УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, О.Содбилэг нарыг чуулганы хуралдаандаа суугаагүй гэдэг шалтгаанаар шүүмжилсэн билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн О.Содбилэг өнгөрсөн долоо хоногт чуулганд суугаагүй шалтгаанаа тайлбарлаж байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр “Хүндэтгэх шалтгаантай байсан учраас бүлгийн даргадаа мэдэгдээд явсан. Миний найз, дотны анд минь гэнэт бурхан болоод ажил явдалд нь оролцсон юм. Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцож байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүний хувьд саналаа өгөөд, асуултаа асуугаад, дэмжихээ дэмжээд, дэмжихгүй зүйлээ дэмжихгүй байгаа. Өнгөрсөн долоо хоногийн даваа мягмар гаригт чуулганы ирц бүрдээгүй. Чуулгандаа суугаагүй нь хаяж явсан, бойкотолсон юм биш. Хувийн уй гашуу тохиолдсон юм шүү.
Гишүүдийн ирц янз бүрийн шалтгаанаар тааруу байна гэж харж байна. Миний хувьд Эрдэнэт хотыг үндсэн хуулинд хотоор нь оруулах гэсэн саналаа ажлын хэсэгт албан бичгээр ч өгсөн. Гэтэл энэ санал маань орохгүй байгаа. Ийм шалтгаанаар маш олон гишүүд бухимдалтай байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг анх өргөн барьсан зорилго бол тодорхой хэмжээнд өөрчлөлт оруулаад чигээ сайжруулаад авна гэсэн санаа байсан. Одоо бол таван жилээр сонгогдож, 99 гишүүнтэй болох гэж, сонгуулийн холимог тогтолцоотой болох гэж энэ өөрчлөлтийг хийж байгаа юм шиг харагдаад байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Бид бол Шүүх засаглалыг сайжруулъя, Ерөнхий сайдыг ажлаа хийх боломжийг олгоё, ажлын хариуцлагатай байж 75 хоног хуралддаг болъё гэж төслийг өргөн барихад гарын үсэг зурсан" хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна