“Дэлхийн дээвэр”-ээс “Газрын төгсгөл” хүртэл дугуйгаар аялсан монгол залуу Б.Түвшинбаяр


   Дугуйгаар 3000 гаруй киллометрийг ганцаараа туулсан монгол залуу Б.Түвшинбаяртай ярилцлаа.

-Дугуйтай аялах санаа анх хэзээ төрсөн бэ? Яагаад дугуйгаар аялъя гэж бодсон бэ?

-Хоёр жилийн өмнө  би Шетландаар аялж байсан юм. Аялагчид бүгдээрээ автобусанд суугаад явна. Нэг газраа 20-30 минут л зогсдог учраас замын хажуугаар харагдаж байгаа гоё сайхан газруудыг тэр болгон үзэж чадахгүй их хэцүү. Тэр үед л өөрийнхөө хүссэн газраа зогсож, үзмээр байгаа газруудаа ая тухтай үзэж яваа дугуйгаар аялж байгаа хүмүүсийг хараад энэ аяллын санаа төрсөн гэх үү дээ.

-Аяллаа эхлэхийн өмнө хэрхэн төлөвлөсөн бэ?

-Хоёр жилийн өмнөөс бага багаар төлөвлөөд энэ жилийн 1-р сараас эхлээд бүр нарийн төлөвлөсөн. Хүмүүсийн дугуйгаар аялсан бичлэг их үзсэн. 

-Тэгвэл дугуйгаар аялах аяллаа хэзээ эхэлсэн бэ? Хаанаас хаа хүртэл аялав?

- Миний аяллын гол зорилго нь Их Британы хамгийн хойд талын цэгээс хамгийн урд талын цэг хүртэл явах байсан. Тэгээд 7-р сарын тавны өдөр Лондон хотоос гараад 3,500 км дугуйгаар, 500 км усан онгоцоор нийт 43 өдөр аялсан. Хамгийн сүүлд очсон газрыг маань "Lands end" буюу монгол хэлрүү хөрвүүлбэл "газрын төгсгөл" гэсэн утгатай.

-Таны аяллын үеийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Тэрийгээ дүрсэлбэл?

-Өдөр бүр өөр өөр өнгөрдөг дөө. Эхний өдрүүд дугуйн аялал эхлүүлсэндээ баярлаад сэтгэл хөөрсөн байдалтай өнгөрсөн. Өглөө таван цаг гэхэд сэрээд өдөр 6-7 цаг дугуйн дээрээ яваад үзэх газраа үзээд явдаг. Тэгээд орой  18, 19 цагийн үед буудаллах газраа олоод амрахдаа бэлдээд байж байтал 20,21 цаг болоод  тэгээд л ер нь унтана даа.


-Ганцаараа дугуйгаар аялахад хамгийн хэцүү зүйл юу байв? Шантармаар зүйл байсан уу?

-Хэцүү байсан зүйл гэвэл өглөө гудасныхаа хийг гаргах л их хэцүү байсан даа. (инээв) Өгсүүр зам олон дахин давтагдаад ирэхээр их уур хүрдэг тэр үед "Би яг яах гэж ингэж яваад байгаа юм бол, ямар хэрэгтэй юм" гэж бодогддог. Тэгээд л оргил дээр нь гараад цаашаа уруудахаар тэр бүх сэтгэл хөдлөлөө мартчихна. Гэхдээ эхний хэд хоног өгсүүр өөд уурлаад л яваад байдаг байсан юм. Тэгээд дараа нь уурлах гээд эхлэнгүүт дотроосоо өөрийгөө тайвшруулаад эхэлчихдэг болсон. “Одоо ингээд л оргилд нь гараад уруудчихна. Гүнзгий амьсгаа аваад тайвширчихна гээд л” тэгээд яваандаа өөрийгөө удирдаад тайвшруулаад сурчихдаг юм байна лээ

-Нэг дор  дугуйгаа тасралтгүй жийх хугацаа хэр урт байсан бэ?

-Хамгийн удаандаа 4 цаг гаран болж байсан. Ер нь дунджаар нэг цагаас цаг гучин минут яваад арван минут орчим амраад л явдаг байлаа.

-43 хоногийн турш дугуйгаар ганцаараа аялахад бие махбод болон сэтгэлзүйд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Бие их чийрэгжсэн санагдсан. Миний хамгийн сүүлд очиж байсан газар таньдаг ах маань ирээд гурав хоноход их даарлаа гэж байсан гэтэл миний хувьд зүгээр байхыг бодоход чийрэгжсэн санагдсан. Мөн жин хаясан. Сэтгэлзүйн хувьд өөрийгөө маш сайн удирдаж чаддаг болсон. Дугуйгаар ганцаараа явж байхад ихэнхдээ эргэн тойрноо ажиглаад  явдаг. Харин нэг ижил зам олон дахин давтагдаад ирэхээр өөрийнхөө доторлуу илүү өнгийж эхэлдэг. Цаашдын зорилгынхоо тухай дотроо бодож эхэлдэг. Ганцаараа байх үед хүн өөрийгөө их ойлгодог болдог санагдсан. Нэг сонин зүйл нь ганцаараа аялахад нэг их ганцаардаагүй хэрнээ өчигдөр амьдардаг хотдоо ирээд их ганцаардсан мэдрэмж авсан.

-Дугуйгаар аялах гэж байгаа хүн бие махбодын хувьд ямар бэлтгэл хийх ёстой вэ?

-Арван хэдэн жил дугуйгаар аялсан туршлагатай хүнээс дугуйн аялалдаа гарахаас өмнө “Би өөрийгөө яаж бэлдэх вэ?, эртнээс гүйж эхлэх үү?” гэж асуухад тэр хүн “Би чамд ганц л зүйлийг захья өгзөгний булчингаа л сайн бэлдээрэй” гэсэн.(инээв) Тэр нь ч үнэн байсан.  

-Аялалд дугуйнаас гадна хамгийн их хэрэг болсон зүйл юу байв?

-Дугуй л хамгийн чухал (инээв). Ер нь хэр хол аялах гэж байгаагаас шалтгаалан аяллын бэлтгэлээ хийх хэрэгтэй. Миний хувьд анх нэлээн их зүйл авч гараад түүнийгээ дундаас нь хаясан тохиолдол гарсан. Удаан явах гэж байгаа хүмүүс яг өөрт зайлшгүй хэрэгтэй цөөхөн зүйлээ авч явах хэрэгтэй.  Усны сав, повер банк, борооны цув, жижиг багажнууд (эвхдэг хайрцагтай авч явахад авсаархан байвал их зүгээр). Мөн дуртай газраа зогсоод усаа шүүгээд уухад ус шүүгч хэрэгтэй. Мөн майхан. Миний хувьд 27 өдөр майхантай яваад бусад өдөр хостелд хоноглосон.


-Ганцаараа аялал хийсний дараа кинон дээр гардаг шиг амьдралыг өөрөөр харж эхлэх, шинэ зорилготой болох гэх мэт зүйл танд тохиолдсон уу?

-Миний аяллын гол зорилго нь Их Британы хамгийн хойд талын цэгээс хамгийн урд талын цэг хүртэл явах байсан гэж хэлж байсан даа. Гэтэл тэр газартаа ирээд зогссон чинь их сонин мэдрэмж төрсөн. Нурууны үс босоод л “Ингээд л болчиж байгаа юм уу” гээд сэтгэлд сонин санагдсан. Өмнө нь зорилгодоо хүрчихвэл л сэтгэл ханах юм шиг санагдаж байгаа шүү дээ гэтэл сэтгэл ханахаас илүү хоосон мэдрэмж төрсөн. Ингээд л дуусчих юм уу гэдэг мэдрэмж... Түүний дараа оройжингоо бодсон л доо. Хэчнээн нэг газарт хүрэхийг хүсээд дэлхийг тойрсон ч гэсэн нэг газар очоод зогсоно. Тэгсэн ч зорилгодоо хүрсний дараах тийм мэдрэмж байх л юм байна гэж бодсон.

Аяллын үеэр нэг удаа би уулаар хүрээлэгдсэн, дундуураа голтой, хоёр талаар ойтой их гоё газар очсон. Тэгээд нэг бодол төрсөн нь "Энэ гол яг энд л урсаж байгаа, энэ урсгалыг өнгөрсөнд ч ирээдүйд ч яг миний мэдэрч байгаа шиг хэн ч мэдрэхгүй. Миний мэдэрч байгаа энэ голын хэмнэл ахиж хэзээ ч давтагдахгүй юм байна. Хүний амьдрал ч гэсэн үүнтэй адил. Бид хэдий оюун бодолдоо төсөөлж очиж болох ч гэсэн бодитоор ирээдүйдээ очиж чадахгүй, өнгөрсөндөө ч очиж чадахгүй. Өнгөрсөнд байсан цаг хугацаа яг тухайн үеийнхээ одоо цагт урсаад өнгөрч байгаа". гэдэг бодол байсан. Үүнээс хүнд зорилго хэрэгтэй л дээ, гэхдээ түүнээс илүү одоо байгаа эргэн тойрноо мэдэрч амьдрах нь илүү чухал гэдгийг ухаарсан.

-Тэгвэл таны бодлоор яаж одоодоо төвлөрч амьдарч байгаагаа мэдрэх вэ?

-ОДООДОО ТӨВЛӨРЧ, АМЬДАРЧ БАЙГААГАА МЭДРЭХ ТҮЛХҮҮР БОЛ ШИНЭ ЗҮЙЛ ТУРШИЖ ҮЗЭХ-

- Аяллын туршид эхлэлээс төгсгөл хүртэл өдөр болгон нь шинэ байсан болохоор  цаг мөчийг бүрийг мэдэрч өнгөрүүлсэн гэж хэлж болно. Ер нь амьдарч байгаагаа мэдрэх нь л жинхэнэ аз жаргал юм байна гэдгийг тэр үед ойлгосон. Харин амьдарч байгаагаа мэдрэхийн гол түлхүүр нь дассан зүйлээсээ өөр, шинэ соргог анхаарал татах зүйл хүлээж авах, сурч мэдрэх юм. Хүн нэгэн хэвийн амьдралын хэв маягаараа хэтэрхий удаан амьдрахаар түүнээсээ уйдаад тэрийгээ амьдралаас уйдсантай андуурч сэтгэлээр унах,  орхигдсон мэдрэмж авах зэрэг зүйлс болдог гэж боддог.

-Аяллын үед ямар ном уншсан, ямар дуу сонссон  бэ?

-С.Эрдэнийн “Хойд насандаа учирна” гэдэг ном уншсан. “Софийн ертөнц”, Данзанравжаа хутагтын сургаалиудыг аудио хэлбэрээр сонссон. Ганданд очиж ном уншуулсны оронд тэр сургаалиудыг сонсох нь илүү үр өгөөжтэй санагдсан даа. Тэр үед уншсан номуудыг уншаад одоо бид ямар жаргалтай байгаа юм бэ? Хүссэнээрээ дугуйтай аялаад, өөрийнхөө үзэл бодлыг сошиал дээр чөлөөтэй бичиж чадах ямар эрх чөлөөтэй, аз жаргалтай үед амьдарч байгаагаа ойлгосон. 


-Таны аялалын талаар хүмүүсийн асуудаг хамгийн түгээмэл асуултад хариулт өгвөл?

-Хүмүүс айхгүй байна уу? гэж их асуудаг. Энэ асуултанд би хувьдаа хүмүүс сайн мэдэхгүй зүйлээсээ их айдаг гэж хариулна. Өмнө би ганцаараа аялж байгаа хүмүүсийн тухай сонсоод бусад хүмүүсийн адил тэр хүний өмнөөс санаа зовж, айдас төрдөг байсан л даа. Гэхдээ өөрөө үзээд туулсны дараа тэр айдсыг мэдрэхээ больсон. Ер нь айдсаа давахын тулд тэр зүйлтэйгээ нүүр тулах нь илүү зоригтой болгодог. Ганцаараа хол аялж байгаа хүнд муухай ханддаг хүн байдаггүй. Бүгд л таарсан газартаа хамгийн сайнаараа туслахыг хичээдэг. 

-Таны дараагийн аяллын төлөвлөгөө юу вэ? Гаргаж амжсан уу?

-Одоохондоо өөрийнхөө бусад зорилго дээр гүн төвлөрнө. Дараагийн аяллаа хоёр жилийн дараагаас л хийнэ гэж бодож байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Түвшинбаярын аяллын маршрут: London-Hull-Scarborough-Whitby-Newcastle-Edinburgh-Dundee-Aberdeen-Lerwick-Skaw-Kirkwall-Stromness-Thurso-Inverness-Loch ness-Fort william-Glasgow-Lake district-Manchester-Liverpool-Wrexham-Cheltenham-Bristol-Penzance-Lands end-Bath-Southampton

Л.Дэлгэрмаа








Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.29
    2021/08/23

    Олон сайхан бодол төрүүллээ, баярлалаа, амьдрал нь өөрийнх нь баяр бахархалаар дүүрэн байх болтугай

    Хариулах