Савада Хидео Ч.Хүрэлбаатарын асуудлаар Монголын ЭСЯ дээр очиж мэдүүлэг өгчээ


ХААН банкны хувьцааны 60 хувийг эзэмшдэг гэгддэг Японы “Савада Холдингс” компанийн ТУЗ-ийн дарга Савада Хидео Япон дахь Монгол Улсын ЭСЯ-ны байранд очиж манай хууль хяналтын байгууллагынханд мэдүүлэг өгч, байр сууриа илэрхийлжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Чимэдийн Хүрэлбаатар “Таван богд групп”-т хувьцаагаа зарахыг сануулж, ятгаж, “тулгасан” гэж хэлж болохуйц хууль бус албан бичгийг 2019.01.25-ны өдөр буюу Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байхдаа Савада Хидеод явуулсан нь өнөөдөрийн асуудлын эхлэлийг тавьсан байдаг.

Хууль бус гэж тодорхойлох болсон шалтгаан нь 11/386 тоот албан бичиг тухайн үед хоёр өөрөөр бичигдсэн байдаг. Нэг нь иргэнийг шагналд тодорхойлох тухай Монголоор бичигдсэн бол нөгөө нь ХААН банкны 60 хувийг эзэмшигч Савада Хидео руу илгээсэн англи хэл дээрх бичиг. 

Тухайн үед Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын илгээсэн тус албан бичигт ХААН банкны одоо байгаа хувьцаа эзэмшигч “Таван богд групп” компаниас гаргасан тус банкны хувьцааг танай болон дээрх группийн хүлээн зөвшөөрөх бүтцийн дагуу худалдан авах саналыг Монгол Улсын Засгийн газар бүхэлд нь дэмжиж байгаа гэдгээ илэрхийлмээр байна. 

Түүнчлэн Монгол Улсын Сангийн яамнаас дэмжих бичиг гаргах замаар худалдан авах санхүүжилтэд дэмжлэг туслалцаа үзүүлэх болно. 2017, 2018 онд олон улсын зах зээлд гарган амжилттай арилжсан манай улсын бондыг харгалзан үзвэл Монгол Улсын Засгийн газрын дэмжих бичигтэй “Таван богд групп”-ийн гаргах бондыг олон улсын хөрөнгө оруулагчид нааштай хүлээн авах үндэс байгаа гэж миний бие бодож байна. “Таван богд групп”-ийг танай компанитай үр дүнтэй хэлэлцээр хийж, үргэлжлүүлэхийг хүссэн болно. Уг хүсэлтийн талаар тодруулга авах бол надруу биечлэн хандаж болно. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар” хэмээжээ.

Гэвч уг асуудлыг Савада Хидео зарчимгүй үйлдэл хэмээн үзэж хүлээж аваагүй гэдэг. Ингээд тус компанийн хувьцаа зарах асуудал хөшигний ард яригдаж даруй хэдэн жилийг ардаа үдсэн ч амжилт олоогүй. Мөн үүний хажуугаар Японы “Мета капитал” тэргүүтэй хэд хэдэн компани ХААН банкны хувийг авах хүсэлтээ илэрхийлсэн ч удаа дараа хойшилж, тодорхой шийдэлд хүрч чадаагүй юм.

Улмаар өнөөдрийг хүртэл Японы хөрөнгө оруулагч тал өөрсдийн эзэмшиж буй хувиа зарж чадаагүй нь Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар тэргүүтэй зарим улстөрчтэй холбоотой хэмээн үзэж өнгөрсөн 10 дугаар сард АТГ-д гомдол гаргасан байдаг. Ингээд АТГ-аас Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарыг шалгаж эхэлсэн бол өдгөө гомдол гаргасан Савадагаас тайлбар авсан байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна