ҮНДЭСНИЙ БӨХ: Идэвх санаачилгагүй барилдсан бөхийг хасаж, учраа бөхийг давсанд тооцох эсэхийг бүх цэцүүд зөвлөлдөж шийдвэрлэнэ

С.Гандэлгэр
2023/07/10

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг та бүхэнд танилцуулъя. 

Тус дүрэмд "Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдааны хоёр бөхийн барилдаан үргэлжлэх үндсэн хугацаа даваа тус бүрд 20 минут байна" гэж заасан байна. 

Мөн Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны үндсэн хугацаа дуусахад хаялцаагүй бөхчүүдийн барилдааныг зогсоож, хөлийн цэц шодож, дараахь барьцыг хоёр бөхөөр ээлжлэн бариулж барилдуулах бөгөөд учраа бөхчүүд санал нийлсэн тохиолдолд дараахь барьцын дарааллыг баримтлахгүйгээр аль нэгийг сонгон барилдуулж болно, 

Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны барилдах үндсэн хугацаа дуусахад дан болон давхар шуудагны барьцтай барилдуулах хугацаа даваа тус бүрд 20 минут байна, 

Хоёр бөхийн барилдааны идэвхийг харж, хасаж, давуулдаг байсан заалтыг өнгөрсөн гуравдугаар сард өөрчлөн найруулсан. 

Шинэчлэгдсэн заалт: Барилдааны үндсэн, дан болон давхар шуудагны барьцтай барилдах, тэгш барьцтай барилдах хугацаанд буюу санаачилга харах 60 минутын хугацаанд хоёр бөхийн идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах зэрэг үйлдлийг харгалзан үзэж идэвх санаачилгагүй барилдсан бөхөд хоёр удаа сануулж, дээрх хугацаа дууссаны дараа хоёр бөх хаялцаагүй бол хоёр бөхийн идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах үйлдэл, сануулгыг харгалзан үзэж улмаар барилдаанаас хасаж, учраа бөхийг давсанд тооцох эсэхийг бүх цэцүүд зөвлөлдөн олонхын саналаар шийдвэрлэх" гэж тус дүрэмд заасан байна. 

Үндэсний бөхийн барилдааны дөрөвдүгээр зүйл: Бөхийн барилдаан

4.1.Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд талбай дээр хоёр бөх барилдахаар өрснөөр барилдаан эхлэх цагийг тооцно.

4.2.Бөхийн цээжин хэсэг давамгай буюу бүтэн биеэрээ дээр байх үед уг бөхийг давсанд тооцно.

4.3.Барилдаж буй бөхчүүд ойролцоо унавал хэн урьтаж толгой, тохой, өвдөг зэрэг биеийн аль нэг хэсгээр газарт түрүүлж хүрсэн бөхийг унасанд тооцно.

4.4.Барилдааны явцад барьц тавиулах шаардлага гарвал засуулууд өөрийн бөхийн элэг бүс, гараас барих буюу тэврэн "тавилц" хэмээн тодоор хэлж, барилдааныг зогсоох бөгөөд барилдааныг цааш үргэлжлүүлэхдээ барьц тавилцах үеийн барьцаар бариулж, байрлалаар золгуулна. 

4.5.Энэ дүрмийн 4.4-т зааснаар барьц тавилцсан хоёр бөхийн санал нийлсэн тохиолдолд заавал анхны барьц, байрлалыг хангуулахгүй байж болно. 

4.6.Бөхийг дараахь тохиолдолд дахин барилдуулна:

      4.6.1.хаялцах үед давж байгаа бөхийн элэг бүс алдуурах, тасрах;

      4.6.2.учраа бөхөө ямар нэгэн саад болох зүйл рүү түрж барьцанд хүрэх, улмаар мэх хийх, эсхүл тээглүүлж унагах;

      4.6.3.хайнцах;

      4.6.4.гутлын хүлэг, боолт, оймсны түрийнээс барьж унагах;

      4.6.5.гутлын өлмий дээр гишгэж унагах;

      4.6.6.засуул барилдааныг түр зогсоох үед, эсхүл учраагаа өмсгөлөө засаж байхад болон барилдаан удааширсан үед барьц бариулж байхад мэх хийж унагах.

4.7.Барилдааны явцад унаж байгаа бөх хаяж байгаа бөхийн элэг бүсийг татаж тайлсан бол энэ дүрмийн 4.6.1-д заасан нөхцөл хамаарахгүй.

4.8.Барилдаан өрнөж байхад барилдаанаа зогсоох, учраа бөхийнхөө ирийг дарах зорилгоор өрөлтөө орхин өндийх, эргэн явахад нь мэх хийж унагавал дахин барилдуулахгүй.

4.9(Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан) 4.10.Аймаг, сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдааны хоёр бөхийн барилдаан үргэлжлэх үндсэн хугацаа даваа тус бүрд 20 минут байна. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)

4.11.Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны үндсэн хугацаа дуусахад хаялцаагүй бөхчүүдийн барилдааныг зогсоож, хөлийн цэц шодож, дараахь барьцыг хоёр бөхөөр ээлжлэн бариулж барилдуулах бөгөөд учраа бөхчүүд санал нийлсэн тохиолдолд дараахь барьцын дарааллыг баримтлахгүйгээр аль нэгийг сонгон барилдуулж болно:  

      4.11.1.сэнжигдэн элэг бүсдэх;

      4.11.2.дан шуудагдах;

      4.11.3.давхар шуудагдах.

4.12.Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны барилдах үндсэн хугацаа дуусахад дан болон давхар шуудагны барьцтай барилдуулах хугацаа даваа тус бүрд 20 минут байна. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)  

4.13.Энэ журмын 4.12-т заасан дан болон давхар шуудагны барьцтай барилдаж хоёр бөх хаялцаагүй бол тухайн хоёр бөхийн барилдааныг зогсоож, хөлийн цэц барилдааны явцад идэвхтэй барилдсан бөхийн талаар сонгуулж тэгш барьцтай барилдуулна. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор нэмсэн) 4.14.Тэгш барьц гэж бөхийн нэг гар учраа бөхийн шуудагнаас, нөгөө гар сугадаж барьсан барьцыг хэлэх бөгөөд уг барьцтай барилдуулах хугацаа даваа тус бүрд 20 минут байна. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор нэмсэн) 4.15.Барилдааны үндсэн, дан болон давхар шуудагны барьцтай барилдах, тэгш барьцтай барилдах нийт 60 минутын хугацаанд бөхийн санаачилга харна. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор нэмсэн)

4.16.Тухайн дүйз барилдаан эхэлснээс хойш 10 минут өнгөрөхөд талбайд гарч ирээгүй бөхийг унасанд, учраа бөхийг давсанд тооцно. 

4.17.Нэг даваанд бөхийн эмчилгээ хийлгэх хугацаа нийт 3 минутаас хэтрэхгүй байх бөгөөд хэтэрсэн тохиолдолд учраа бөхийг давсанд тооцно. 

4.18.Учраа бөхөд энэ дүрмийн 5.3, 5.4-т заасныг зөрчиж гэмтэл учруулсны улмаас 4.17-д зааснаас илүү хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон бол гэмтэл учруулсан бөхийг барилдаанаас хасаж, эмчилгээ хийлгэж байгаа бөхийг давсанд тооцно. (Энэ заалтад Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)  

4.19.Хоёр бөх барилдан хаялцсаны дараа хэн унаснаас үл хамааран бага цолтой бөх нь илүү цолтой бөхөд ирж, тахим өгч, авалцана.

4.20.Хөлийн цэц маргаантай барилдааны шүүлтэд албан ёсны эрхтэй шууд дамжуулж байгаа телевизийн дуу-дүрсний бичлэгийг ашиглаж болно.

4.21.Хөлийн цэцийн олонхын саналаар гаргасан шийдвэр эцсийн шийдвэр байх бөгөөд унасан бөх барилдааны талбайг чөлөөлнө.

4.22.Барилдаж байгаа бөх эмчилгээ хийлгэх, эсхүл зодог, шуудгаа солих зайлшгүй шалтгааны улмаас зодог, шуудгаа барилдааны талбайгаас гадна тайлахаас бусад тохиолдолд зодог, шуудгаа талбай дээр тайлахгүй. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор нэмсэн)



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна