Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд орж ирж дараах байр суурийг илэрхийлж, Ерөнхийлөгчийн мэдэгдлийг уншиж танилцууллаа.
Тэрээр, "Ерөнхийлөгч Х.Баттулга "Ард нийтийн санал асуулга явуулах тухай" УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг дэмжиж байна. Гэхдээ 30 тэрбум төгрөг зарцуулаад гурван асуулт асуух боломж байхад "Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хийх нь зөв үү буруу юу" гэсэн ганцхан асуулт асуух гэж байна. Хоёр дахь асуултыг Ерөнхийлөгч нэмэх саналтай байна" гэж хэлээд Ерөнхийлөгчийн албан бичгийг МАН-ын бүлгийн гишүүдэд уншиж танилцууллаа.
Ерөнхийлөгчийн албан бичигт, "...Монгол Улсын их хурал нь улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохын үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хууль зүйн зөрчил маргаантайгаар эхлүүлж, өнөө маргаашийн асуудалд хэт автсан, улстөрчдийн дахин сонгогдох явцуу ашиг сонирхлыг гүйцээн хангасан байдлаар хэлэлцэж, улс оронд бодитой оршиж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх бус, 30 жилийн хугацаанд тодорсон алдаа завхралыг үргэлжлүүлэх ач холбогдол муутай хувилбарыг ард түмэнд тулгахаар шийдвэрлэлээ.
Миний бие УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд улс оронд үүссэн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, тодорхой ач холбогдол бүхий зохицуулалт орхигдсон гэж үзэж, орхигдсон асуудлын хүрээнд өөрийн санал хүсэлтийг хүргүүлэн хямрал, бэрхшээлийг нэг мөр хамтран шийдвэрлэхийн төлөө ажилласан боловч үр дүнд хүрсэнгүй. Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрхийг олгох, УИХ-ын гишүүд давхар сайдын ажил хийхийг хориглох, сонгуулийн тогтолцоог тодорхой тогтвортой болгох, тойргийн асуудалд автдаг 76 дарга гишүүний тоог нэмэгдүүлж, ард түмний жинхэнэ элч, төлөөлөгч байх боломжийг бүрдүүлэх, гишүүдийг улс орны нийтлэг эрх ашиг, хөгжлийн төлөө ажилладаг болгох зэрэг ач холбогдол бүхий улс орны хөгжил амьдралд жинтэй хувь нэмэр оруулах өөрчлөлтүүд бүгд хасагдлаа. Иймд, миний бие Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлд хүргүүлсэн өөрийн санал, хүсэлтийг хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч байгаагаа мэдэгдэж байна.
УИХ АН-ын санал шахалтаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөө ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх болсныг зөв гэж үзэж байна. Гэхдээ ач холбогдол муутай төсөлд тусгах биш, Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн 3.1-ийн заалтын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэндээ өгч, нэг мөр асууж шийдвэрлүүлэх ёстой. Тодруулбал, Монгол Улс цаашдаа Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг ард түмнээсээ асууж шийдвэрлэх шаардлагатай байна. Миний бие Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу энэ чиглэлээр Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөл боловсруулсан бөгөөд ард иргэдийн өгсөн хариулт шийдвэрийн хүрээнд шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж, нийтээр хэлэлцүүлэн батлахаас өөр аргагүй гэж үзэж байна.
Ингэснээр гүйцэтгэх засаглалын тэргүүнийг улс төрчдийн барьцаа хүлээснээс ангижруулж, улс орон тогтвортой хөгжин дээшлэх боломж бүрдэнэ. Тиймээс Үндсэн хуулиар явуулах Ард нийтийн санал асуулгын тухай УИХ-ын Тогтоолын төслийг нэн даруй их хурлаар хэлэлцэн шийдвэрлүүлэхийг хүсье" гэжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна