Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Авлигын эсрэг үндэсний чуулган”-д Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар цахимаар оролцож хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэе.
УИХ-ын дарга Г.Занданшатар: "Авлигын эсрэг үндэсний чуулганд оролцогч Та бүхэнд энэ өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Өнөөдөр их сайхан өдөр байна. Авлигатай тэмцэх төрийн бодлого, үндэсний хэмжээний авлигатай тэмцэх тогтолцооны талаар ярилцаж, алдаа оноогоо шүүн хэлэлцээд цаашдын зорилтуудаа тодорхойлох эрхэм зорилго өвөртөлж хүрэлцэн ирсэн Та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Монгол Улсын Их Хурал нь авлигатай тэмцэх үндэсний тогтолцоонд чухал байр суурь эзэлдэг институт юм. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлан гаргаад хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэгтэй институт. Ард түмнээ төлөөлж байгаа Улсын Их Хурлын гишүүд авлигатай тэмцэх үйл ажиллагааны эрх зүйн үндэс болсон хуулиудыг шинээр батлах, боловсронгуй болгох, авлигатай тэмцэх чиглэлээр төрийн гадаад, дотоод бодлогын үндсийг тодорхойлох үүрэгтэй ажлуудыг хэрэгжүүлдэг.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа бид Улсын Их Хурлын гишүүний тангарагийн үгэнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх талаар зориуд тусгаж оруулсан. Улсын Их Хурлын 8 дахь удаагийн сонгуулиар эмхлэн байгуулагдсан шинэ парламентын гишүүд маань тангарагаа сахиж авлигатай тэмцэх үйл ажиллагаанд манлайлан оролцох хүсэл зориг эрмэлзэл дүүрэн байгаа.
Тиймээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарын санаачилгаар Авлигын эсрэг бүлэг Улсын Их Хуралд байгуулагдан ажиллаж байна. Авлигын эсрэг бүлгийн гишүүд маань авлигын эсрэг эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн биелэлтэд хяналт тавих, холбогдох байгуулагуудтай хамтран ажиллах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл боловсруулаад явж байна. Ер нь нэлээд өргөн хүрээнд авлигын асуудлыг авч үзэх ёстой. Цалин хөлс хангамжаас авахуулаад нөгөө талдаа зөвшөөрлийн хууль, бизнесийн эрх зүйн орчин, цаашлаад шүүх гэх мэт салбар тус бүрийн хуулиуд авлигаас ангид байх эрх зүйн орчин алга байна. Тиймээс хууль тогтоомжийн боловсруулалтад Авлигын эсрэг бүлэг тэр цонхоор харж хяналт тавих үүрэгтэй.
Улсын Их Хурлын намрын чуулган цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан 5 үндсэн зорилго дэвшүүлж ажилласны нэг нь засаглалын чадавхийг бэхжүүлэх, сайн засаглал, эрүүл нийгмийг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм. Засаглалын сул дорой байдал нь авлига, ядуурал, ажилгүйдлийн үндсэн шалтгаан болж байна. Энэ нь өөрөө популизмийг хөөрөгддөг, төрийн албыг данхайлгадаг, төрийн албаа дагаж томрох тусмаа авлига, хээл хахууль, хүнд суртал нэмэгддэг. Засаглалаа чадавхижуулаагүй цагт бид ямар ч сайн бодлого, зорилт дэвшүүлээд нэмэргүй. Засаглалыг сайжруулахын тулд төрийн албаны бүх шатанд авлигын үндсийг таслан зогсоох ёстой. Үүний тулд авлигатай тэмцэх ажлыг шинэ шатанд гаргаж, төрийн хүнд суртлыг халах зайлшгүй шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг хийх зорилго дэвшүүлээд байна.
Энэ хүрээнд төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагыг миний бие Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байх үеэсээ гурван жилийн турш боловсруулсан. Засгийн газрын санал аваад удахгүй хэлэлцэж эхэлнэ. Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын хууль бол авлигаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих хамгийн сайн сүлжээ, тогтолцоо болно гэж үзэж байгаа.
Дараа нь дэлхий нийтээр шүгэл үлээх гэж нэрлэдэг нийгэмд бугшсан буруу муу үйлдэл, ёс зүйн доголдол, албан тушаалын гэмт хэрэг, түүний дотор авлигын илчлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, шударга иргэний эрх ашгийг хамгаалах зорилгоор Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлээд байна. Одоо хэлэлцүүлэгт бэлтгэгдэж байна.
Шүгэл үлээгч буюу мэдээлэгчийг хамгаалах эр зүйн зохицуулалтыг бий болгосноор аливаа гэмт хэрэг, тэр дундаа хууль бус үйлдэл нь маш далд байдаг авлигын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалагахад томоохон ахиц дэвшил гарна гэж бид үзэж байгаа. Хууль бус үйлдлийг илчилсэн, мэдээлсэн шүгэл үлээгчийг яллах, хариуцлагад татах, дарамтлахыг хориглох, аливаа халдлагаас хамгаалах зохицуулалтууд тусгагдсан. Түүнчлэн мэдээлэгчийг урамшуулах, түүнд шаардагдах санхүүжилтийг бүрдүүлэх асуудал ч энэ хуульд тусгалаа олсон.
Улс төрийн намын болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн тогтолцоо, эрх зүйн тогтолцоо, бодит нөхцөл байдал нь авлигын шалтгаан, нөхцөл дотор ихээхэн жин дарж байгаа нь гадна дотнын судалгааны үр дүнгээр нотлогддог. Иймээс улс төрийн намуудын төсөв санхүүжилт нийтэд ил тод байх зарчимд суурилсан Үндсэн хуулийн заалтыг үндэс болгон хуулийн төслийг Ц.Мөнхцэцэг нарын гишүүд боловсруулж иргэд олон нийт, эрдэмтэн судлаачид, улс төрийн намуудын төлөөллийг оролцуулсан уулзалт хэлэлцүүлгийг өрнүүлж санал авч байна. Төрийн эрх мэдлийг иргэдэд ээлтэй байдлаар хэрэгжүүлж ард түмнийхээ засаглах эрхийг хангахад цахим шилжилт нэн чухал ач холбогдолтой гэж Улсын Их Хурал үзэж байгаа. Төрийн албан дахь авлига, хүнд суртлыг багасгах нэг үндсэн арга нь төрийн үйлчилгээг цахимжуулах явдал юм. Энэ чиглэлээр Зөвшөөрлийн тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай зэрэг хуулийн төсөл, шинэчилсэн найруулгыг энэ намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна.
Хуулийн засаглалыг бэхжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг эрчимжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгах, иргэний эрхийг зөрчих явдалтай тэмцэх явдлыг бодитоор хэрэгжүүлэхэд энэ удаагийн чуулганаар хэлэлцэж байгаа Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль чухал алхам болно. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тусгагдсан Хянан шалгах түр хороо байгуулах зорилго энэ хууль батлагдсанаар бас хэрэгжих болно. Нийгэм, олон нийтийн анхаарал татсан авлига, албан тушаалын томоохон гэмт хэргүүдийг илчлэн шийдвэрлэхэд нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой асуудлуудаар Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа тус дөхөм үзүүлэх болно.
Эрхэм нөхөд өө
Сайн засаглалыг бэхжүүлж, шударга ёсыг дархлаажуулах, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэж, иргэнээ дээдэлсэн, эдийн засаг нь өсөж, ард түмний амьдрал дэгжсэн шинэ нийгмийг цогцлоох бидний хүсэл эрмэлзэлд хамгийн их саад тотгор болж буй үзэгдэл бол авлига гэдгийг хүн бүхэн мэднэ. Тиймээс улс орны аюулгүй байдалд заналхийлж ардчилсан тогтолцоо, үнэт зүйлсийг доройтуулан хөгжлийг сааруулж төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулагч энэ хорт үзэгдэлтэй бүх нийтээрээ тэмцэх итгэл үнэмшил, оролцоо дэмжлэг, хяналтыг нийт нийгэмд бий болгох нь чухал байна. Авлигын барьцааг ард түмэн ирээдүйгээрээ, улс орон хөгжил дэвшлийн боломжоороо төлдөг гэдгийг мартаж болохгүй.
Манай улсад улс төрийн авлигын түвшин олигтой буурахгүй, авлигын байдлыг хүн амын тоонд харьцуулсан судалгаагаар дээгүүр байрт жагссан хэвээрээ байна. “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг авлигын төсөөллийн индекст ахиц дэвшил гарахгүй байна. Монгол Улсад авлигыг үл тэвчих үзэл бодол, үйл ажиллагаа нийт нийгмийг хамран өрнөж, үр дүнд нь авлига хумигдаж, эрүүл шударга нийгмийг цогцлоох замдаа орсон гэсэн дүгнэлт гарах тэр өдрийн төлөө бодит тэмцэл өрнүүлэх, улам эрчимжүүлэх цаг ирсэн байна. Иймээс авлигатай хийх тэмцлийг бүх шатанд идэвхтэй өрнүүлж, төрийг авлигаас бүрэн ангид байлгах, бизнесийн болон өрсөлдөөний шударга орчин бүрдүүлэх, авлигачдад хуулийн дарангуйлал тогтоох, улмаар олон нийтийн төрд итгэх итгэлийг сэргээхийн төлөө чин шударгаар хамтран зүтгэхийг та бүхэндээ уриалъя.
Үндэсний чуулганаар эдгээр асуудлуудыг хэлэлцэж, авлигын эсрэг үйл ажиллагаагаа шүүн тунгааж, цаашдын зорилтоо тодорхойлон бодит үр дүн гаргах олон чухал шийдвэр дэвшүүлнэ гэдэгт итгэж байна. Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
Таны эрх, Таны оролцоо, Авлигад үгүй гэж хэлье"
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
183.177.99.230
Муу архичин Гахайн толгойт
Хариулах66.181.161.32
Зөв шүү
Хариулах