Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суух Консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ “Улаан бал” нэвтрүүлэгт оролцох үеэрээ УИХ-ын гишүүн Ж.Батзандантай холбоотой ноцтой мэдээллийг дэлгэсэн байдаг.
Тэрээр нэвтрүүлгийн үеэр “Миний тухай найруулгатай жүжгийг бол нэг нөхөр тавьсан байдаг юм. Энэ манай УИХ-ын гишүүн Ж.Батзандан. Ж.Батзандан бид хоёр бол найзууд. Хүнийг ханилж яваад, хүлгийг унан байж мэд гэж үнэн юм билээ. Бид хоёр арваад жил хүрээгүй, нөхөрлөж байгаа. Арваад жил нөхөрлөхдөө би харин нөхрийнхөө занг сайн мэдэж авлаа.
Өвөр Монголд зөндөө очсон. Экспогийн арга хэмжээ, албаны айлчлал, хувийн шугамаар, гэр бүлээрээ гээд. Надад анх очоод тэгдэг байсан байхгүй юу. За Д.Мөнх-Эрдэнээ миний найзаа, найзыг нь улс төрд дэмжчихээр хятад хүн байна уу, Өвөр Монгол хүн байна уу гээд… Би тэд нарын чинь бизнесийг Монголд дэмжиж өгье, Одоо би Ерөнхий сайдтай ийм болчихсон (гараа атгаж үзүүлэв). Би засгаа авраад үлдчихсэн гээд. Тэгж ярьсан надад” хэмээн мэдэгдсэн байдаг.
Дээрх ярианы хариуд УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийж, миний бие Д.Мөнх-Эрдэнэ гэдэг хүнийг огт танихгүй, ийм хүнтэй найз биш хэмээн мэдэгдсэн бөгөөд Д.Мөнх-Эрдэнэ өөрт нь зөвлөхөөр нь дамжуулж авлига өгөхөөр оролдсон гэдгийг хэлсэн юм.
Тодруулбал тэрээр, “Д.Мөнх-Эрдэнэ нь өнгөрсөн оны 3 дугаар сард Хөх хотын консулаар ажиллаж байхдаа миний зөвлөхтэй холбогдож, “Өөрт чинь 20.0 сая төгрөг, гишүүнд 50.0 сая төгрөг Хятад хүнээр өгүүлмээр байна. Хөх хотод хүрээд ирээч...” хэмээн ярьсан байдаг. Миний бие тухайн үед “Энэ бол хахууль өгөх гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцлийг зогсоох, саармагжуулах оролдлого” хэмээн үзэж, дахиж ийм байдал гаргахгүй байхыг сануулахыг зөвлөхдөө даалгасан” хэмээн ярьсан байдаг.
Тэгвэл Ж.Батзандан Д.Мөнх-Эрдэнийг огт танихгүй хэмээн худлаа ярьсан бололтой. Үүнийг батлах нэгэн бичлэг сошиалд цацагдсан бөгөөд уг бичлэгт Ж.Батзандан Д.Мөнх-Эрдэнэ рүү вичат сүлжээгээр холбогдон талархал илэрхийлж, "манай бэр эгчийг ажилтай болгох талаас нь бодоорой" хэмээн ярьсан нь баримтаар үлджээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна