У.Хүрэлсүх: Төрийн тэргүүний хувьд авлигатай тэмцэх бүх нийтийн үйл хэрэгт нэгдэж, манлайлан оролцоно

2022/01/12

Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг олон улсын өдрийг угтан зохион байгуулсан “Авлигын эсрэг үндэсний чуулган”-ы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж танилцуулав. 

Ерөнхийлөгч илгээлтдээ 

“Эрхэм хүндэт төлөөлөгчид өө
Эрхэм төрийн албан хаагчид аа

 Монгол төрийн бодлогын төвд ямагт монгол хүн, монгол айл өрх байж ирсэн билээ. Монгол хүн эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, ажил орлоготой, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай, эх орондоо айх аюулгүй, сэтгэл хангалуун аж төрөх бүх талын боломж нөхцөлийг Монгол төр бүрдүүлэх ёстой.

 Энэхүү нөхцөлийг бүрдүүлэх нэг үндэс нь төрийн байгууллагууд нь цомхон бүтэцтэй, чадварлаг мэргэшсэн, хариуцлагатай хүний нөөцтэй, хүнд сурталгүй, авлигагүй, тогтвортой бөгөөд ил тод бодлого, үйл ажиллагаатай, төр ба иргэний нийгэм, хувийн хэвшил нь нягт хамтын ажиллагаатай, ажлынхаа үр дүнг ард түмнээрээ дүгнүүлдэг хяналттай байх явдал юм. 

Үүний тулд төр засаг, ард түмэн хамтдаа авлигатай эрс шийдэмгий тэмцэх, шийдвэр гаргах үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах зэрэг олон арга хэмжээг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. 

Энэ нь эцсийн дүндээ хүн биш хууль засагладаг, ардчилсан шударга төртэй байх асуудал бөгөөд ардчилсан шударга төртэй байх гол үндэс нь авлигаас ангид төрийн албыг төлөвшүүлэх явдал гэж үзэж байна. 

“Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас зарласан 2019 оны авлигын индексээс харахад Монгол Улс 5 оноогоор 105 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2020 онд мөн 35 оноогоор дээрх жагсаалтын 5 байраар ухарч 111 дүгээрт эрэмбэлэгдсэн байгаа нь манай авлигатай тэмцэх үйл ажиллагаа дорвитой үр дүнд хүрэхгүй байгааг харуулж байна гэж үзэж байна. 

Түүнчлэн Монголд төрийн өмчит компаниудын олигархи бүлэглэлүүд нийлэн цөлмөдөг, үйл ажиллагаанд нь авлига их байгааг олон улсын байгууллага тодорхойлсон байна. Ийм учраас төрийн өмчит компаниудын хуулийг батлан гаргах шаардлагатай гэж үзэж байгаа юм.

 Мөн улс төрийн намууд хамгийн их авлигажсан институт болж хувирсан тул зайлшгүй хууль эрх зүйн орчны өөрчлөлт хийж, санхүүжилт нь төрөөс гардаг цомхон бодлогын институт болгон өөрчлөх шаардлагатай байна.  

Бид авлигын эсрэг тэмцлийг цаг алдалгүй эрчимжүүлж чадвас хууль хүн бүрд тэгш үйлчилдэггүй, нийгмийн баялгаас нэг хэсэг нь хулгайлдаг, ирээдүй хойч үеийнхээ олон боломжийг үгүйсгэх, улмаар энэ байдал даамжирвал цаашид эдийн засгийн тусгаар тогтнолоо алдахыг ч үгүйсгэх аргагүй байна.

Авлига нь Монгол хүнийг, Монгол төрийг, Монгол Улсыг сулруулах аюул занал мөн гэдгийг бид үргэлж санаж, түүнтэй эрс шийдэмгий, системтэй тэмцэх шаардлагатай. Авлигатай тэмцэх нь нэг өдрийн, нэг жилийн, эсвэл нэг Засгийн газрын хийдэг ажил биш. 

Хүний амьсгалах агаар мэт өдөр тутмын нэн хэрэгцээ шаардлага болж байнга тэмцэж байх үйл явц юм. Ийм үйл хэрэгт төр, төрийн байгууллага, төрийн албан хаагчид түүчээлэх хэрэгтэй гэж бодож байна. Монголын төрд зүтгэж буй хүн бүр авлигаас ангид, чигч шударгаар ажиллаж чадвал авлигатай тэмцэж байгаа ажлын бодит үр дүн болно. 

Авлигыг бууруулах, таслан зогсоох нэг суурь нь хараат бус, бие даасан, шударга хууль шүүхийн байгууллагатай байх явдал юм. Эрх мэдэлтэй, эд хөрөнгөтэйд нь зөөлөн ханддаг, эгэл ардад хатуу ханддаг шүүхийн тогтолцоог өөрчлөхийг иргэд хүсэж байна. Шүүх, прокурор, хуулийн байгууллагын албан хаагчид бизнесийн явцуу эрх ашиг сонирхолд автдаггүй, улс эх орныхоо язгуур эрх ашгаас урвадаггүй, хэн нэгний дарамт шахалт, даалгавраар гэм зэмгүй нэгнийг хэлмэгдүүлдэггүй, авлигач гэмт этгээдийг ял завшуулдаггүй байх нь нэн чухал юм. 

Саяхныг болтол улс орнууд авлигын эсрэг асуудлыг дотооддоо дангаараа шийдвэрлэхээр зорьж, тал бүрийн арга хэмжээ авч байлаа. Гэвч улс үндэстнүүдийн харилцаа, бизнес өргөжин тэлж байгаатай холбоотойгоор авлига хил дамнасан, дэлхий нийтийн шинж чанартай болсон байна. 

Тийм учраас НҮБ-аас Авлигын эсрэг конвенцийг баталж, мөн авлигын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн нь авлига хэр ноцтой, хэр өргөн цар хүрээтэй, хүн төрөлхтөний өмнө шийдэл хүлээсэн тулгамдаж байгаа асуудал болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, хамтран тэмцэх шаардлагатай байгаагийн нотолгоо юм. Нэг үгээр хэлбэл, авлигатай тэмцэх нь дэлхий нийтийн үйл хэрэг болоод байна. 

Монгол Улсын хувьд 2005 онд Авлигын эсрэг конвенцийн үзэл санааг хүлээн зөвшөөрч, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө үүрэг хүлээн тус Конвенцид нэгдэн, дэлхий нийтийн авлигатай тэмцэж байгаа тэмцэлд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа. Түүнчлэн манай улс 2017 онд Авлигатай тэмцэх олон улсын стандартыг үндэсний стандарт болгож баталсан анхны улс болсон юм. 

Төрийн тэргүүний хувьд авлигатай тэмцэх бүх нийтийн үйл хэрэгт нэгдэж, манлайлан оролцох нь зүй ёсны хэрэг бөгөөд Монгол төр, хууль ёсоо дээдлэн, төрийн албан хаагчид нь хуульд захирагддаг, хуулийн хэрэгжилтийг хангахын төлөө хоёргүй сэтгэлээр ажилладаг байж сая шударга журмыг сахиулах, иргэд хуулийг дээдэлдэг болох учиртай. Ард түмний эв нэгдэл, нийгмийн тогтвортой байдал шударга ёс дээр тогтдог тул чуулганд оролцогч та бүхэн ухаан бодлоо уралдуулж, идэвх зүтгэл гарган авлигатай тэмцэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. 

Авлигын эсрэг үндэсний чуулганд өндөр амжилт хүсье. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх” гэжээ. 







Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.75.235
    2022/01/13

    Монгол хүн СНэргүй би бүтэн жил ажиллах хүсэлт тавиад зг хүлээж аваагүй ээ одоо ч уулзах цаг алга хариу ч алга

    Хариулах
  • 66.181.161.121
    2022/01/13

    neg oroh neg shinjilge shig .....hh

    Хариулах
  • 66.181.160.38
    2022/01/12

    buh hergiig medej bgaa hun ,gevch helj bgaa shigee hiij chadah bol uu?

    Хариулах
  • 202.170.73.198
    2022/01/12

    Хууль зөрчдөг хүүстээ арга хэмжээ авмаар байна, илээд явуулдаг байдлаа хэзээ зогсоох вэ Ерөнхийлөгч өөө

    Хариулах
  • 202.170.73.198
    2022/01/12

    Зөв өө, зөв.

    Хариулах