Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийн байршлыг илрүүлж тогтоох, татан гаргах комиссыг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнээр ахлуулан ажиллаж байна.
Уг ажиллагаа Хөвсгөл нуур Дүбэрлэг уул, Жиглэгийн давааны орчим зохион байгуулагдаж байгаа бөгөөд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр удирдуулсан ажиллагааны баг Дүбэрлэг уул нуурын эргээс 700 орчим метр зайд, 72 метрийн усны гүнд живсэн шатахуун тээврийн 57-07 АЧ улсын дугаартай чиргүүл, Жиглэгийн давааны ам нуурын эргээс 1.4 километрийн зайд 54 метрийн усны гүнд живсэн 6 тн шатахуун тээврийн автомашины ёмкостийг илрүүлж, тус тус татан гаргалаа.
Татан гаргасан шатахууны савнуудад нийт 12 тонн шатахуун (шатах тослох материал) байсныг нуурт алдагдахаас сэргийлж, аюултай бохирдлыг Хатгал тосгоны Цэвэрлэх байгууламжийн тусгай цэгт тээвэрлэн хүргэж, зохих журмын дагуу аюулгүй болголоо. Тухайн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслүүдийг илрүүлэх, татан гаргах ажиллагаа үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна