Ирэх сарын 1-ний дотор ӨРШӨӨГДСӨН ТОРГУУЛИА ТӨЛӨХГҮЙ бол түүнээс хойш бүтнээр нь төлнө

2021/09/10

Монгол Улсын Их хурлаас Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдуулан 2021 оны долдугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийг баталсан.

Дээрх хуулиар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 цагаас 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил, үйлдсэн зөрчлийг өршөөх тухай, “Хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д Зөрчлийн тухай 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан торгох, баривчлах, эрх хасах шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө” гэж заасан байна. 

Цагдаагийн байгууллагаас энэ оны долдугаар сарын 06-ны өдрөөс хойш нийт 40.300 жолоочийн эрх, 8800 жолоочийн оноог нь сэргээсэн байна. Харин тээврийн хэрэгслийн жолооч нарын торгуулийн 50 хувийг өршөөсөн хэдий ч 2021 оны эхний 9 сарын байдлаар Нийслэлд 13.5 хувь, орон нутагт 10.9 хувь буюу Улсын хэмжээнд 12.4 хувь нь л төлсөн үзүүлэлттэй байна.

Иргэд торгуулийн төлбөр төлөхдөө хоёр өөр дансанд тушаах юм. Үүнд: 

  • Гудамж, замд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол торгуулиа Нийслэлийн Төрийн сангийн 100200000952 дугаарын дансанд, 
  • Камерын зөрчил буюу хурд хэтрүүлэх, чиглэлийн тээврийн хэрэгслийн нэгдүгээр эгнээ, гэрэл дохио, уулзварын шар тэмдэглэл зэрэг цахим зөрчлийн торгуулийг Нийслэлийн Төрийн сангийн 200200000985 дугаарын дансанд тушаах юм байна. 
Иргэд энэхүү өршөөлд хамрагдахын тулд  torguuli.police.gov.mn цахим системд нэвтэрч ороод автомашины улсын дугаараар хайлт хийн торгуулийн мэдээллээ шалгана. 

Иргэн та 100 мянган төгрөгийн торгуультай байсан бол таны 50 мянган төгрөгийн мэдээлэл ил харагдах бөгөөд ил харагдаж байгаа мөнгөн дүн нь таны төлөх ёстой 50 хувийн торгууль гэсэн үг. Үүнийг төлснөөр таны торгууль 100 хувь тэглэгдэх юм. Хэрэв 50 хувийн торгуулиа төлөөгүй тохиолдолд энэ оны аравдугаар сарын 01-ний өдрөөс хойш таны төлөх ёстой торгуулийн хэмжээ буцаад 100 мянга болж харагдана.
Иймд иргэд, жолооч энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө торгуулийн дүнгийн 50 хувийг төлснөөр төрөөс үзүүлж буй өршөөлийн хуульд хамрагдах юм. 
 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна