Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлнэ. Монголын санаачилгаар зохион байгуулагдаж буй энэхүү уулзалт Төрийн ордонд хоёр өдөр чуулах юм.
Уулзалтыг Герман, Франц Улс дэмжин, хамтран зохион байгуулж, тус хоёр улсын Гадаад хэргийн сайд нар биечлэн оролцох юм. Түүнчлэн дэлхийн бүс нутаг бүрийн төлөөлөл, тухайлбал Буркина Фасо, Индонез, Лихтенштайн, Өмнөд Африкийн Гадаад хэргийн сайд нар, Австрали, Мозамбикийн Жендэрийн асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд нар болон НҮБ, олон улсын бусад байгууллагуудын төлөөлөгчид биечлэн, 10 гаруй улсын Гадаад хэргийн сайд нар цахимаар оролцоно.
Дэлхийн хүн амын тал хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэднийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн , өөрөөр хэлбэл бүх хүн адил тэгш эрх, эрх чөлөө эдэлж, адил тэгш боломжоор хангагдах ёстой гэсэн зарчимд тулгуурласан феминист болон феминист чиг баримжаатай гадаад бодлого хэрэгжүүлж буй орнуудын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Манай улс Гадаад бодлогын үзэл баримтлалдаа жендэртэй хамааралтай тусгай заалт оруулаагүй хэдий ч эмэгтэйчүүдэд чиглэсэн бодлогыг гадаад харилцаандаа тасралтгүй явуулж, жендэрийн зааг ялгааг арилгахад чиглэсэн үйл ажиллагааг тогтмол дэмжиж ирсэн.
Иймд энэхүү уулзалт нь Монгол Улсын бодлого, байр суурийг таниулах төдийгүй жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад оруулж буй бодит хувь нэмэр оруулах зорилготой юм.
Уулзалтын үеэр олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлс дэх эмэгтэйчүүдийн оролцоо, уур амьсгалын өөрчлөлт болон хүнсний аюулгүй байдал гэсэн 3 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, төгсгөлийн баримт бичиг гаргахаар төлөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна