АН ЕНБД-аараа залуу хүн тавихгүй. 60-аад оны Я.Санжмятав, 70-аад оны Х.Тэмүүжин нарын нэгийг СОНГОНО

Zuv.mn
2023/08/23

Үеийн үед хэрүүл, тэмцлээс салдаггүй нам бол Ардчилсан нам. Засаглаж байгаа үедээ ч, сөрөг хүчин байхдаа ч сандал, суудлын тэмцэл хийж, "хөлөө жийлцсээр" өнөөдрийг хүрсэн. 

С.Эрдэнийн балгаар хэн нь дарга нь мэдэгдэхгүй, хэд хуваагдсан нь ч ойлгомжгүй гурван жилийг үдсэн. Арай гэж өндийх нь үү гэтэл дахиад л намын дотоод "зодоон"-оо хийгээд эхлэв. Мэдээж энэ асуудалд МАН-ын оролцоо багагүй бий. 

Л.Гантөмөр намын даргаар сонгогдоод долоон сар өнгөрөөд байгаа ч, энэ хугацаанд нэг ч удаа ҮБХ-гоо хуралдуулаагүй, Дэд дарга нар, ЕНБД-аа сонгоогүй. Ардчилсан нам олон фракцтай. Тэр хэмжээгээрээ олон эрх ашигтай. Тэр утгаараа ҮБХ-ны ротаци дээр ч, ЕНБД-ын томилгоо дээр ч фракц бүр өөрсдийн хүнээ томилохыг санаархаж буй. 

Өмнө нь ҮБХ хуралдах, ЕНБД-ыг томилох асуудал яригдаж байхад Э.Одбаяр, Ч.Өнөрбаяр нар яригдаж байсан. 

Э.Одбаярын хувьд өмнө нь ХЭГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд Ардчилсан намыг даргатай болгоход тодорхой нөлөө үзүүлсэн хэмээн яригддаг. Түүнийг МАН-аас санал болгосон гэх. 

Ч.Өнөрбаяр хувьд С.Эрдэнэ даргатай АН-ын ЕНБД-аар ажиллаж байсан. С.Баярцогтыг намын даргад дэмжсэн нэгэн. С.Баярцогт, Л.Гантөмөр нар намын даргад өрсөлдөж байхад аль нь ч намын дарга болсон нэгнийхээ хүнийг ЕНБД болгоно гэсэн тохироо хийж байсан гэж яригддаг. Тодруулбал, Л.Гантөмөр ялсан учраас С.Баярцогтын хүн буюу Ч.Өнөрбаярыг ЕНБД-аар томилох ёстой байсан гэсэн үг. Гэсэн ч энэ тохироо тэндээ үлдэж, бодит үйлдэл бололгүй өнөөдрийг хүрсэн юм. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр дээрх нэрс солигдож, Ардчилсан намын "ХУУЧЧУУЛ" ЕНБД-д яригдаж эхэллээ. Нэг талд МАН шинэчлэгдэж 80 оны Намын дарга, ЕНБД-тай байхад Ардчилсан намын хувьд хууччуултайгаа зууралдсаар байна. 


Нөгөө л ах нарын нэг Я.Санжмятав


З.Нарантуяа, Ч.Өнөрбаяр, М.Чимэддорж нарын нэр яригдаж байгаа ч болох эсэх нь тун эргэлзээтэй байгаа. Харин МАН-ын дэмжлэгээр гэх үү, Ардчилсан намын хууччуулын дэмжлэгээр гэх үү Я.Санжмятав ЕНБД-д ихээхэн дэмжлэг авч байгаа бололтой. Түүний хувьд, гурван удаа парламентад сонгогдож байсан. УИХ-ын дэд дарга, сайдаар ажиллаж байсан нэгэн.  Өдийг хүртэл хийж байсан ажил, хашиж байсан албан тушаалыг нь бодвол ЕНБД болоход асуудалгүй нэгэн. 

Гэхдээ нөгөө л Ардчилсан намаас "салж өгдөггүй" ах нарын нэг бөгөөд 1960 оных. Я.Санжмятав С.Эрдэнэтэй ч, Х.Баттулгатай ч ойр нэгэн. Тодруулбал С.Эрдэнийг намын дарга байхад АН-ын сонгуулийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан. Ингээд харвал 2020 оны сонгуулийн ялагдлын бууруутнуудын нэг гэж хэлж болно. Харин Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан орон тооны зөвлөхөөр ажиллаж байв. 

Гэхдээ түүнийг МАН-аас ч, АН-ын ах нар ч дэмжиж байгаа учраас нэлээд хүчтэй яригдаж буй бололтой. Мэдээж шат шатандаа шинэчлэгдэж байгаа МАН-ын хувьд 1960 оны, нөгөө л "АХ НАР" гэсэн дүр зурагтай нь 2024 оны сонгуульд оролцуулах нь ашигтай. АН-ын "ах нар"-ын хувьд өөрсдийнх нь хүн ЕНБД-аар ажиллах нь ашигтай. 

Л.Гантөмөрийн "НАЙЗ" Х.Тэмүүжин

 

Дараагийн ЕНБД-т яригдаж буй хүн бол Х.Тэмүүжин. УИХ-д хэдэнтээ сонгогдож, ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байхдаа Төв аймагт нэр дэвшээд өвдөг шороодсон. Мөн л 2020 оны ялагдлын хариуцлагыг хүлээх нэгэн. Х.Тэмүүжин эртнээс Л.Гантөмөртэй нөхөрлөж, улс төрд дөрөө харшуулан яваа нэгэн. Тэр утгаараа дунд үеийн төлөөлөл болон намын даргаар сонгогдсон Л.Гантөмөрийн хувьд "тогоо барих" хүнээ өөрөө сонго гэвэл хамгийн түрүүнд Х.Тэмүүжинг сонгох биз. Намаа, 2024 оноо бодоод түүнийг ЕНБД-аар сонгож болох ч намын дарга болоход нь дэмжлэг үзүүлсэн гэх МАН-ын томчууд болон АН-ын ах нарын дургүйг хүргэх тун магадлалтай. 

Ямартай ч энэ сарын 28 гэхэд энэ асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдэнэ. Л.Гантөмөр ЕНБД-аа МАН-аар шийдүүлэх үү? Ах нараараа сонгуулах уу? Өөрийнхөө хүнийг дэмжих үү, эсхүл залуу үедээ итгэл хүлээлгэх үү гэдгээ өөрөө шийднэ. Аль нь ч болсон тэр хүн нь 2024 оны Ардчилсан намын өнгийг тодорхойлно. Сонгуульд нэр дэвшүүлэлт дээр ЕНБД голлох үүрэгтэй. Тэгэхээр ялах нь ч, ялагдах нь ч ЕНБД-тай шууд холбоотой. 




Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.15.71
    2023/08/24

    Өөртэй адилхан нохой дэвшүүлж Тэмүүжин мэдэхгүй биш түмэнд нэр нүүргүй

    Хариулах
  • 66.181.189.78
    2023/08/24

    Санжмятав л энэ намыг эхлүүлж чадна даа

    Хариулах
  • 66.181.189.78
    2023/08/24

    Тэмүжин 2020 онд Эрдэниин дэд дарга хииж намаа бүхэлд нь унагаасан хүн хариуцлага хүлээх ёстой юун ЕНБ дарга вэ

    Хариулах
  • 99.237.142.23
    2023/08/24

    AH tarhai butarhai, olon fraktstai,ner hundgui, zalhuu dargatai hol yvj hool idetsgeehgui !!!

    Хариулах
  • 103.212.119.103
    2023/08/23

    Өнөрбаяр арай л ойр хувилбар шт

    Хариулах
  • 66.181.183.205
    2023/08/23

    өнгөрчээ. сөнөж мөхжээ. байхгүй болжээ. цаасан дээр л нэр нь үлдэжээ.

    Хариулах
  • 202.9.47.62
    2023/08/23

    Нарантуяа өнөрбаярын нэг нь дээрээ залуучууддаа дэмжээ

    Хариулах
  • 64.119.30.210
    2023/08/23

    Санжмятав нь дээр дээ зөв л алхах гээд байна.

    Хариулах
  • 139.5.216.162
    2023/08/23

    КОММУНИСТ НАМЫН ХУЛГАЙЧУУД АРДЧИЛСАН НАМД НӨЛӨӨЛӨХ ЮУ Л БОЛ ЗАХИАЛАГААР МАССАД ЗОРИУЛЖ ТӨЛБӨРТЭЙ ЮМ САРААЧИХАА БОЛИОЧ ЯАДАГ ЯНХАН БЭ АЙН

    Хариулах
  • 66.181.183.176
    2023/08/23

    Өмнөх хэдийг бодвол зөв замруугаа явж байгаан байна. Наад хоёрын чинь бол аль нь ч яахав

    Хариулах