УСАН ПАРК-ийн мөрөөр: “Авлига” хороолол”-ыг зогсоохгүйгээр 5Ш-д хэн ч ИТГЭХГҮЙ...

Х.Батсайхан
2023/05/17

-Авлигын бэлгэ тэмдгийг устгах нь эрх баригчдын хамгийн хүчтэй ПИ АР болдог-

Дунд голын гольдрил дотор байгаль орчны үнэлгээ хийлгэлгүй баригдаж байгаа “Эм энд Жи констракшн” компанийн Усан парк цогцолбор хороолол олонд “АВЛИГА ХОРООЛОЛ” гэж нэршжээ.

Зогсоох, зогсоогоод зогсохгүй нураахгүй бол цаашид ч Монголд авлига, хээл хахууль оршин байгааг илэрхийлж, эрх баригчид авлигачид шүү гэдгийг сануулсаар байх БЭЛГЭ ТЭМДЭГ болох тал руугаа орсон байна. Бэлгэ тэмдэг бол аливаа зүйлийг илэрхийлэх, ойлгуулах хамгийн энгийн, бас товчхон арга билээ. 

УСАН ПАРК цогцолбор яагаад МОНГОЛЫН АВЛИГЫН БЭЛГЭ ТЭМДЭГ вэ, яагаад НУРААХ ЁСТОЙ вэ 

“УСАН ПАРК цогцолбор” орон сууцны хороолол бол Монголд хууль ёс хэрэгждэггүйн баталгаа болсон барилга гэдгийг харуулах олон баримт бий.

Усны тухай, Ойн тухай, Газрын тухай гурван хууль зөрчиж баригдсан.

БОАЖЯ, БХБЯ, АТГ, МХЕГ, Хотын захиргаа аль, аль нь зогсоох гэж үзсэн ч БОАЖЯ-наас бусад нь замын дундаас хаяж, эс үйлдэл гаргах болсон. Шүүх эрх мэдэл бол улайм цайм дэмжчихсэн байдаг. 

2013-2018 онд ногоон байгууламжийн зориулалтаар эзэмшиж байсан ч ногоон байгууламж бариагүй. Өөрөөр хэлбэл, зориулалтын дагуу ашиглаагүй. Нийслэлээс тус газрыг 2013, 2018, 2020 онд хурааж авах боломжтой байсан ч боломжоо ашиглаагүй байдаг. 2020 онд Ж.Батбаясгалан дарга байхдаа газрын зөвшөөрлийг нь цуцалсан ч Газрын тухай хуулийн 40.1.6 дугаар /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ заалт хүчин төгөлдөр болохоос хоёрхон сарын өмнө захирамж гаргаж “тус болсон”.

Шүүх энэ алдаан дээр нь дээр дөрөөлж шийдвэрээ гаргасан бөгөөд ингэхдээ газрын зөвшөөрлийг “Усан парк” гэдэг агуулгаар авч үзэж, "Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны а-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам” батлагдсан.

Журмын 2.4-т улс ардын аж ахуйд онц ач холбогдолтой мега төслийн байгууламж барих, үерийн хамгаалалт, тохируулгын далан боомтүерийн ус хуримтлуулах нөөцлүүр зэрэг усны барилга байгууламж болон зам, гүүр, усан зогсоол, ус, цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн байгууламж бүхий газарт онцгой хамгаалалтын бүс тогтоохгүй гэж заасан нь “Эм энд Жи” констракшны эзэмшлийн газарт хамаарахгүй байна" гэж дүгнэсэн байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Усан паркийг голоосоо ангид байх ямар ч боломжгүй гэж үзээд усан цахилгаан станц, гүүрийн байгууламжтай адилтгажээ. Гэтэл орон сууц бол усан парк биш. Голын гольдрил дотор орон сууц байх ямар ч боломжгүй.

Шүүх ийм шийдвэр гаргачихаад байхад Нийслэл давж заалдах боломжоо ашиглалгүйгээр ёсчлон биелүүлж, зориулалт дээр нь “орон сууц” гэж нэмж өргөжүүлэн шинэ захирамж гаргаж өгсөн.

Авлигын БЭЛГЭ ТЭМДГИЙГ УСТГАХ НЬ эрх баригчдын хамгийн том Пи Ар болдог

УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо очоод иргэдээсээ зэм хүртлээ. Цар тахлын улмаас уулзалгүй удсандаа ч биш, амьдрал нь үнэхээр хүнд байгаад иргэд бухимдаж байна.

Төр иргэний итгэлцэл цар тахлаас биш, авлига их, амьдрал муу байгаагаас шалтгаалж байна. Засгийн газар “5Ш” гэх хөтөлбөр хэрэгжүүлж, төрийн төмөр нүүрийг сануулавч итгэх хүн алга. Итгэхгүй байгаа нь авлигын бэлгэ тэмдэг болсон барилгуудаас болж байна. Хамгийн том жишээ нь Дунд гол дотор баригдаж байгаа “Авлига хороолол”. Авлигын хүчээр боссон барилга нураагдаагүй байхад хэн итгэх юм бэ.

Төрөөс “УСАН ПАРК цогцолбор”-ын барилгыг эхлээгүй байхад нь зогсоох буюу газрын эрхийг нь цуцлах оролдлого өмнө нь олон удаа гаргаж байсан. 

Гэвч тухай бүрт шүүхийн шийдвэрээр зогсоогддог, төрийн байгууллага тэр бүү хэл хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль хүртэл хүчин мөхөсдсөн. 

Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд нь хүртэл зогсоох битгий хэл, эрх бүхий албан тушаалтнгаас тайлбар авчихаж чадахгүй, иргэдээсээ тусламж гуйх хэмжээнд хүрсэн нь “УСАН ПАРК цогцолбор” нь Монголын авлига хээл хахуулиас гадна Монгол төрийн сул дорой байдлын бэлгэ тэмдэг болсныг тодорхой харуулж байгаа юм. 

Хуулиас давсан эрх мэдэл хэрэгжүүлж ард иргэдийнхээ заяагдмал эрхийн эсрэг ажилласан улстөрч, бизнесмэнүүд аль ч улсад бий. Гэсэн ч нэг л өдөр үнэнд гүйцэгддэг жамтай. Тэр үед улстөрч нь огцорч, бизнесмэн нь дампуурддаг. 

Манайд ч адилхан, одоо хуулийг дийлж, сүндэрлэлээ ч дараа нураагдах нь тодорхой. Гэхдээ эртхэн зогсоохгүй бол хохирлын хэмжээ улам их гарч, иргэд бүр ихээр хохирох нөхцөл үүсэх эрсдэлтэй байна.

Учир нь тус компани барилгаа барьж дуусаагүй байхдаа иргэдээс захиалга авч, барилга ашиглалтад орох хүртэл тодорхой графикаар төлж дуусгахыг санал болгосон бөгөөд долоон блок 1200 байрны бүх захиалга дууссан, иргэд сар бүр асар их хэмжээний мөнгө төлж байгаа юм. 

     



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.164
    2023/05/21

    Голын гольдрол бол Туул голоос Дунд гол тэр чигтээ хамаарна. Бүгд л усан дээр баригдсан барилгууд газар доорх усаа дунд гол руу хийж бна шүү

    Хариулах
  • 64.119.22.98
    2023/05/19

    Зөв зүйтэй сайхан нийлэл болжээ дэмжиж бна

    Хариулах
  • 202.170.73.198
    2023/05/18

    маш зөв. Зөвийнхөн үнэхээр сайн ажилласаан. багт баяр хүргэе

    Хариулах