Энэ удаагийн ярилцлагийн дугаарт бид “ҮНДЭСНИЙ ДАВХАР ДААТГАЛ” ХК-ийн захирал Б.Батбаяртай ярилцаж иргэдэд даатгалын систем, үр өгөөжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр бэлдлээ. Түүний хувьд Хаан банк, Монголын Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Корпорац, Монголын хөрөнгийн бирж, Зээлийн Батлан Даалтын сан зэрэг томоохон компаниудад ажиллаж байсан бөгөөд шинэ ажлаа хүлээж аваад удаагүй байгаа юм.
Манай компани анх 2014 онд “ХӨДӨӨ АЖ АХУЙН ДАВХАР ДААТГАЛ” нэртэй байгуулагдаж байсан бол 2018 оноос “ҮНДЭСНИЙ ДАВХАР ДАТГАЛ” ХК болж үйл ажиллагаагаа өргөжүүлэн бизнесийн бүхий салбаруудын санхүүгийн эрсдэлгүй найдвартай байдлыг хамгаалах, даатгалын компаниудын эрсдэл даах чадварыгг нэмэгдүүлэх зорилготойгоор үндэсний давхар даатгалын тогтолцоог бий болгон ажиллаж байна.
Манай бизнес эрхлэгчид, иргэд даатгал бидний эрсдэлийг хамгаалдаг гэдгийг зарим нэг нь мэддэг мөртлөө ашиглах нь бага, мөн манай улсад даатгалын салбар хэдий 80 гаруй жилийн түүхтэй боловч өнөө үед олон улстай харьцуулахад хөгжиж буй салбар учир төдийлөн даатгалыг ач холбогдлыг сайн мэдэхгүй байгаа талтай. Даатгал гэхээр шимтгэл, хураамж, машины татвар мэт ойлгоод байна. Харин даатгал таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад ашиг сонирхолд учирсан хохирлоос үүсэх санхүүгийн дарамтаас хамгаалж байдаг эрсдэлийн удирдлагын хэрэгсэл шүү дээ.
Ирээдүйд КОВИД-19 -ийн улмаас үүсэх эрсдэл, цаашид ч гарах аюул хэвээр байна. Үүнийг төр засгийн хүрээнд шийдвэрлэх асуудал их байгаа ч үндэснийхээ даатгалын тогтолцоог ашиглаж шийдвэрлэх боломж бас байна гэдгийг бизнес эрхлэгчдээ, татвар төлөгч нартаа хэлмээр байна.
Ирээдүйд гарч болох ийм цар тахлын нийгэм эдийн засагт, иргэдийн эрүүл мэндэд үзүүлж буй шокийн нөлөөг даатгалын салбарын тусламжтайгаар багасгах, үр нөлөөллийг бууруулах тал дээр дэлхий нийтээрээ хэлэлцэж байна. Ийм онцгой гамшгийн эрсдэлд зориулан урьдчилан төлөвлөж, төсөвт тодорхой хөрөнгө тусган гамшиг, тахлын үед даатгалын механизмыг ажиллуулж уг нөөц хөрөнгүүдийг ашиглаж ажиллах л боломж байна.
Харин даатгалын компанийн хувьд даатгалын гэрээгээр хүлээн авсан эрсдэлээ удирдах, санхүүгийн үр дүнгээ тогтвортой байлгах, төлбөрийн чадвараа бэхжүүлэх, гамшгийг даван туулах чадвараа сайжруулах зэрэг зайлшгүй давхар даатгуулах хэрэгцээ шаардлага байдаг. Энэ нь үндэсний давхар даатгал илүү дотоодын даатгалын салбарын хөгжлийг дэмжиж, цаашлаад давхар даатгалын хураамж хэлбэрээр гадагшаа шилжиж байгаа валютын урсгалын тодорхой хувийг дотооддоо авч үлдэх зэрэг эдийн засгийн ач холбогдол өндөр байдаг.
Манай компанийн хувьд Монгол Улсын цорын ганц давхар даатгалын компанийн хувьд стратегийн ач холбогдол бүхий салбар болох хөдөө аж ахуйн мал, газар тариалангийн салбаруудыг эрсдэлээс хамгаалах зорилго бүхий малын болон газар тариалангийн индексжүүлсэн даатгалыг Монгол орон даяар зохион байгуулж даатгалын үйлчилгээ үзүүлдэг. 2006 оноос хойш давхардсан тоогоор 230 мянга орчим малчин өрхийн 50 сая орчим малыг даатгалд хамруулаад байна. 2020 онд улсын хэмжээнд нийт 387 тариалан эрхлэгчийн 22,488 га тариалангийн газар, нийт малчин өрхийн 16,6 хувь буюу 28,5 мянган малчин өрхийн 7.1 сая малыг байгалийн давагдашгүй хүчин зүйл болох ган, зуд, мөндөр, хүчтэй салхи, үер усны эрсдэлээс хамгаалан даатгаад байна. Мөн дээр хэлсэнчлэн таны бизнесийн ашиг орлогыг хамгаалах бизнес тасалдлын даатгалаас эхлүүлээд ердийн даатгалын бүх хэлбэр, төрлүүдээр Монголдоо цор ганц давхар даатгалын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Компани уг даатгалыг хэрэгжүүлж эхэлснээс хойш 36 мянган малчин өрхөд нийт 5.7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон.Тухайлбал 2020 онд л гэхэд нийт нэг тэрбум гаруй төгрөгийн нөхөн төлбөрийг газар тариаланчдад малчдад олгоод байна. Нөхөн төлбөрөөс гадна манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд малчдад чиглэсэн зорилтот хөтөлбөрүүдийг жил бүр хэрэгжүүлээд явдаг. Хамгийн өгөөжтэй нь МИД-д даатгуулсан бүх малчин Төрийн болон Хаан банкны малчны зээлд хамрагдахдаа 1,5 хувийн зээлийн хүүгийн хөнгөлөлттэй зээлд хамрагддаг болсон явдал юм.
