УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нараас “МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар тавьсан” асуултын хариуг хэлэлцсэн.
Энэ үеэр МИАТ компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир “Санхүүгийн нөхцөл байдлын тухайд 2017-2019 оны хугацаанд 35-52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт тодорхой хэмжээнд орлого бүрдүүлж байсан. 2020 оны хоёрдугаар сараас бүх нислэг зогссонтой холбоотойгоор 58 тэрбум төгрөгийн алдагдалтай, 2021 оны байдлаар 52 тэрбум төгрөгийн алдагдалтай гарахаар байна.
Өнөөдрийн байдлаар 51.3 тэрбум төгрөгийн хүлээгдэж буй төлбөртэй байна. Одоогоор үйл ажиллагаанд ашиглахгүй байгаа нэг, ашиглаж буй дөрвөн онгоц байна. Дөрвөн онгоцны нэгийг 2013 онд МИАТ компани Засгийн газрын баталгаат зээлээр худалдаж авсан.
Энэ онгоцны төлбөр 2023 оны хоёрдугаар сард төлөгдөж дуусна. Одоогийн байдлаар 123 сая ам.долларын төлбөр байгаа. Бусад гурван онгоц нь түрээсийн зардлаар явж байгаа. Хамгийн өндөр түрээсийн төлбөртэй нь сарын 440 мянган ам.доллар. Нөгөө хоёр нь тус бүр сарын 256, 380 мянган ам.долларын түрээсийн төлбөртэй.
Нэг сарын өмнөөс онгоцны түрээс буулгах хэлцэл хийсний дүнд сарын 380 мянган ам.долларын түрээсийн төлбөртэй онгоцыг цаашид 155 мянган ам.долларын түрээсээр ашиглах боломжтой болж байна. Мөн 256 мянган ам.долларын түрээстэй байсан онгоцыг 155 мянган ам.доллароор түрээслэхээр болсон” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна