Барилгын материалын чанарыг хилээр орж ирэхээс нь өмнө шинжлэх лабораторийг Замын-Үүдэд байгуулна


БХБЯ-ны Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга "Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэхийн тулд барилгын чанарт анхаарах ёстой" хэмээн хэллээ.
Мөн "Барилгын чанарын асуудал материалаас эхэлнэ хэмээн Барилга, хот байгуулалтын яам үзсэн.

Иймд Замын-Үүдэд барилгын материал орж ирэхээс нь өмнө шинжлэх түргэвчилсэн лаборатори байгуулахаар газрын асуудлыг шийдэж, зураг төслөө боловсруулж байна. Мөн аймгууд дахь лабораториудаа чадавхжуулж байгаа юм.

Яамны зүгээс цаашид барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх дүрмэндээ болон зөвлөх үйлчилгээний дүрмэнд чанарын асуудлуудыг тусгах нь хэрэгжүүлэхэд дөхөмтэй гэж үзэн, ажиллаж байгаа" хэмээн Шадар сайд С.Амарсайханд танилцуулсан юм. 

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Холбогдох байгууллагуудтай хамтран эрх зүйн орчноо шинэчлэх шаардлага бий. Мөн барилгын материалын чанарын асуудалд анхаарах ёстой байна.
Цар тахлын өмнө бид арматурт хяналт шалгалт хийсэн. Ингэхэд урд хилээр орж ирж буй арматурууд жиндээ хүрэхгүй байх тохиолдол гарсан. Нэр бүхий компанийн нэг тонн гэж зарж буй арматурыг жигнээд үзэхэд 800 кг байв. Үүнийг хэн ч жигнэж авдаггүй, хилээр орж ирэхэд ч хянадаггүй. Энэ асуудлыг хөндөхөөр байсан ч хямрал болж, материалын хүрэлцээ хангамж дутагдаж эхэлсэн.
Одоогоор төмөрлөгийн 15 үйлдвэр арматур хийж байна. Тиймээс өнөөдрийн тухайд үйлдвэрүүдээ дэмжиж, урт хугацаандаа чанарыг сайжруулах шаардлагатай байгаа" гэсэн юм.


                                                                                                                                                                       Б.Мягмарболор



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.92
    2021/07/22

    За боль оо. Бас нэг шат дамжлага. Зах зээлийн хуулиар чанаргүй бол зарагдахгүй гээд явдагаараа л явна шд.

    Хариулах