С.Энхболд: Вакцин бүрийг хоёр тун хийлгэх шаардлагатай

2021/02/19

Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан Clubhouse платформд “DeFacto club”-ийг нээж, Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг зочноор урин КОВИД-19-ийн шинжилгээ, вакцинжуулалттай холбоотой асуудлаар Пүрэв гарагт ярилцлаа.

Ярианы эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд цар тахлын үед хамгийн чухал нь хөл хорио гэдгийг онцолсон юм.

Тэрбээр “Эрдэмтдийн судалгаагаар хоёрдугаар 11-23-ны хооронд хөл хориог тогтоох саналыг дэвшүүлсэн. Хөл хорионы үед нэг хаалга нэг шинжилгээг Засгийн газар УОК-той хамтран хийж байна.

Гол зорилго нь голомтын тархалтыг тандах, хумих юм. Учир нь өвчилж буй хүмүүсийн 80 гаруй хувь нь хөнгөн хэлбэртэй эмнэлзүйн шинж тэмдэггүй байгаа тул илрүүлж гаргах, түүнээс гадна бүх нийтийн вакцинжуулалтад бэлтгэх зорилготой” гэлээ.

Хөл хорионы хугацаанд 357,000 хүн PCR шинжилгээнд хамрагджээ

Хоёрдугаар сарын 11-18-нд нийт 357,000 хүн шинжилгээнд хамрагдсан бөгөөд үүнээс 236,000 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд хамрагдаад байгаа аж.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “PCR лабораториудыг өргөтгөх бодлого барьж, худалдан авалтуудыг хийсэн. Мөн орон нутагт боловсон хүчнийг бэлтгээд байна.

Шинжилгээ хийхэд 14 лабораторид нийт 1,900 хүн 24 цагаар ажиллаж байна. Харин сорьц цуглуулж байгаа ажилчид 09:00-20:00 цаг хүртэл ажилладаг” гэлээ.

Вакцин бүрийг хоёр тун хийлгэх шаардлагатай

Халдварт өвчний тархалтыг зогсоох, устгах арга нь вакцинжуулалт хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцлов.

Тэрбээр "Монгол Улсад вакцин авчрах ажлын талаар хэлэхдээ “ДЭМБ-ын зөвлөснөөр AstraZeneca, Pfizer вакциныг оруулж ирэхээр тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлээд явж байна. Эхний ээлжинд Оксфордын гаргасан AstraZeneca вакциныг оруулж ирнэ.  

Вакцинжуулалттай холбоотой хоёр хэсэг зорилтот бүлгийг гаргасан. Эхний ээлжинд хүн амын 60 хувийг дархлаажуулахаар зорьж байна.

Төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн ажилтан 56,000 хүн, цагдаа 53,000 орчим, 50-аас дээш насны өндөр настан, архаг хууч, суурь өвчтэй эрхтэн шилжүүлэн суулгасан, гемодиализ, дараагийнх нь үйл ажиллагаа тогтвортой байх салбарын 20 хувьд хийнэ. Дараа нь хүн амын 40 хувийг дархлаажуулах юм.

Энэтхэгээс 150 мянган хүн тун вакцин авахаас гадна Солонгосоос татна. Урд, хойд хөршөөс тодорхой хэмжээний вакциныг тусламж болон худалдан авах төлөвлөгөө гаргасан. Вакцин бүр хоёр тун хийлгэх шаардлагатай. Вакцины эхний тунг хийлгэснээс 21-28 хоногийн дараа хоёр дахь тунгаа хийлгэнэ” гэлээ.

Хүн амын 60 хувийг 2 тунгаар вакцинжуулах ажлыг 2021 ондоо багтааж дуусгана

Эрүүл мэндийн сайд С.Энхболд үндсэн мэдээллийн дараагаар бусад оролцогчийн асуултад хариулсан юм. Түүний хариултуудаас онцлох мэдээллүүдийг нэгтгэв. 

Вакцин хийлгэхэд сонголт байхгүй. Нэг вакцин хийлгэвэл түүнийхээ хоёр дахь тунг авна. Хуульд зааснаар вакцин нь сайн дурын үндсэн дээр хийдэг. Иймд тухайн иргэн вакцин хийлгэхийг хүсэхгүй тохиолдолд дархлаажуулалтын талаарх эрх, үүргийн хүрээнд, эрүүл мэндийн бичгээр баталгаажуулж авна. 

БНХАУ-д бүтээсэн Синофарм вакциныг гуравдугаар шатны туршилт нь дууссаны дараа буюу гуравдугаар сард ДЭМБ баталгаажуулах мэдээлэл ирсэн. ОХУ-ын Спутник вакцин мөн судлагдаж байна.
2021 ондоо багтаж улсынхаа хүн амын 60 хувьд тус бүр хоёр тун вакцин хийнэ гэсэн төлөвлөгөө гаргасан. Үүнтэй холбоотой хөрөнгийг ч мөн шийдвэрлэсэн. Тодруулбал, Дэлхийн банкнаас 51 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авсан ба Засгийн газраас вакцинжуулалттай холбоотойгоор 226 тэрбум төгрөгийг баталсан. Үүнд вакцин худалдан авах, үйл ажиллагааны зардал багтсан. Бүх иргэнээ үнэ төлбөргүй вакцинжуулна гэж хуульд заасан. 

Хурууны хээ, иргэний үнэмлэхийн QR кодыг идэвхжүүлнэ. Хоёр тунгаа хийлгэсэн хүн гадаадад зорчих бол карт өгнө. ДЭМБ дэвтэр гэж байдаг. Түүнд үндэслэн вакцин хийлгэсэн иргэдийн мэдээллийг бүртгэж, нотломж олгоно.

БНХАУ-аас 320 мянган хүн тун, ОХУ-аас хандиваар 50 мянган хүн тун вакцин авахаар төлөвлөсөн. Эдгээр вакциныг татан авч, хадгална. ДЭМБ зөвшөөрсний дараа ашиглана. Манай улсын хүн амын 40 хувь нь 18-аас доош насныхан байгаа. КОВИД-19-ийн хүүхдэд хийх вакцин судалгааны ажил үргэлжилж байна. Pfizer-ийн 25,740 хүн тун вакцин ирнэ. Спутник В вакциныг хоёрдугаар сарын 9-нд Хүний эмийн зөвлөлөөр оруулж, бүртгэж авсан.

Вакциныг дүүргийн нэгдсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдээр хийнэ. Судлагдаагүй учир яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасагтай эмнэлгүүд дээр түшиглэж хийхээр төлөвлөсөн.
Вакцинтай холбоотой журмыг маргаашаас(өнөөдрөөс) баталж гаргана.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.21.173
    2021/02/20

    УОК НОК тэгээл таануус бүгд вакцинд хамрагдчих дараа нь иргэд хтйлгэж л таараа өөр яахав дэ

    Хариулах