Бээжин хоттой эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана

Өчигдөр 10 цаг 39 минут
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны таван жилийн ойн хүрээнд Бээжин хотын Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах төвийн төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллажээ.

Байгалийн нөөцийг хэмнэх дэвшилтэт технологийг нутагшуулах ажил хэргийн уулзалтад БНХАУ-ын Бээжин хотын Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах төвийн дарга Жин Хунбинь тэргүүтэй төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид, Улаанбаатар хотоос Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга тэргүүтэй нийслэлийн болон Эрчим хүчний хөгжлийн төвийн төлөөлөл оролцсон байна. Тус төвийнхөн нийслэлчүүдэд зориулан ногоон технологийн үзэсгэлэнг Соёлын төв өргөөнд дэлгэн үзүүлж, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан юм.

Бээжин хот нь гудамжны болон байгууллага, өрхийн гэрэлтүүлгийн шийдэлд онцгой анхаарч, гар утсаар удирдах боломжтой, орчноо мэдэрч хэрэглээгээ өөрөө тохируулдаг ухаалаг гэрэлтүүлгийг нэвтрүүлэхийн хамт гэрлээр мэдээлэл дамжуулах, удирдах боломжтой li-fi төхөөрөмжийг нийтийн авто зогсоол, сургууль, худалдааны төвүүдэд туршиж эхлээд байгаа юм байна. Мөн хотын агаарын бохирдлоос шалтгаалан иргэд ихээр хэрэглэх болсон агааржуулагч төхөөрөмжүүдэд өвлийн улиралд 26 хэм, зуны улиралд 20 хэмийн ашиглалтын хязгаар тавьснаар эрчим хүчний хэрэглээг 20 хүртэлх хувиар хэмнэж чаджээ.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхий нийтийн хүчин чармайлтыг хэрэгжүүлэхэд эрчим хүчний хэмнэлт зонхилох үр нөлөөтэй тул иргэдээ боломжит арга замуудаар эрчим хүчээ хэмнэхийг дэлхийн улс, хотууд уриалж байна. Зөвлөмжөөс гадна захиргааны аргаар зохистой хэрэглээнд шилжүүлэх алхмыг ч авч эхлээд байгаа.

Тухайлбал, Европын холбоо 2018 оны есдүгээр сарын 1-нээс улайсдаг гэрлийн чийдэн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон. Айл өрхийн хувьд таван ширхэг улайсдаг чийдэнг 50.000 цаг ашиглахад 1.726.500 төгрөгийн зардал гардаг бол өдрийн гэрэл 529.350, LED гэрэл 485.250 төгрөгийн зардал гардаг байна. Улайсдаг гэрэл нь ашиглалтын цаг (1200 цаг)-ийн хувьд бидний нэрлэж заншсан өдрийн гэрэл буюу CFL (10.000 цаг), сүүлийн үед хэрэглээнд түлхүү нэвтэрсэн LED (50.000 цаг) чийдэнгээс олон дахин бага хир нь зардал өндөртэй тул хэрэглэхээс татгалзахыг Нийслэлийн Байгаль орчны газраас уриалж байна.
 
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна