Л.Оюун-Эрдэнэ: Над шиг Авлигатай тэмцэх газрынхаа даргатай муудалцсан "тэнэг" хүн байхгүй байх

2019/10/01
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд тодруулга, мэдээлэл өглөө. 

-Ц.Нямдорж сайдын бэрийг ЗГХЭГ-ын албаны дарга хийж байгаа гэсэн. Үйлчлэгчээс эхэлсэн хүн албаны даргаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөөч?
 
-Тэрийг ёстой хэлж мэдэхгүй юм.
 
-Болортунгалаг гэдэг хүн танай албанд байгаа юу?
 
-ЗГХЭГ-т гэрээтээр олон хүн авсан юм билээ. Нуулгүй хэлэхэд нэлээд олон гэрээт ажилчин. Тэр бүх ажилтаны гэрээг нь цуцалж байгаа. Тэрэн дотор олон дарга, өмнө нь даргын туслах, зөвлөх гээд янз бүрийн хүмүүс байдаг юм билээ. Төрийн захиргааны жинхэнэ албан хаагч гэж байгаа олон жил ажилласан. Тэр хүмүүсийн хувьд ЗГХЭГ-ын хөндөгдөх ёсгүй иститут. Цаашид ЗГХЭГ-т гэрээт ажилтан гэх ойлголт байхгүй болно. Удахгүй чөлөөлөгдөх гэрээт ажилтануудын мэдээлэл тодорхой болох байх. Шийдвэр нь гарчихаж байгаа учраас. 
 
-Танай дэмжүүлсэн хүн Н.Энхбаатар таны найз. Тэр хүн авлига, албан тушаалын хэргээр саатуулагдсан байгаа. Сонгуульд явж байсан гэдгээр төрийн албыг ингэж болдог юм уу?
 
-Би үүнд сая тодруулга өгчихсөн. Тухайн үед тийм бичгүүд авч байсан тохиолдлууд байсан. Миний хувьд бичиг өгсөн үү үгүй юу гэдгийг тодруулж байна. 
 
-Таньтай найз нөхдийн холбоотой юу?
 
-Ерөнхийдөө Н.Энхбаатар гэж танина. Намд ажиллаж байсан залуу шүү дээ. Үүнийг би нуудаггүй. Сүүлд Н.Энхбаатар гэж хүн дээр асуудал үүссэн. Энэ нь тухайн үед Авлигатай тэмцэн газрын удирдлагуудтай муудалцаж байх үед ийм асуудал үүссэн. Баригдаж, хоригдсон. Асуудал нь шалгагдаж байгаа. Миний хувьд аль аль талдаа байгаа асуудал байж магадгүй гэж тухайн үед бодож байсан. Түүнээс өөрөөр яг ямар хэрэг үүссэн яасан гэж лавлаж асуусан мэдээлэл алга байна.
 
-Улсын их хурлын гишүүдийг дэмж гэсэн томилгоо яваад байвал төрийн алба нь өөрөө замрах байх?
 
-Өнөөдрийг хүртэл их хурлын гишүүнд томилгоонд оролцдог нь нууц биш. Тэр нь ямар түвшинд яаж холбогдсон, хэрэгжсэн үү үгүй юу гэсэн асуудал байдаг. Үүнийг бид бүхэлд нь шийдэх ёстой. Ер нь их хурлын гишүүдээс бичиг авч томилгоо хийх нь буруу. Тухайн үед яагаад авч байсныг тухайн  үеийн намын удирдлагуудаас нь тодруулах ёстой байх. 
 
-Төрийн албанд аль нэг гишүүний хүн гээд даргынхаа үгийг тоодоггүй, төрийн албаны ажлыг явуулдаггүй гацаадаг байдал задгай байна шүү дээ. Гэтэл та бас дэмж гэсэн албан тушаал дээр гарын үсэг зурдаг нь ямар учиртай юм бэ?
 
-Би өөрийнхөө бодлыг хэлье гэж бодлоо. 60 тэрбумтай холбоотой асуудал нэлээн урт хугацаанд яригдаж байна. Миний хувьд энэ систем ингэж бүрдэх нь буруу гэдэг байр сууриа илэрхийлж явсан. Үүнтэй холбоотой сүүлийн үед болж байгаа асуудлыг ажиглахаар хэд хэдэн дүгнэлт хийж магадгүй нөхцөл байдал үүсч байгаа юм. Буруутай зүйл байвал би хариуцлага хүлээхэд бэлэн. Саяхын Ц.Сандуй ярилцлага өгсөн. Ном бичиж байгаа юм байна гэж ойлгосон. Хоёрдугаарт 60 тэрбумын хэрэг Авлигатай тэмцэх газарт хаагдчихсан байсан. Өөрөөр хэлбэл дууг дүрсжүүлсэн гэдгээр хаагдсан байсан. Энэ нь буцаж шинэ нөхцөл байдал үүссэн гэдгээр эргэж сэргээгдсэн. Миний авсан мэдээллээр эргэж сэргээгдээд, прокурор дээр шалгагдаад тэр бичлэгт зохих хүмүүс нь байсан үнэн гэдэг нь тогтоогдсон. Гэхдээ өмнө нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон бусад хяналтын байгууллагууд огт ийм зүйл байхгүй гэж мэдээлж байсан. Одоо болохоор хоёр прокурорын байр суурь зөрсөн талаар хэвлэл мэдээллээр гарч байгаа. Нэг нь үүнийг эвлүүлэг байсан. Нөгөөх нь яллах дүгнэлт хийж шүүхэд шилжүүлсэн гэсэн. Энэ хэрэг шүүх рүү очиж байгаа юм байна гэж бодож байна. Гэвч нэг сонин зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр яагаад яг шүүх рүү очих үед Ц.Сандуй мэдэгдэл хийв гэдэг нь сонирхолтой санагдаж байгаа юм. Хоёрдугаарт өөртөө маш итгэлтэй байдал. Өмнө нь ярьж болох зөндөө хугацаа өнгөрсөн. Ямар ч байр суурь илэрхийлээгүй мөртлөө яг тэр өдөр байр сууриа илэрхийлж байгаа нь надад хардах үндэслэл төрүүлсэн. Нэг үгээр хэлбэл энэ хэрэг замхрах шат руугаа явж байх вий гэж бодогдсон. Миний хувийн үзэл бодол. Үүнийг дахин нягталж харах ёстой байх. Сүүлдээ дүгнэлт нь М.Энхболд гэх хүн огт байгаагүй болж хувирч байгаа. 
 
-Та байсан юм бишүү?
 
-60 тэрбумыг зохион байгуулсан хүн нь Оюун-Эрдэнэ, Хүрэлсүх гэх хүн байсан гэж байгаа. Хоёр бичлэг байгаа. Нэг нь 15 минут орчим, нөгөөх нь 30 орчим минут. Би тэр үед монголд байгаагүй. Тэнд байна гэхэд логикийн хувьд боломжгүй. Намайг улстөрөөс холдуулах, одоогийн ерөнхий сайдын гар хөлийг нь таслаж “аалз” болгох гэж ярьдаг шүү дээ. Тэгэхлээр бид хоёр тэнд суугаад өөрсдийнхөө “аалз” болох тухай яриаг сонсож байсан логик гарч ирж байгаа юм. Нөгөө талаар М.Энхболд даргыг дуурайж ярьсан болж таарнаа даа. Тэгэхээр ямар нэгэн улстөрийн тохироо явж байгаа юм биш биздээ гэсэн хардах үндэслэл төрснөө нуугаад яах вэ. Яагаад ярих болов. Яагаад тэрэнд М.Энхболд гэж хүн байхгүй Оюун-Эрдэнэ байна гэж ярих болов. Үүний дараа намаас явсан бичиг гарч ирсэн. Хэрэв байгаа бол их олон бичгүүд байж таарна. Зохион байгуулалттайгаар олон хэвлэл мэдээллээр явж байсан. 60 тэрбумын хэрэг бүдгэрэх. Үүнийг гаргаж ирсэн Оюун-Эрдэнэ ч гэсэн өөрөө оролцсон юм бишүү гэдэг байдлаар логик, пиарын кампанит ажил явагдаж байгаа юм байна гэж ойлгож байна. Энэ хэрэг ямар нэгэн байдлаар шийдэл гарах нь дараа дараагийн ийм зүйл байхгүй гэдэг ерөнхий том зарчим руу явж байгаа. Юутай ч том хэргүүд нэлээн олон нь шүүх руу очиж байна л даа. Ихэнх нь Авлигатай тэмцэх газарт хаагдчихсан байсан. Үүнийг ярихаар олон хүний эрх ашиг зөрчигддөг юм билээ. “Чи сайнаа үзэхгүй, ямар нэгэн байдлаар юм эргэнэ шүү, хэзээ нэгэн цагт чи өөрөө дуусна шүү, чамайг дуусгана шүү” гэхчилэн олон яриан дундуур явж байна. Манай нийгэм өөрөө их мартамхай, туйлбаргүй. Энэ нь өдөр тутмын амьдралд хэт сатаардаг байдлыг нь их ашиглах юм. Ийм хэрэг явж явж хамгийн сүүлд нь өөрөө буруутан болох нөхцөл байдалд ордог юм байна. 
 
-Хэн хэнтэй тохирсон юм бэ. Та юу гэж хардаж байгаа вэ?
 
-60 тэрбумын хэрэг шийдэгдэх үү үгүй юу гэдгээс харагдана. Би өөрөө сэтгүүлч мэргэжилтэй  хүний хувьд өдөр тутмын өнгө алагласан мэдээлэлд сатаархаас илүүтэй цаана нь байгаа ерөнхий тогтолцоо, соёл гэдэг зүйлийг харж, түүнийхээ зааг ялгааг харвал Монгол улсад хэрэгтэй байж магадгүй гэж боддог. Энэ утгаараа сэтгүүлчдийг мэдээлэлтэй байгаасай гэж боддог. Нөгөө талаар хэн нэгэнд ямар нэгэн байдлаар захиалгаар битгий үйлчлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг. 27 жилийн туршид бий болчихсон систем, соёл, 27 жилийн туршд гантай байсан газар, говь гэж үзэх юм бол эндээс худгаас 40 литр ус авчирч асгаад тэнд ган тайлагдахгүй бол түүнийг би дэндүү сайн ойлгоно. Гэхдээ тэнд жаахан ч гэсэн бороо ороод чийг үнэртэх талруугаа монгол улс яваасай гэж чин сэтгэлээсээ бодож, ажиллаж байгаа. Заримдаа явж байгаад эргээд харахаар буцаад шал өөрөөр ойлгогдчихсон, улстөрийн жижигхэн тоглолтонд орчихсон эсвэл огт буруу зүйл хийгээд явж байсан юмуу гэхчилэн эргэлзэх сэтгэл хүртэл төрдөг. Миний хувьд сэтгэл хөдлөл багатай хүн. Хатуу характертай ч хүн биш. Гэтэл нэг мэдсэн поп зүйл ярьдаг хүн болоод хувирчихсан ч юм шиг. Миний өмнө нь ярьж байсан зүйл бүгд худлаа ч байсан юм уу. Мэдэхгүй. Юутай ч энэ бүх зүйл факттай зүйлүүд байсан. Энэ нийгэмд хэрэг болох үгүйг нь мэдэхгүй. Ингэж явах хэцүү байдаг юм билээ. Амархан хүнд байдалд ордог. Энэнээс нь бусад хүмүүс нь сургамж авдаг гэх юмуу. Том тогтолцоон дундаа “махны машин” дотор орох, явах магадлал өндөр байдаг юм билээ. Над шиг Авлигатай тэмцэх газрынхаа даргатай, ерөнхий прокурор, ерөнхий шүүгчтэй, олон эрх мэдэлтэй компаниудтай, тухайн үеийн Тагнуулын ерөнхий газрын даргатай зэрэг муудсан, нэг сонгогдсон ийм “тэнэг” хүн байхгүй байх. Тэгэхээр надад ирээдүйд юу ирж болох вэ, энэ нийгэмд жижигхэн ч гэсэн асуудал яаж буруу ойлгогдох вэ  гэдгийг маш сэтгэлийн тэвчээртэй өөрөө харж ойлгож байгаа. Үүнийг ЗГХЭГ-ын даргын хувьд ярьж байгаа биш шүү. Сэтгүүлчдэд нууж хаалгүй ярьдагийн хувьд төрсөн сэтгэгдлээ хуваалцлаа. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна