Зуны урин дулаан цагт бүтээн байгууллалт, үйлдвэрлэлийн ажил эрчийг авдаг билээ. Зам барилга, уул уурхайн цаана өнөөх л хөдөлмөрийн аюулгүй байдал гэх асуудал жил бүр сөхөгддөг. Манай улсад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийг бүрэн хэмжээнд хэрэгжүүлдэг аж ахуй нэгж ховорхон.
Сүүлийн жилүүдэд буюу 2019 онд 324, 2020 онд 345, 2021 онд 254 хүн үйлдвэрлэлийн осолд өртсөнөөс 30 хувь нь барилгын салбарт тохиолдсон байна. Үүнээс цар тахлын зогсонги байдлын үеэр буюу 2020 онд арав, 2021 онд зургаан хүний эрдэнэт амь нас үрэгджээ.
“Үүний цаана дараад өнгөрүүлж байгаа хичнээн осол байгааг бид мэдэхгүй”
Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй нийслэл хотод маань хэд алхаад л “Барилгын ажил явагдаж байна” гэх бичигтэй өндөр төмөр хашаа тааралдана. Тус хашааны цаана хичнээн хүн гэмтэж бэртдэгийг тааж мэдэх аргагүй.
Барилгын талбайд хэдхэн хоногийн зайтай таван хүн амь насаа алдсан харамсалтай явдал тохиолдоод удаагүй билээ. Ослын шалтгаануудыг дурдвал шаардлага хангахгүй, буруу байрлуулсан тоног төхөөрөмж ашигласан, мэргэжлийн бус хүнийг ажиллуулсан зэргээс шалтгаалан тэдгээр осол гарчээ. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуульд “Үйлдвэр, барилга бүр өөрсдийн гэсэн ХАБ-ын инженертэй байх ёстой” хэмээн заасан байдаг. ХАБ-ын инженерийн үүрэг нь энэ төрлийн осол гарах, эрдэнэт хүний амь нас эрстэхээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахиулах юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас зөвхөн ажилчид хохирдог гэвэл үгүй. Барилгын хашааны гадна явж байгаад осолдсон хүмүүс ч цөөнгүй. 2012 онд ганцхан сарын дотор барилгын гадна явж байсан энгийн иргэн амиа алдсан тохиолдол гурван удаа гарсан. Машины дээрээс бетон, төмөр зэрэг унасан тохиолдлыг дурдаад байвал барагдахгүй.
Энэ талаар МҮЭХ-ны хуульч А.Эрдэнэбаяраас тодрууллаа.
Тэрбээр “Манай улсад энэ талын эрх зүйн орчин хангалттай бүрдсэн байдаг ч хэрэгжих явцдаа алдагдчихдаг. Барилга бүрт өөрсдийн гэсэн хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер гэж байх ёстой. Өглөө ажил эхлэхээс өмнө ажилчдад аюулгүйн дүрэм танилцуулж, техник техниологи асуудалгүй байгаа эсэхийг шалгах үүрэгтэй. Гадаадын жишгээс харахад цагийн ажилтнуудад хүртэл өглөө болгон аюулгүй байдлын хичээл ордог, бороо их орж байгаа үед тухайн газрын хөрсийг шинжилж хэр хэмжээний даацийг хэр удаан өргөх гээд бүгдийг нь зааварчилж хянадаг. Гэтэл манай улсад энэ үйл явц хэрэгждэггүй. Оюутан залуучуудыг ихээр ажиллуулдаг хэрнээ тэр хүмүүст аюулгүй ажиллагааны сургалт зааварчилгаа ордоггүй. Зарим нь хөдөлмөрийн гэрээ ч байгуулахгүй аман тохироотой явж байдаг. Эрх зүйн орчныг нь хангалттай бүрдүүлж өгсөн ч түүнийгээ биелүүлж чадахгүй байгаагаас болж энэ олон хүний амь нас эрсдээд байна”
Өнгөрөгч сард барилга дээр ажиллаж байгаад амь нас хохирсон таван тохиолдол гарсан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, хүний амьд явах эрх зөрчигдөж байна хэмээн үзэж МҮЭХолбооноос хэвлэлийн бага хурал зарласан билээ. Энэ үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат:
“Бидэнд мэдэгдэж байгаа ослууд л энэ. Үүнээс цаана дараад өнгөрүүлж байгаа хичнээн тохиолдол байгааг бид мэдэхгүй. Үйлдвэрлэлийн осолд орсон ажилчинтайгаа тохирох, нуун дарагдуулах зэрэг тохиолдол олон. Барилга болгон дээр осол гардаг болж. Барилгын компанийн захирлууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хувцас, малгай төдийхнөөр ойлгож, хариуцлагагүй хандаж байна. Залуучууд хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай ямар ч ойлголт байдаггүй. Хий гэснийг л хийж, өдөржин шөнөжөн ажилладаг. Иймэрхүү нөхцөл байдалд ажилладгаас үүдээд хүний алтан амь нас эрсдэж байна. Барилгын чиглэлээр суралцдаг залуусыг сургуультай нь гэрээ байгуулаад ажиллуулаад байдаг. Зарим нь бүр цалин ч олгодоггүй тохиолдол зөндөө. Гэтэл энд чинь аюулгүй орчинд ажиллах эрх, хөдөлмөрөө үнэлүүлэх зэрэг эрхүүд ноцтой зөрчигдөж байна. Мэргэжлийн хяналтын газар ажлаа хийж эрсдэлийн үнэлгээ хийх хэрэгтэй байна. Барилгын компаниуд хүний амиар бизнес хийхээ болих хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
“Үйлдвэрлэлийн осол гэж дан ганц барилгын ослыг дурдаад байж болохгүй”
Ард иргэдэд ил харагддаг нь барилгын талбай дахь осол. Үүнээс гадна химийн хорт бодистой харьцдаг үйлдвэр аж ахуй нэгжүүд, цахилгаан станц гэх мэт олон төрлийн үйлдвэрлэлийн осол тохиолддог.
Химийн бодисын хурц хордлогод орж хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн Э-тэй уулзаж ярилцахад тэрээр “Хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ажил үүргийг дээрээс албадан гүйцэтгүүлж улмаар хурц хордлогод орсон. Малын эмийн үйлдвэрлэл эрхэлдэг байгууллага хэдий ч ажилчдаараа ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсэн. Тэр үед цуг ариутгал хийсэн олон хүн хордож цус алдах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд илэрсэн. МХЕГ-аас төлөвлөгөөт бус шалгалт хийхэд: Үйлдвэрлэлийн ариутгал халдваргүйжүүлэлт хийх зөвшөөрөл, ариутгалын бодисын талаарх хор аюулын лавлах мэдээлэл, найруулах аргачлал заавар, хийх талбайн хэмжээ, ариутгалын бодисын хэмжээг тогтоосон аргачлал аль нь ч байхгүй, ариутгал хийсэн акт үйлдээгүй, ашигласан бодисын шинжилгээ, худалдах авах ханган нийлүүлэх гэрээ хийгээгүй байсан. Тухайн үед цуг ажиллаж байсан нэг ажилтны маань хурц хордлогын актыг нь өгөхгүй, нуун дарагдуулсны улмаас даатгалын сангаас олгодог үйлдвэрлэлийн ослын тэтгэмж төлбөрөө авч чадахгүй, эмчилгээ хийлгэж чадахгүй явсаар амь насаа алдсан. Хууль бус химийн бодис ашиглан хууль бус үйл ажиллагаа хийсэн албан байгууллагыг 3сая төгрөгөөр торгодог. Гэтэл хуулийн этгээд өөрөө хариуцлага хүлээхгүйн тулд төрийн албан хаагчдыг хамжигчаар оруулж өөрсдийгөө хаацайлж байна. Ослоос хойш бүтэн 3жил өнгөрөхөд одоог хүртэл хэрэг шийдэгдээгүй, үйлдвэрлэлийн ослын даатгал, тэтгэвэр тэтгэмж алийг нь ч авч чадахгүй байсаар байна” хэмээсэн юм.
“Хэн хариуцлага хүлээх вэ? “
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд “Эд хөрөнгөд хохирол учирсан аль эсвэл хүний амь нас эрүүл мэндэд ноцтой хохирол учраагүй тохиолдолд зөрчлийн хуулиар арга хэмжээ авна. Бусдын амь нас хохирсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн заасан байдаг.
Хуульч Б.Батбаяр “Сүүлд гарсан хэргүүдийг жишээ болгон тайлбарлахад хүн бэртсэн бол гэмтлийн зэрэг тогтоолгож байж ямар хуулиар зохицуулагдах нь шийдэгддэг. Нас барсан тохиолдолд эрүүгийн хуулиар зохицуулагдана. Энэ гэмт хэргийн улмаас хоёр болон түүнээс олон хүний амь насыг хохироосон бол хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ. Тэгэхээр гэм буруутай этгээд нь 2-8 жилийн хорих ялтай зүйл ангиар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэнэ. Гэмт хэргийн шалтгааныг нарийн тодруулах хэрэгтэй. Тэгж байж тухайн краны жолооч, ХАБ-ын инженер, туслан гүйцэтгэгч компаны гүйцэтгэх захирал эсвэл “Номин Реалтор” ХХК-ын холбогдох албан тушаалтан зэргийн аль нь хариуцлага хүлээх нь шийдэгдэх юм”.
Өмнө нь дурдсанчлан ослоос хойш удаан хугацаа өнгөрсөн хэдий ч одоог хүртэл хэрэг шийдэгдээгүй, хохирлоо барагдуулуулж чадаагүй тохиолдол олон. Уг асуудлын талаар МҮЭХ-ын хуульч А.Эрдэнэбаяр: “Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйгээс хувь хүн хариуцлага хүлээх тохиолдол олон. Хэрвээ тухайн ажилчин хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол амь нас эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд хуулийн этгээд хариуцлага хүлээхгүй. Аль эсвэл тухайн ажилчныг ажиллах явцад өөр хэн нэгний амь нас үрэгдвэл тэр ажилтан л хариуцлагыг үүрнэ. Захиалагч компани туслан гүйцэтгэгч компани хариуцлагаас зайлсхийж ажил гүйцэтгэж буй хувь хүнийг хариуцлагад татдаг” хэмээлээ.
Үйлдвэрлэлийн ослоос болж сүүлийн арван жилийн хугацаанд зуун мянга орчим хүн хөдөлмөрийн чадвараа алдаж, хөгжлийн бэрхшээлтэй гэх ангилалд хамаарагдах болжээ. Үүнээс цаана тоо баримтанд ороогүй, хэргээ шийдүүлж чадаагүй олон хохирогч бий. Цаашид дахин үйлдвэрлэлийн осол гаргахгүйн тулд, холбогдох хуулийн этгээдийг үнэн зөвөөр хариуцлага хүлээлгэхийн тулд хувь хүн та хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулах, стандартын дагуу аюулгүйн ажиллагааны сургалт авахыг шаардах хэрэгтэй. МХЕГ-аас байнгын төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулах, ХАБ-ын инженерийн үүргийг зохих ёсоор нь хэрэгжүүлэхийг хүсэж байна.
С.Анужин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.128.166
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах