Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар (УХШИГГ)- ын даргаар ажиллаж байсан Б.Мягмар, түүний найз У.Энхболд, “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбал нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
Б.Мягмарыг олон улсын ачаа тээвэр зуучийн компанийнхнаас хахууль авсан, эрх мэдлээ урвуулсан хэрэгт буруутган 2019 оны есдүгээр сард хууль сахиулагчид шалгаж эхэлсэн юм. Тодруулбал, УХШИГГ-ын даргыг Монгол, АНУ-ын хооронд тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбалаас удаа дараа хахууль авсан хэрэгт буруутгасан бөгөөд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхний шалгалтаар энэ бүхэн нь тогтоогдсон байдаг.
УХШИГГ-ын дарга нь “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбалтай найз У.Энхболдыгоо гэрээ хийлгэж, дансаар нь мөнгө авсан болохыг мөрдөгчид тогтоосон аж. Улмаар тус компанийн ачааг хурдан шалгаад саадгүй нэвтрүүлэх чиглэл өгч, найзынхаа дансаар багагүй хэмжээний мөнгө авсан хэмээн буруутгасан юм.
Тиймээс НПГ-аас Б.Мягмарт Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Харин “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбалд мөн хуулийн 22.5-1 дэх хэсгийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” хэмээн яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд нэлээд хугацаа өнгөрсөн билээ. Уг хэргийг дээрх шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун өмнө нь нэг удаа нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан бөгөөд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан захирамжийг хүчингүй болгосон юм. Шүүгдэгч дээрх гурван хүн, тэдний өмгөөлөгч нар Дээд шүүхэд хандсан ч хяналтын шатны шүүх хэлэлцэхээс татгалзсанаар анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхээр болсон. Гэвч шүүх хурлаа хойшлуулсаар байсны эцэст Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УХШИГГ-ын дарга асан Б.Мягмарыг 30, “Гэрэлт хүрэх оргил” ХХК-ийн захирал А.Хашбал, иргэн У.Энхболд нарыг тус бүр 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.
Бэлтгэсэн Г.РАВЖАА
Эх сурвалж: Өнөөдөр сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.154.63
Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw
Хариулах