Америкийн Нэгдсэн Улсын тусгаар тогтнолын 247 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд Шадар сайд С.Амарсайхан оролцлоо.
С.Амарсайхан: "Манай хоёр улс 36 жилийн өмнө төр, засгийн түвшинд албан ёсоор харилцаж эхэлснээр Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагааны хүрээ ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйл, стратегийн сонирхол, ард түмний хамтын хүсэл тэмүүлэлд тулгуурлан жилээс жилд өргөжин хөгжиж байна. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрээр Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хороог 2004 онд байгуулсан.
Миний бие Монгол, Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны монголын талыг даргалдаг бөгөөд тус хорооны 7 дугаар хуралдааныг хэдхэн хоногийн дараа Улаанбаатар хотноо зохион байгуулж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй яриа хэлэлцээ хийхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Монгол Улс ирэх он жилүүдэд хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг ялангуяа худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах эрмэлзэл дүүрэн байна.
Манай хоёр улсын ард түмний нөхөрлөл, Стратегийн түншлэл улам батжин хөгжихийн ерөөлийг дэвшүүлье" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна