“МОНГОЛ УЛС – АРДЧИЛЛЫН ЗАМААР 30 ЖИЛ: АРДЧИЛАЛ БИДЭНД ЮУ ӨГСӨН БЭ?” сэдэвт онол практикийн бага хуралд Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Өнөөдрийн энэхүү онол практикийн бага хуралд хүрэлцэн ирсэн хатагтай, ноёд та бүхэнд НҮБ-аас зарлан тунхагласан "Олон улсын ардчиллын өдөр"-ийг тохиолдуулан Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 30 жил гэдэг бол хүний ухамсартай амьдралын бараг талаас илүү хувь нь, нийгмийн агуулгаар авч үзвэл бүхэл бүтэн хоёр үе солигдох хугацаа юм. 1989 оны эцсээр Монгол оронд сэвэлзсэн ардчиллын анхны салхи Монголын нийгмийг үндсээр нь өөрчлөх, коммунист тоталитар дэглэмээс чөлөөт ардчилсан тогтолцоонд шилжих агуу хувьсгалыг эхлүүлсэн юм. Нийгмийн нэг тогтолцооноос нөгөө тогтолцоо руу тайван замаар шилжсэн энэхүү хувьсгалын ачаар Монгол Улс өөрийн тусгаар тогтнолоо баталгаажуулж, бие даасан бүрэн эрхт байдлаа жинхэнэ ёсоор хэрэгжүүлэх боломжтой болж, эрх чөлөөт жам ёсны хөгжлийн замдаа эргэлт буцалтгүй орсон билээ.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол орон ардчилсан хөгжлийнхөө явцад олон саад бэрхшээлтэй тулгарч байсан хэдий ч тэдгээрийг амжилттай даван туулсаар өнөөдрийн энэ өдөртэй золгож байна. Бидний оносон маань алдсанаасаа хавьгүй илүү байсан.
Бид анхнаасаа парламентын хэлбэртэй ардчилсан тогтолцоог сонгосон бөгөөд олон намын оролцоотой чөлөөт ардчилсан сонгуулийг тогтмол хугацаанд явуулж, сонгуулийн үр дүнгээр олонхи болсон улс төрийн хүчин нь засгийн эрхээ барьж, сонгогчиддоо амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг явдал өнөөдөр манай нийгмийн амьдралын хэв маяг болон тогтлоо. Парламентын ардчиллын энэхүү тогтолцоо хэдийгээр засаж сайжруулах, өөрчилж шинэчлэх зүйл ихтэй ч гэсэн өнгөрч буй 30 жилийн туршид олон намын тогтолцоо, олон ургалч үзэл, хүний эрх, үндсэн эрх чөлөө, чөлөөт ардчилсан сонгууль зэрэг ардчиллын тулгуур зарчмуудыг хадгалан авч үлдэх, дэлгэрүүлэн хөгжүүлэх үндэс суурь, гол баталгаа нь болж ирсэн юм гэдгийг энд онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Өнөөдрийн энэхүү онол практикийн хурлын хүрээнд Монголын нийгэмд гарсан улс төр, эдийн засаг, оюун санааны асар том өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй яригдах учраас би зарчмын чанартай цөөн асуудлаар байр сууриа илэрхийлье. Ялангуяа сүүлийн үед Ардчилсан хувьсгалын ололт, ардчиллын үнэт зүйлсийг гутаах, түүний гол тулгуур багануудыг ээлж дараалан нураах гэсэн хэт зүүний, эсвэл хэт барууны популист давалгаа ихээхэн хүчээ авч, манай нийгэмд тогтсон ардчилсан тогтолцоонд аюул учруулах хэмжээнд хүрчээ хэмээн дүгнэж, ардчиллыг эрхэмлэгч улс төрийн хүчнүүд, нийт ард түмэндээ анхааруулан сэрэмжлүүлэх зүй ёсны шаардлага урган гарлаа. Иймээс ардчиллын хувь заяа, үнэт зүйлсийн төлөө санаа зовниж буй аливаа хариуцлагатай улс төрийн хүчин, улс төр-нийгмийн зүтгэлтэн хэн боловч хувийн амбиц, нэг нам буюу бүлэглэлийн эрх ашгийг хойш тавьж, ардчиллаа хамгаалахын төлөө үгээ хэлж, байр сууриа тодорхойлох цаг болжээ. Манай нам Монголд өрнөсөн нийгэм-улс төрийн гүн гүнзгий өөрчлөлтийг санааачлагч, хэрэгжүүлэгч гол улс төрийн хүчний хувьд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг ардчиллын ололт амжилтаа улам баталгаажулах, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг гэтлэн давах гарцыг эрэлхийлэх, ардчилалд учирч буй аюул заналыг сэрэмжлүүлэх, ардчиллын үнэт зүйлсээ залуу хойч үедээ үнэн зөвөөр ойлгуулах уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг зорьж байгаа билээ.
Өвөр Кавказаас Өмнөд Солонгос, Хойд зүгийн Балтийн орнуудаас Хонгконг хүртэлх энэ өргөн уудам нутагт зөвхөн Монгол Улсад парламентын ардчилсан тогтолцоо зөв гольдролоороо хөгжин дэвжиж байна гэдгийг өнөөдөр дэлхий дахинаараа мэддэг болсон. Парламентаризм нь коммунист дэглэмээс чөлөөт ардчилсан нийгэм рүү шилжилт хийж орнуудын хувьд нэг хүний, эсвэл цөөнхийн бүлэглэлийн дарангуйллаас урьдчилан сэргийлэх, олон ургалч үзэл, хүний эрх, үндсэн эрх чөлөөг жинхэнэ ёсоор хангах гол нөхцөл, гол баталгаа нь юм гэдэг сургамжийг бид залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх нь зүйтэй юм. Үүнтэй холбогдуулан тэмдэглэн хэлэхэд хэрвээ Үндсэн Хуульд ямар нэгэн байдлаар нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа бол, энэ асуудлаар ард нийтийн санал асуулгыг явуулах гэж байгаа бол энэ нь зөвхөн парламентат ёсыг хамгаалах, улам батжуулахад чиглэгдэх ёстой гэж үзэж байна.
Манай нийгэмд шударга ёс үгүйлэгдэж байгаа нь үнэн. Гэхдээ шударга ёсыг хэн нэгэн улс төрч юм уу, хэсэг бүлэг хүмүүс, аль нэг улс төрийн хүчин тодорхойлдог зүйл биш ээ. Энэ нь нийтлэг үнэлэмжээр илэрхийлэгддэг хариуцлагын тогтолцоо юм. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүнээсээ эхлээд жирийн иргэн хүртлээ нэг хуулийн дор амьдарч, ижил хариуцлага хүлээдэг тогтолцоо юм. Улс төрийн өндөр албан тушаалын хамгаалалт дор, эсвэл аль нэг улс төрийн намын ивээл дор хариуцлагаас мултардаг явдлыг ард түмэн цаашид тэсвэрлэхгүй гэдэг нь улам ойлгомжтой болж байна.
Авлига хээл хахуулийн асуудал өнөөдөр манай нийгмийн хөгжлийн гол саад, тээг тушаа, шударга бус байдлын гол эх үүсвэр нь болж байна. Манай нийгэмд бугшсан авилга хээл хахуулийн сүлжээг хэн нэгэн улс төрч, хэсэг бүлэг хүмүүс дангаараа тэмцэж таслан зогсоож чадахгүй, бүх улс төрийн хүчнүүд авлигыг үл тэвчих бодлогыг баримталж, шат дараалсан арга хэмжээг тууштай хэрэгжүүлсний дүнд л тодорхой амжилтанд хүрэх нь ойлгомжтой.
Улс төрийн намуудын шинэчлэлийн асуудал өнөөдөр хурцаар яригдаж байгаа сэдэв мөн. Ялангуяа улс төрийн намын үйл ажиллагааны болон санхүүжилтийн ил тод байдлыг хангах нь аливаа хууль бус үйл ажиллагаа гаргахгүй байх нэг урьдчилсан нөхцөл гэдэгтэй санал нэг байна. Манай нам үзэл баримтлалаа шинэчлэн тодотгож, зохион байгуулалтын хувьд цоо шинэ бүтцэд шилжихийн хамт гишүүддээ тулгуурласан бодлогын нам болон төлөвшиж байна. Намын энэхүү шинэчлэлийн дүнд бид ирэх сонгуульд нэр цэвэр, шинэлэг, чадварлаг залуу боловсон хүчнээ түлхүү дэвшүүлэх боломжтой боллоо.
Монголд чөлөөт ардчилсан тогтолцоо бүрэлдэн бий болсноос хойш болсон олон удаагийн сонгуульд Ардчилсан нам болон МАН (МАХН тухайн үеийнхээ нэрээр) ээлж дараалан дангаараа буюу бусад намтай хамтарсан хэлбэрээр, эсвэл хоёр нам хамтарсан эвсэл байгуулах замаар засгийн эрхийг барьж, марийн хөтөлбөрөө хэргжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн. Гэхдээ тогтвортой ажиллаж мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлж байсан Засгийн газар тун ховор гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Засгийн газрын тогтворгүй байдгийн гол шалтгаан нь тухайн эрх барьж буй намын дотоод эв нэгдэл, эрх мэдлийн төлөөх дотоод зөрчилтэй нь холбоотой байдаг.
Иймд намууд сонгуулиас өмнө дотоод зөрчлөө шийдвэрлэсэн байх нь дараа дараачийн Засгийн газруудын тогтвортой ажиллах үндсэн нөхцөл нь гэдгийг энд онцлон тэмдэглэмээр байна. Засгийн эрх барьж байхдаа дотоод зөрчлөө шийдвэрлэх гэж оролдох нь төр засгийн тогтворгүй байдал, хямралд түлхдэг гэдгийг бид бэлхнээ харж байна.
Эцэст нь хэлэхэд төрийн эрхийг барилцаж байгаа - эрх баригч болон сөрөг хүчин хамтран сууж намын эрх ашгаасаа давсан, улс орныхоо ашиг тусын төлөө, хөгжил дэвшлийн төлөө харилцан ярилцаж, санал бодлоо солилцож чадаж байгаа нь манай Ардчилсан хувьсгалын маань бас нэгэн том ололт юм гэдгийг тэмдэглэн хэлье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна