"Дараагийн ёкозүна" хэмээн магтагдаж эхэлсэн Кирибаяма Б.Лхагвасүрэнгийн өндөрлөгт хүрсэн түүх

Х.Батсайхан
2023/05/29

Zuv.mn мэргэжлийн сүмоч, саяхан өндөрлөсөн Нацү башед озэки цолны болзлыг шинээр хангасан Кирибаяма Б.Лхагвасүрэнг онцолж байна. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын Хацү башед сэкивакэ цол хүртэж, гуравдугаар сард болсон Харү башёд түрүүлэн, сэкивакэ цолтой барилдсан анхны тэмцээндээ түрүүлсэн дөрөв дэх, олон мянган жилийн түүхтэй Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд түрүүлсэн ес дэхь монгол бөх болсон юм.   

Б.Лхагвасүрэн 1996 онд төрсөн, энэ жил 27 настай. Мэргэжлийн сүмогийн “Мичинокү” дэвжээний бөх. 2015 онд 18 насандаа мэргэжлийн сүмод орж, 2015 оны долдугаар сарын тэмцээнд жонокүчи зиндаанд Кирибаяма Тецүо нэрээр барилдаж эхэлжээ. Анхныхаа тэмцээнд тав ялж, хоёр ялагдсан амжилтаар зиндаа дэвшсэн Б.Лхагвасүрэн дараа нь жониданд 6-1 амжилт үзүүлэн санданмэ зиндаанд дэвшиж, улмаар тус зиндаанд анхны тэмцээндээ 7-0 амжилтаар түрүүлсэн юм. Тэрбээр мэргэжлийн сүмогийн доод гурван зиндааг гуравхан тэмцээнд туулсан нь хэр баргийн аавын хүү үзүүлээд байдаг амжилт биш аж. Ер нь ирээдүйтэй гэдгээ харуулж л байжээ гэж одоо бодогдож байна.

Нэрийн хуудас:

Нэр: Бямбачулууны Лхагвасүрэн

Дэвжээний нэр: Кирибаяма Тецүо

Цол: Озэки

Төрсөн огноо: 1996 оны дөрөвдүгээр сарын 24

Төрсөн газар: Монгол

Өндөр, жин: 186 см, 140 кг

Ингээд 2016 оны Хацү башёд мэргэжлийн сүмогийн хамгийн хэцүү бэрх зиндаа гэгддэг макүшита зиндаанд барилдаж, анхны тэмцээндээ гурав ялж, 50 хувийн амжилтаа үзүүлж чадаагүй аж. Буцаад санданмэ руугаа бууж, хоёр тэмцээний дараа /4-3, 6-1/ буцаад мазүшитадаа дэвшсэн ч гэмтэж, тэмцээн өнжсөнөөр буцаад санданмэ руугаа буув. Гэхдээ энэ удаад харин санданмэд ганц тэмцээн зарцуулаад макүшитад дэвшиж, улмаар мэргэжлийн сүмогийн дээрээсээ гурав дахь зиндаанд анх удаа 50 хувийн амжилт үзүүлсэн байна. Энд гурван жил барилдаад 2019 оны нэгдүгээр сард жүрёо зиндаанд дэвшин цолтой бөх болжээ. Жүрёод тэрбээр харин удаагүй, яг нэг жил барилдаад 2020 оны нэгдүгээр сард макүноүчи буюу дээд зиндаанд дэвшсэн юм.

Дээд зиндааны анхны тэмцээндээ Б.Лхагвасүрэн 11-4 амжилт гарган шуугиулж, "Дайчин барилдааны шагнал" хүртсэн. Улмаар дараагийн тэмцээнд нь /2020.III/ 9 ялж, юу юугүй комүсүби цолны босгонд тулаад ирсэн байдаг. Гэвч гэмтсэнээр маэгаширагийн дээд хэсэгт нэг хэсэг барилдсан юм. Комүсүби болсон ч буцаагаад алдаж байв. Харин өнгөрсөн оны есдүгээр сард комүсүби болсноосоо хойш буцааж алдсангүй. 9-6, 8-7, 11-4, 12-3 /түрүүлсэн/,  11-4 амжилт үзүүлээд байна. Япончууд ч дараагийн ёкозүна байж болох юм гэсэн байдлаар ярьж эхэлжээ.  

Тэрбээр хоёр дараалж түрүүлсэн тохиолдолд ёкозүна цол хүртэх юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.148.41
    2023/05/30

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах