Чөлөөт бөхийн холбоонд олон жил бугшсан “Хэрүүлийн бузар”-ыг тамирчдын тэмцэл ариусгах уу

Х.Батсайхан
2023/06/08

МУГТ, дэлхийн аварга П.Орхон, олимп, ДАШТ-ийн медальт Б.Болортуяа, ДАШТ-ий медальт Т.Тулга тэргүүтэй манай чөлөөт бөхийн сор болсон тамирчид өнөөдөр 12.00 цагт хэвлэлийн хурал хийхээр товложээ. Тэд бүгд 2023 оны улсын аваргууд бөгөөд МЧБХ-ноос ДАШТ-ий өмнө гэнэт сорил тэмцээн хийхээр болсныг эсэргүүцэж байгаа юм.  

Байдлыг харвал, бөхчүүдийн энэ акц хар аяндаа Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагуудыг огцруулах, хуралдаан зохион байгуулж шинэ удирдлагуудыг сонгох асуудал руу орчих магадлал өндөр байна. Учир нь гавьяатууд, аваргууд дан ганц урьчилж төлөвлөлгүйгээр сорил хийхийг эсэргүүцсэн биш, холбооны удирдлагуудын хариуцлагагүй, тамирчдын амжилтыг хойш нь татсан урагшгүй үйл ажиллагааг хурцаар шүүмжилж байгаа юм.

Тухайлбал, П.Орхон гавьяат “МЧБХ-ны ерөнхийлөгч  Х.Бадамсүрэн, ЕНБД П.Буяндэлгэр нарт хаяглахад, Монголын чөлөөт бөхийн тамирчдын ирээдүйгээр тоглох эрх та нарт байхгүй. Ийм нөхдүүд одоо ажлаа өг. Бид ийм нөхдүүдээр өөрсдийн ажил амьдралаа шийдүүлмээргүй байна.Шударга зүйл нэг ч алга. Цаашид тамирчид бид нэгдэж хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж чөлөөт бөхийн бусармаг үйл ажиллагааг ил болгохын төлөө явна! Манай тамирчид эхнээсээ үзэл бодлоо илэрхийлээд эхэлсэн” гээд,

1. Тэмцээн бидний хураамжны мөнгөөр зохион байгуулна.

2. Визний асуудал удаа дараа гаргаж тамирчдыг хохирооно

3. Тамирчдад шагналын мөнгө өгдөггүй

4. Дэлхийн бөхийн холбооноос ирсэн шагналыг нуун дарагдуулж өөрсдөө завшина

5. Ази тивийн аварга зохион байгуулж, ашиг олж тайлангаа тавихгүй өөрсдөө авна гэсэн ноцтой фактуудыг дурдсан байна.  

Дээрх фактуудаас “Дэлхийн цом”-ын тэмцээний үеэр гарсан визний асуудал яах аргагүй олны нүдэнд ил байсан учраас мэдэгдсэн, бусад нь өмнө нь огт ил болж байгаагүй баримтууд юм.

Ноднин жил дэлхийн шилдэг багууд урилгаар оролцдог “Дэлхийн цом”-ын тэмцээнд манай улсын эрэгтэй, эмэгтэй багууд өнгөрсөн ДАШТ-д үзүүлсэн амжилтаараа тус тэмцээнд оролцох эрхээ авч, хүчирхэг бүрэлдэхүүнтэй оролцохоор зэхэж байсан боловч Чөлөөт бөхийн холбоо тамирчдаа АНУ-ын ЭСЯ-нд визэнд оруулахдаа хойрго хандаж, цагийг нь тулгаснаас болоод “Будапешт 2022” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Н.Наранхүү, ОУХМ Г.Сүлдхүү зэрэг амжилтынхаа ид үе дээр явж байгаа тамирчид тэмцээндээ оролцож чадаагүй юм. Энэ нь мэдээж, багийн амжилтад сөргөөр нөлөөлсөн.

Тухайн үед миний бие “МЧБХ-ны даргын “давхар дээл” хүнддэж, тамирчдын эрх ашиг хохирлоо” хэмээн шүүмжилж байсан. Үнэхээр ч судлаад үзэхэд Ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр нь ажлын ачаалал ихэдсэнээс Чөлөөт бөхийн холбооны ажилд зориулах цаг зав хомс болсноос үүдээлтэй алдаа гэж харагдаж байсан юм.


П.Буяндэлгэр нь спортын салбарын чадварлаг зүтгэлтэн хэдий ч Зүүн Азийн залуучуудын наадмын гүйцэтгэх захирал, Азийн чөлөөт бөхийн холбоо, Монголын үндэсний олимпын хорооны гишүүн, Монголын чөлөөт бөхийн холбооны ЕНБД гэсэн дөрвөн ажлыг нэгэн зэрэг хийж байгаа нь спорт холбооны генсек шиг цаг наргүй онцлогтой ажилд тохирохгүй гэсэн шүүмж явж байсныг эх сурвалжууд тухайн үед хэлж байсан. 

АНУ-тай таагүй харилцаатай гэхэд багадахаар Ираны шигшээ баг хүртэл визээ авч тэмцээнд оролцож байхад манайх явж чадаагүй нь үнэндээ л хариуцлагагүй гэхэд багадахаар алдаа байсан. Одоо болж байгаа үйл явцыг дүгнэж үзвэл, тамирчид, дасгалжуулагчид, зарим зүтгэлтнүүд холбооныхоо удирдлагуудад сэтгэл дундуур болох, улмаар солих тухай яриа тэр үеэс эхэлсэн байсныг сая гарсан “Сорил тэмцээн”-ий удирдамж улам сэдрээв үү гэсэн байдал харагдана.

Хэрүүл тэмцэл хүсэх зүйл биш. Гэхдээ муу муухай илчлэгдэх нь яах аргагүй сайн. Монголын чөлөөт бөхийн түүхэнд тамирчид холбооныхоо эсрэг ингэж эрсэлж байсан түүх үгүй. Тиймээс энэ удаагийн тэмцлээс  сорил тэмцээнийг цуцлах биш, цухас гаргасан бусад фактуудаа баримттайгаар дэлгэн тавьж, асуудлаа нэгмөсөн шийдээсэй гэж спорт сонирхогчид хүсэж байна.  




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.248.206
    2023/06/09

    Буяндэлгэр гэж ямар юм байдгийн бузар минь зайлаач! Бадамсүрэн Өвгөн төгцөг минь зайлаач.

    Хариулах
  • 213.87.156.59
    2023/06/09

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах