УСАН ПАРК-ийн мөрөөр: “Эм энд Жи констракшн” Дунд голын газрыг авахдаа Шүүхэд ХУДАЛ мэдүүлэг өгчээ

Х.Батсайхан
2023/05/11

-Нийслэл, БОАЖЯ шүүхэд хандахад л "Эм энд Жи" констракшн"-ы газрын зөвшөөрлийг цуцлуулах боломжтой-

“Азидаа томд орох усан парк, амралт зугаалгын цогцолбор барина гэж байсан ч “AQUA Garden” нэртэй орон сууцны хороолол барьж буй “Эм энд Жи” констракшн” компани Усны тухай, Ойн тухай, Газрын тухай хуулийг ноцтой зөрчсөн ч БОАЖЯ, БХБЯ, АТГ, МХЕГ, Хотын захиргаа зогсоох гээд дийлэхгүй байгаа билээ. 

Нийслэлээс тус компанийн газар эзэмших эрхийг цуцалж чадахгүй байгаагаа Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны гуравдугаар сарын 03-ны өдөр гаргасан шийдвэртэй холбож тайлбарладаг.

Өөрөөр хэлбэл, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч энэ олон байгууллагын шаардлага, шийдвэрийг “Эм энд Жи” компани Шүүхийн ганцхан шийдвэрээр хаасаар өдийг хүрчээ.

Тэгвэл бид энэ удаа төр, хууль журмыг давсан эрх мэдлийг “Эм энд Жи констракшн” ХХК-д олгосон, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр гаргасан 128/ШШ2021/0147 дугаартай шийдвэртэй холбоотой мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

БАРИМТ 1: “Эм энд Жи констракшн” уг газрыг дуудлага худалдаагаар авсан гэдэг нь эргэлзээтэй, үнийн дүнгээ зөрүүтэй мэдүүлдэг

“Эм энд Жи констракшн” компани газар эзэмших эрхийг цуцалсан Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг эсэргүүцэж, Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ УСАН ПАРКИЙН газрыг “2008 оны 9 сарын 17-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 442 тоот захирамжаар ОРОН СУУЦНЫ ЗОРИУЛАЛТТАЙГААР дуудлага худалдааны анхны үнэ болох 380 орчим сая төгрөг төлсөн” гэсэн бол итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа “Дуудлага худалдааны АНХНЫ ҮНЭ болох 207.680.000 төгрөгийг төлж газар эзэмших эрхтэй болсон” гэж зөрүүтэй мэдүүлжээ.

Мөн нэхэмжлэл, тайлбарын аль, алинд нь газар эзэмших эрхийг дуудлага худалдааны “АНХНЫ ҮНЭ”-ээр авсан гэсэн нь нэг бол дуудлага худалдаагаар аваагүй, нөгөө бол дуудлага худалдаа зарласан ч өөр компани оролцоогүй гэж ойлгогдохоор байгаа юм.

БАРИМТ  2: Усан паркийн газрыг “Орон сууц барих“ зориулалтаар авсан нь баталгаагүй, эзэмших эрх нь 2018 онд дууссан байсан

“Эм энд Жи” констракшн” компани нь Дунд голын эрэг дээрх уг газрыг “Анхнаасаа орон сууцны зориулалтаар эзэмшсэн” гэдэг ч Нийслэлээс шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа “Уг газрыг “Эм энд Жи констракшн” компанид эзэмшүүлэх захирамжийг Нийслэлээс 2008 онд газар ашиглах, 2010, 2013, 2018 онд газар эзэмших захирамж гаргаж өгсөн байдаг бөгөөд 2008 оны анхны зархирамж ашиглах зориулалтаар гарсан, зориулалт заагаагүй, Шүүхийн шийдвэрт ч энэ талаар дурдаагүй байна.


Түүнээс хойш гаргасан захирамжууддаа /2011 онд Капитал банкинд эрх шилжүүлэхдээ “Орон сууц барих” гэж өөрчилснийг эс тооцвол/ үндэсний усан парк, ногоон байгууламж, үйлчилгээ, спорт цогцолбор барих” хэмээн тодорхой зааж байжээ.

 Өөрөөр хэлбэл, Нийслэлээс тус компанид Дунд голын газрыг “Орон сууц барих” зориулалтаар өгч байгаагүй болж таарч байгаа юм.

“Эм энд Жи констракшн” газрын зориулалтыг өөрчилснийг батлах бас нэг баримт бол Нийслэлээс 2013 онд тус газрыг Ногоон байгууламжийн зориулалтаар таван жилийн хугацаатай олгосон явдал юм. 

Гэтэл компанийн зүгээс Ногоон байгууламжийн зориулалтаар авсан газартаа “УСАН ПАРК барина” хэмээн сурталчилж эхэлсэн нь газрыг зориулалтын бусаар ашиглахаа ил тод зарласан гэж үзэх үндэстэй. 

Таван жилийн хугацаанд “Ногоон байгууламж” байгуулах чиглэлээр ямар ажил хийсэн нь шүүхэд гаргаж өгсөн тайлбараас нь харагдахгүй байгаа юм.

Уг зөвшөөрлийн хугацаа 2018 оны аравдугаар сарын 18-ны өдөр дууссан.

Гэсэн ч  уг газрын дундуур зам тавигдаж хуваагдсан гэдэг үндэслэлээр 2018 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Нийслэл дахин захирамж гаргаж, 7.9 га, 0.26 га, 2.9 га болгон гурав хувааж, тус, тусад нь гэрчилгээ гаргаж эзэмшүүлсэн байх бөгөөд ингэхдээ гурвууланг нь “Үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор барих зориулалтаар эзэмших” зориулалтаар олгожээ.

Эндээс харвал, Нийслэл газраа хэзээ ч “Эм энд Жи констракшн” ХХК-д орон сууц барих зориулалтаар өгч байгаагүй, компанийн зүгээс хэлдэг “2008 онд анх орон сууц барих зориулалтаар авсан” гэх тайлбар маш эргэлзээтэй болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, “Эм энд Жи констракшн” уг газар дээр УСАН ПАРК-аас өөр барилга байгууламж барих эрхгүй, орон сууцны барилга барьсан нь хууль бус гэж харагдаж байгаа юм.

БАРИМТ 3: “Эм энд Жи констракшн” шүүхэд ХУДАЛ МЭДҮҮЛЭГ өгчээ

“Эм энд Жи” констракшн” нь эзэмшиж байсан газар дээрээ УСАН ПАРК барих эрмэлзэлтэй байсан, зориулалтын дагуу ажил хийсэн гэдгээ нотлохдоо “2013 оны 10 сарын 18-ны өдрөөс газар эзэмших эрхийн гэрчилгээг ДАХИН АВСНЫ ДАРААГААР Хүүхэд Залуучуудын Усан парк. Соёл амралтын хүрээлэн барихаар Английн “Витала" группээр 890.000 орчим ам.доллар төлж ТЭЗҮ хийлгэсэн” гэж дурджээ.

Улмаар шүүгч энэ тайлбарыг нь хүндэтгэн үзэж, шийдвэр гаргахдаа баримт болгож авсан байдаг.


Гэтэл өнгөрсөн нэгдүгээр сарын 6 гэсэн огноотой, БНСУ-ын иргэн Им Жун Үгээс гаргасан гомдлын дагуу явагдсан Шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа “*.* нь 2012 оны 08 сарын 01-ний өдрөөс 2013 оны 02 сарын 26-ны өдрийн хооронд 25 удаагийн гүйлгээгээр нийт 537,414 ам.долларыг “Витала” групп болон ***-руу шилжүүлсэн. Гэтэл хөрөнгө оруулалт орж ирэх нь худал байсан тул *** бусдыг залилсан гэдэг үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан” гэж мэдүүлсэн байна.  


“Эм энд Жи констракшн” нь түүнчлэн Itoim агентлагт уг асуудлаар ирүүлсэн тайлбартаа “Английн Витала групп 2012 онд усан паркийн санхүүжилтийг олж өгнө, ТЭЗҮ хийж өгнө хэмээн тухайн үед 1 сая орчим ам.долларын санхүүжилтийг авсан боловч хөрөнгө оруулагч олж өгөх, ТЭЗҮ хийх зэрэг асуудалд маш хариуцлагагүй хандаж их хэмжээний мөнгө аваад алга болсон. Одоо төслийн хөрөнгө оруулалтад ямар ч хамаарал байхгүй. 2012 онд гэрээ байгуулснаас хойш эргэж огт холбогдоогүй” гэснийг мөн энд дурдах ёстой.

Өөрөөр хэлбэл, “Эм энд Жи констракшн” 2012 онд буюу БНСУ-ын иргэн Им Жун Ү-гийн  эзэмшилд байх үед “Витала” группт залилуулж алдсан мөнгөө “2013 онд, газрын зөвшөөрөл авсны дараа хөрөнгө оруулсан мэтээр худал мэдүүлсэн байна.

БАРИМТ 4: Шүүхийн шийдвэр зөвхөн газрын асуудлаар гарсан, орон сууц баригдсан газрын зөвшөөрлийг цуцлах, орон сууц барихыг болиулж, зориулалтын дагуу ашиглах шийдвэр гаргах боломжтой 

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Эм энд Жи констракшн” ХХК-ийн газрын зөвшөөрлийг цуцлахдаа гурван үндэслэл дурдсаны хамгийн даацтай нь “Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 230/127 дугаартай тушаалаар хамгаалалтын бүсэд хамаарч байгаа” гэсэн үндэслэл байсан.

Гэтэл шүүхээс “Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4-ийг “Тус газар нь усны хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд зайн хэмжээний тухайд хамаарч байх боловч үерийн далан байгуулагдсан” гэж,

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 230/127 дугаартай тушаалыг “Уг тушаалыг дагаж мөрдөх журмын 2 дугаар зүйлийн 2.4-д Улс ардын аж ахуйд онц ач холбогдолтой мега төслийн байгууламж барих, үерийн хамгаалалт, тохируулгын далан боомт, үерийн ус хуримтлуулах нөөцлүүр зэрэг усны барилга байгууламж болон зам, гүүр, усан зогсоол, ус цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн байгууламж бүхий газарт онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй гэж заасан” хэмээн үгүйсгэсэн байна. Ингэхдээ “Энэ асуудлаар талууд маргаагүй” гэж дурджээ.


Эндээс нэг чухал нюанс гарч ирж байна. Шүүх УСАН ПАРК-ийг Улс ардын аж ахуйд онц ач холбогдолтой мега төслийн байгууламж гэж тооцжээ Энэ юу гэсэн үг вэ гэвэл, Дунд голын эрэг дээрх уг газарт УСАН ПАРК барьж болно, харин орон сууц бол болохгүй ээ гэсэн үг. Нэг ёсондоо Шүүхээс газрын зөвшөөрлийг “Эм энд Жи констракшн” компанид хэвээр үлдээсэн ч дам утгаараа орон сууц барьж болохгүй гэжээ.

Дээр дурдагдсан баримтуудыг авч үзвэл Нийслэл, БОАЖЯ хоорондоо бичиг шидэлгүй шууд шүүхэд хандахад л гурван тусдаа зөвшөөрлийг бүгдийг нь биш юм аа гэхэд ядаж л орон сууц баригдаж байгаа газрын зөвшөөрлийг нь цуцлуулах, эс бөгөөс барилгаа буулгаж, УСАН ПАРК барих шийдвэр гаргуулах боломж бүрэн байгаа гэж харагдаж байгаа юм. 

Х.Батсайхан



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.152.249
    2023/05/12

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.70.241
    2023/05/11

    Маш зөв. Сайн бичжээ

    Хариулах
  • 202.126.88.85
    2023/05/11

    Наад барилгаа болиулаач! Голын эргийн дагуу газар олгох ёсгүй биз дээ

    Хариулах
  • 202.170.73.198
    2023/05/11

    aimshg nuraagaachee

    Хариулах