Бидний цаашдын зорилт бол улс оронд маань байгаа хүнд бэрхшээлтэй асуудлуудыг хэрхэн даатгалаар шийдвэрлэж чадах вэ гэдэг дээр л гол анхаарлаа төвлөрүүлж ажиллана. Давхар даатгал нь улс орны эдийн засгийг дэмжих хүчин зүйл болдог гэж би дээр хэлсэн шүү дээ энэ зорилгодоо л хүрэхийн төлөө ажиллана гэж бодож байна. Манай компани 2020 онд 3.5 тэрбум төгрөгийн давхар даатгалын хураамж төвлөрүүлсэн энэ мөнгийг бид Монгол Улсын эдийн засагт дотооддоо үлдээж байгаа гэж ерөнхийдөө ойлгож болно. Мөн манай компани цаашид ердийн даатгалын компаниуд нэвтрүүлэхэд хэцүү эрсдэл өндөр, хөрөнгийн чадавхи шаарддаг, инновац технологи хэрэгцээтэй улс орны хувьд стратегийн ач холбогдол салбаруудад зориулсан даатгалын бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлж ажиллах болно.
Жишээ нь өнөөдөр ЖДҮ зориулсан бага хүүтэй зээл гэдэг асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. ЖДҮ банкнаас зээл хүсэхэд зээлийн хүүгээс том асуудал үүсгэдэг зүйл бол барьцаа хөрөнгийн асуудал байдаг. Банк даатгалын гэрээг барьцаалж санхүүжилт олгодог даатгалын бүтээгдэхүүн олон улсад олон байдаг.
Тэгвэл бид ЖДҮ-дэд зориулсан барьцаа, зээл, экспорт гэх мэт асуудлыг шийдвэрлэсэн экспортын даатгалыг нэвтрүүлэхээр судлаад явж байна. Мөн бид удахгүй зах зээлд гаргахад бэлэн болоод байгаа эрүүл мэндийн даатгалын талаар яримаар байна. Өнөөдөр хорт хавдар гэдэг өвчин манай улсад аюулын харанга дэлдээд байна. Монгол Улсын хэмжээнд зөвхөн хорт хавдраар жилдээ 6-7 мянган иргэн шинээр өвчилж байна. Энэ өвчний эмчилгээ өндөр өртөгтэй байдаг нь өвчтөний ар гэрт санхүүгийн дарамт үүсэж ихэнх нь уг өвчнөөс болон санхүүгийн хямралд унадаг. Үүнийг бид шийдвэрлэсэн хүнд өвчний даатгалын бүтээгдэхүүнийг дотоодын арилжааны даатгалын компаниудтай хамтран гаргахад бэлэн болоод байгаа.
Даатгал бол гаднын улс, орнуудад маш өндөр ач холбогдолтойд тооцогддог.
Нийгмийн ухамсарт нь даатгалтай байх нь хариуцлагатай нийгмийг бүрдүүлж байна гэсэн ойлголт байдаг. Өнөөдөр банкны зээлийн хүү өндөр байна гэж хүн бүр ярьж байгаа харин бид даатгалын ач холбогдлоо ойлгоод өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, цаашлаад бусдын өмнө хүлээх хариуцлагаа даатгуулдаг болсноор тэр яриад байгаа зээлийн эрсдэл гэдэг зүйл дагаад буурч банкны зээлийн хүү ч гэсэн буурах боломжтой болдог.
Нөгөө талаас өнөөдөр манайд банкны зээл заавал барьцаа хөрөнгөтэй уягдаж явдаг, зээл авахад эрсдэлийг бууруулах зорилгоор манай банкнууд заавал барьцаа хөрөнгө буюу үл хөдлөх хөрөнгө шаарддаг. Яг үүнтэй холбоотойгоор манай төв банкнаас юуг барьцаа хөрөнгө гэж тооцох тусгай журам ч байгаа, тэгвэл өнөөдөр даатгалыг барьцаа болгох, зээлийн эрсдэлийг бууруулахад ашиглах боломж байсаар байна. Энэ мэтчилэн банк, даатгал, хөрөнгийн зах, батлан даалт гэсэн салбарууд хамтран хөгжих өргөн боломж байгаа гол нь хамтын ажиллагаа ойлголцол чухал гэж бодож байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна