ЖДҮ эрхлэгч нэрийн дор татвараас чөлөөлөгдсөн байжээ

2019/03/25

Авлигатай тэмцэх газар сар тутмын 25-ны өдрийн хэвлэлийн хурлаа өнөөдөр хийлээ. Уг хурлаар 2019 оны 3 дугаар сард хийсэн ажлын талаар товч мэдээлэл өгөв.

Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар оролцов.

Экспорт, импортын гэрчилгээ олгох үйлчилгээг журамлахаар ажиллаж байна

МХЕГ-аас олгодог импортын мэдэгдэл, экспорт, импортын гэрчилгээ олгох үйлчилгээнд Авлигатай тэмцэх газрын Иргэний хяналтын зөвлөлийн гишүүд хяналт тогтоон ажиллаж байна. Тус үйлчилгээг авахад бүрдүүлэх бичиг баримт тодорхой бус, олон дарга нарын гар дамжин цохдог, бүрдүүлсэн материалын хариуг хэзээ гаргах нь тодорхойгүй, гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгдөггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн.

Үндсэндээ өнөөг хүртэл экспорт, импортын гэрчилгээ олгох харилцааг огт журамлаагүй явж иржээ. Энэ төрлийн төрийн үйлчилгээ нь ийнхүү дүрэм, журмаар зохицуулагдаагүй учраас хэн нэг албан тушаалтны үзэмжээр бизнес эрхлэгчдийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэж байсныг Авлигатай тэмцэх газар таслан зогсоохоор ажиллаж байна. Улмаар тухайн үйлчилгээг хүнд суртал чирэгдэлгүй, авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид хэрэгжүүлэхэд чиглэсэн Зөвлөмжийг МХЕГ-т хүргүүллээ.

ЖДҮ эрхлэгч нэрийн дор томоохон аж ахуйн нэгжүүд гаалийн албан татвараас чөлөөлөгдсөн байна

Жижиг, дунд үйлдвэрийн ангилалд хамаарахгүй зарим томоохон аж ахуйн нэгжийн импортолсон тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, хөнгөлөлт үзүүлж байжээ. Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Гаалийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын нэгжтэй хамтран ажиллаж байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүрт өгөх болно.

Он гарсаар төрийн 2499 албан тушаалтан “Авлигын эсрэг сургалт”-д хамрагдаад байна

Авлигатай тэмцэх газар нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалтыг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2018 оноос хойш үе шаттайгаар зохион байгуулж байна.

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан хуваарийн дагуу 2019 оны хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд 2499 нийтийн албан тушаалтныг “Авлигын эсрэг сургалт”-д хамруулна.

Сургалтыг удирдах албан тушаалтан, хууль, хүний нөөц, төсөв санхүү, дотоод хяналт, аудит, худалдан авах ажиллагаа хариуцсан албан хаагч, төрийн албанд шинээр томилогдсон албан хаагч зэргээр эрхэлж буй албан тушаалын онцлогтой нь уялдуулан зохион байгуулж байна.

Авлигатай тэмцэх газар  энэ оноос сургалтын бүртгэлийн нэгдсэн системийг нэвтрүүлж байна. Бүртгэлийн цахим систем нэвтэрснээр цаас, цаг үрсэн гар ажиллагааг халж, төрийн байгууллага, албан хаагчдад чирэгдэл багатайгаар сургалтыг зохион байгуулах боломж бүрдэх юм.

Системийн тусламжтайгаар мэдээллийн сан үүсгэж, түүн дээр суурилсан сургалтыг хэд хэдэн үе шаттайгаар, илүү үр дүнтэй, давхардал, хийдэлгүй, албан хаагчдыг бүрэн хамруулна.

Авлигын эсрэг сургалт нь нийтийн албан тушаалтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн холбогдох зүйл заалтуудыг таниулан сурталчлахаас гадна авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах зан үйлд сургаж байгаагаараа ач холбогдолтой юм. 

Хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг 4 дүгээр сарын 05-ны өдрөөс нийтэд мэдээлнэ

Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг ирэх 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны хооронд Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтэд нээлттэй мэдээлэхээр бэлтгэл ажлыг хийж байна. Өмнөх жилийн адилаар улсын хэмжээний нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг хуваарийн дагуу цахим хуудсанд байршуулах болно.      

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна