Тиймээс л “Салхит II”, “Салхит III”-ыг даруйхан олж эргэлтэд оруулъя. Ингэж байж л бид 30 жил хуримтлагдсан асуудлаа богино хугацаанд шийдэж чадна. Ажлын байр бий болж, эдийн засгаа ч тэтгэнэ.
“Салхит”-ыг эргэлтэд оруулахад иргэд цүнхний лицензийн үнэ цэнийг мэдэж авсан. Цаашдаа хэрхсэн талаар сайн, муугаар ярьдаг ч энэ төсөл тухайн үедээ асуудлыг шийдсэн үү гэвэл шийдсэн. Алдаа оноотой энэ ажиллагаа сургамж болж, дараа, дараагийн төслүүд алдааг нь давтахгүй цааш үргэлжлээд “Нэрийн данс”-ыг мөнгөжүүлэх гаргалгаа болог.
Эцэст нь нэг юм хэлэхэд, сонгуулийн өмнө улс төрийн намууд, улс төрчид бүгд “Монгол орон баялагтай” гэж орилдог. Төр барих эрхээ авчихаад баялагтай ч юм шиг, үгүй ч юм шиг болчихдог. Энэ байдлыг одоо засах цаг болсон. Монголын баялаг монголчуудын асуудлыг шийдэхэд зориулагдах ёстой шүү дээ. Хүмүүс муу амлалаа л гэх байх, гэхдээ одоо бид баялгаа ашиглаад өөрсдөө эрүүл, үр хүүхдээ боловсролтой болгохгүй бол Монгол Улс гэж ирээдүйд байх ч уу, үгүй ч үү...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна