МАН-ын бүлэг гишүүдийн тоог 99 болгох Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй

2019/09/05
УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр зарим заалтуудыг хойшлуулсан юм. Өөрөөр хэлбэл, 10 гаруй заалтыг эргэж харах, бүлгийн гишүүд санал нэгдэх шаардлагатай хэмээн өнөөдөр чуулганы хуралдааныг түр хойшлуулж, МАН-ын бүлэг хуралдаж байгаа билээ.

Тус намын бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, парламентын хугацааг таван жил болгох Ерөнхийлөгчийн саналуудыг дэмжихгүй байх нь зүйтэй гэж санал нэгдсэн гэсэн мэдээлэл байгаа юм.  Мөн бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх саналыг дэмжсэн бөгөөд баг хорооны Засаг дарга нарыг дүүрэг, аймгийн Засаг дарга нар томилох асуудлыг энэ удаагийн өөрчлөлтөд оруулахгүй байх шийдвэрт хүрчээ. Түүнээс гадна маргаан дагуулаад байсан төрийн албан хаагчидтай холбоотой заалтуудыг дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн байна.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх үеэр төрийн албан хаагчтай холбоотой, Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд томилдог байх, баг, хорооны даргыг томилох болон бусад асуудлыг хэлэлцэж УИХ-ын гишүүд итгэл үнэмшлээрээ саналаа өгөөд явах нь зүйтэй гэсэн шийдвэр хүрсэн" гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна