Уулын баяжуулах "Эрдэнэт үйлдвэр"-ийн даргыг өөрчлөх тухай "шар шувуу" хэдийнэ нисч эхэлжээ.
Эх сурвалжуудын мэдээллээр тус үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэнгийн оронд Ашигт малтмал, Газрын тосны газрын даргаар ажиллаж буй Х.Хэрлэнг томилох тухай яригдаж эхэлсэн гэнэ.
Х.Хэрлэнгийн хувьд барилгын инженер, эрхзүйч мэргэжилтэй. Төрийн албанд олон жил удирдах ажил хийсэн туршлагатай. 2017 оны 12 дугаар сард Ашигт малтмал, Газрын тосны газрын даргаар томилогдсон. Гэхдээ түүний хамгийн том тодотгол нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн найз, ойр дотны хүн нь гэх.
Лицензийн наймаатай олон жил нэр холбогдож яваа түүнийг Эрдэнэтийн дарга болоход тохирох хүн биш хэмээн дургүйцэх хүн олон байгаа бололтой.
“Шинэ шивээ” ХХК-д хувь хэрхэн эзэмшдэг болсоноос эхлээд шалгагдаж байсан олон асуудал нь тэгсгээд өнгөрсөнд түүний найзынх нэр нөлөө гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг юм билээ.
Тухайлбал, түүнийг анх 2005 оны наймдугаар сараас эхлэн Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг.
Үндэслэл нь ашигт малтмал эрхлэх албан ёсны зөвшөөрлийг хууль бусаар өөр этгээдэд давхардуулан олгосон. 400 сая төгрөгөөр хохирсон компанийн гаргасан гомдлын дагуу хэлтсийн даргыг шалгахад Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн нь илэрсэн байна.
Тодруулбал, АМХЭГ 2002-2004 онд 120 өргөдлийн төлбөрийг төлж, лиценз олгох ёстой байтал байгууллагын дарга нар нь эрх мэдлээ хэтрүүлж, энэ асуудлыг 2-3 жил нуун дарагдуулсан нь тогтоогджээ. Улсын төсвийн 400-680 сая төгрөгөөр хайгуул хийсэн ордуудыг АМХЭГ-ын дарга асан Д.Жаргалсайханы тушаалаар Кадастрын хэлтсийн дарга Х.Хэрлэнгийн мэдэлд шилжүүлсэн байдаг.
Мөн АМХЭГ-ын Кадастрын хэлтсийн дарга Х.Хэрлэн ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр 2004 оны аравдугаар сарын 5-нд иргэн Б.Цогтсайханд дээрх талбайг өгсөн байна.
Лицензийг эзэмшигч Б.Цогтсайхан дөрвөн жил талбайгаа дарсны дараа 2008 оны долдугаар сард АНУ-ын хөрөнгө оруулалттай “Гео инфо” ХХК-ийн захирал Л.Ганбаярт 1750 мянган ам.доллараар арилжсан байдаг. Ийнхүү түүнтэй холбоотой хууль бус үйлдлийг хууль хяналтын байгууллага шалгасан ч Х.Хэрлэн ял сонсох нь бүү хэл АМГТХЭГ-т орлогч дарга болтлоо дэвшсэн гэх мэт маш олон баримтыг дурдаж болохоор.
Харин одоо "Төрөөс төрсөн тэрбумтан"-ы хөрөнгийг зузаатгах томилгоо хийгдэх үү гэдэг олон нийтийн анхаарлыг татаж байна.
Харин Х.Бадамсүрэнгийн хувьд уул уурхайн инженер-маркшейдер мэргэжилтэй. "Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр"-т Захирлын нэгдүгээр орлогч, "Монголросцветмет нэгдэл"-д Ерөнхий захирлаар ажиллаж байсан. Улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд байхдаа "Эрдэнэт үйлдвэр"-ийн даргаар томилогджээ.
Монгол Улсын Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэрт 2019 оны гуравдугаар сарын 6-наас эхлэн зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлж, өрөөг нь битүүмжлэн санхүүгийн шалгалт оруулаад байгаа юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна