Ши Жиньпиний “Энхийн цагт армийг ашиглах” зөвшөөрөл ба БНХАУ-ын хоёрдмол дүр төрх

Х.Батсайхан
2023/06/09

БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн жилийн яг өдийд Хятадын ардын чөлөөлөх армийг энхийн цагт ашиглах тухай журамд гарын үсэг зурж баталгаажуулан, олон улсын анхаарлыг татаж байсан билээ. Тухайн үе бол Бээжингийн Тайваний харилцаа түүхэнд байгаагүй хурцадмал, тодорхойгүй үедээ ирсэн үе. ОХУ Украинд цэрэг оруулсны дараа Бээжин байр суурь илэрхийлэлгүй удаж, удаж  “ОХУ Украинд цэрэг оруулсныг халдан довтолсон гэж үзэхгүй” гэж мэдэгдэж, хэсэг бүлэг шинжээччид “Өөрсдөө Тайванийг авах юм байна” гэсэн гаргалгааг хийсэн үе. Тиймээс Ши Жиньпиний шийдвэр юу, юугүй дайтаад эхлэхгүй ч гэсэн том дайны бэлтгэлийг илээр хангах боломж бүрдүүлсэн хэрэг мөн байв.  

Журам гаргах нь “БНХАУ Тайвань руу довтолно” гэсэн үг биш. Цаашид үйл явдал хэрхэн өрнөхийг хэн ч хэлж мэдэхгүй /өнгөрсөн жил гаруйн хугацаа үүнийг баталж буй/. Гэхдээ хууль эрхзүйн орчноо бүрдүүлсэн гэдгээрээ анхаарал татахуйц алхам гарцаагүй мөн юм. Тодруулбал, ноднингоос ххүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн энэ журам Бээжингийн хувьд шатрын морь лугаа (шатрын бодуудаас морь л нэг буудал дээрээсээ хоёр бай онилж чаддаг) сонголттой алхам хийх боломжийг олгож байна.  

Хятадын Ардын чөлөөлөх арми Тайвань руу довтлох тухай яриа бүр эртнийх гэдгийг юуны өмнө хэлэх нь зүйтэй. Тодруулбал, Гоминданы намын удирдагчид арал руу зугтан гарахад л эхэлсэн. Дээр бичсэнчлэн, Ши Жиньпиний дээрх журмыг эс тооцвол БНХАУ-ын хийж байгаа алхмууд барууныхантай илт сөргөлдөхөөс болгоомжилсон шинжтэй. Гэтэл Тайваньд цэрэг оруулна гэдэг тэдэнтэй сөргөлдөх гэхэд багадахаар үйлдэл билээ. Цэрэг орууллаа гэхэд Тайвань тийм амар бууж өгөхгүй. Арал руу дайрахад цэргийн тусгай тактик шаардлагатай, Өөрөөр хэлбэл, өргөн хүрээтэй фронт нээх боломж хомс, десант буулгаж тулалддаг бөгөөд энэ нь хамгаалагчдад маш том давуу талтай байдаг. Ерөөс ийм практик дайны түүхэнд ховор. Довтлогч тал арлын аль ч талаас гол хүчээрээ дайрч болох учир хамгаалагч тал цэрэг зэвсгийн хүчээ хаана төвлөрүүлэхээ мэдэхгүй самгарддаг тал бий. 

Дэлхийн дайны үед холбоотнууд 1944 онд Нормандын эрэгт десант буулгах “Оверлорд” нэртэй ажиллагаа явуулсан түүх бий. Тэгэхэд А.Гитлер холбоотнууд гол хүчээ Пасс де Калед буулгана гэж эндүүрээд Норманд руу их хэмжээний хүч илгээхээс татгалзсаар ашиггүй байдал үүсгэсэн байдаг. Десант буулгах нь энэ мэт давуу талтай ч АНУ, Тайванийн тэнгисийн цэрэг маш хүчирхэгийн дээр Хятадын ардын чөлөөлөх армид өмнө нь ийм төрлийн ажиллагаа явуулж байсан туршлага үгүй.

Алс Дорнодын улсуудыг судлах хүрээлэнгийн судлаач Павел Котков энэ талаар “Өмнө нь өөрсдийнх нь газар нутаг байсан гэдэг утгаараа БНХАУ эрт орой хэзээ нэгэн цагт Тайванийг нэгтгэхээр оролдох нь гарцаагүй. Энхийн замаар нэгтгэх боломж шавхагдсан тул эзэлж л таарах байх. Гэхдээ амжилтдаа 200 хувь итгэлтэй болсон цагтаа л ийм алхам хийнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бээжин үүний тулд эгзэгтэй агшныг олж, овжин хөдлөх шаардлагатай. Яг л Азербайжан АНУ-д сонгуулийн кампани ид өрнөж байсан үеийг ашиглаж Карабахын дайнд ялсан шиг. Одоогийн байдлаар бол ийм эгзэг бүрдээгүй байна. Тиймээс Тайванийн асуудалд болгоомжтой хандаж байгаа болов уу. Өөрөөр хэлбэл, эргэлзээ нь арилаагүй байгаа гэсэн үг. Тэр тусмаа Ардын чөлөөлөх арми нь 1979 оноос хойш байлдааны практик үгүй байгаа шүү дээ. Хятадын арми одоо албан тасалгаанд суугаад цол дэвшсэн генералууд, цагийн ихэнхийг хурандаа байрлаж өнгөрөөдөг цэргүүдээр дүүрэн байна. Дайн эхлүүлээд амжилт олно, ялж дийлнэ гэх 100 хувийн найдлага ч  БНХАУ-ын эрх баригчдад байхгүй” хэмээн ярьжээ. 


Түүний ярианд үнэний хувь бий. Хэдий Ши Жиньпин дайны бус буюу энхийн цагт армийг ашиглах журам баталж, хилийн чандадад цэргийн ажиллагаа явуулах эрхзүйн боломжоо нээсэн ч ойрын үед л лав Тайваньд довтлох магадлал бага гэдэгтэй шинжээчид санал нийлж байна. Гэхдээ тэр цагийг улам ойртуулсан гэдэгтэй бүгд санал нэгдэж байгаа юм. Хугацааны тухайд, тайваньчууд өөрсдөө 2025 он гэсэн багцаа хэлдэг. Тухайлбал, Батлан хамгаалахын сайд Чиу Куо Чэн өнгөрсөн аравдугаар сард Парламентын гишүүдэд хандаж хэлсэн үгэндээ  “БНХАУ-тай харилцах харилцаа сүүлийн 40 жилд хамгийн муу үедээ ирээд байгаа” гээд, 2025 онд Тайванийн эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлэх магадлалтай гэж яг таг хугацаа хэлж байв. Тэр үед БНХАУ Тайванийн эргийн хамгаалалтын бүсэд дөрвөн өдөр дараалаад олон тооны онгоц нисгэсэн бөгөөд сайд батлан хамгаалах хүчин чадлаа бэхжүүлэх мөнгө гуйхдаа ингэж мэдэгдсэн байдаг юм. Яагаад наана нь биш, 2025 онд дайрна гэсний учраа тэрээр “БНХАУ-д хүч хэрэглэе гэвэл боломж нь байгаа. Гэхдээ шууд одоо эхлүүлэхэд болохооргүй өөр олон хүчин зүйлүүд байна” гэж тайлбарлаж байлаа.


Нөгөө талаас, Ши Жиньпиний баталсан журмыг зөвхөн Тайваньд зориулсан гэж хэлж бас болохгүй. БНХАУ бол том гүрэн. Хуурай 14 улстай хиллэдэг боловч түүнээс ч илүү олон улстай газар нутгийн маргаантай байдаг. Хуурай газраар хиллэдэг улсуудаас бараг Монгол, ОХУ, Хойд Солонгос, Лаос, Афганистанаас бусадтай нь асуудалтай. Вьетнамтай Парсел, Спратли арал Өмнөд Хятадын тэнгисээс болж маргадаг бөгөөд бүс нутгийн Малайз, Бруней, Филиппин зэрэг улсууд ч энэ маргаанд оролцдог. Японтой Сенкаку бүлэг арлаас болж маргана. Энэтхэгтэй бол эдүгээ хоёр улсын хилийн шугам болдог “Мак Махоны шугам” гэгчээс болж маргадаг, дайтаж байсан ч удаа бий. 

Ши Жиньпиний баталсан “Дайны бус буюу энхийн цагт армийг ашиглах” журмыг ашиглах боломж Тайваниар хязгаарлагдахгүй гэсний учир энэ. ОХУ Украинд яалт ч үгүй л дайн хийж байгаа ч цэргийн ажиллагаа гэж нэрлэж байгааг бүгд харж байна. Тэгвэл БНХАУ ч энэ жишгээр явахыг үгүйсгэх газаргүй. Бээжингийн баримталж байгаа “0 ковид” бодлого, хилийн хяналт хөрш орнуудаа эдийн засгийн хувьд туйлдуулж байгаа талаар бид өмнө нь бичиж байсан. Энэ нь Тайванийг авах үед “бөөрнөөсөө” хүчтэй цохиулахгүйн тулд авч байгаа арга ч байж мэднэ. Эс бөгөөс хөрш буюу бүс нутгийн орнуудаа бүр сульдааж байгаад “Ажиллагаа” хийх алс хэтийн зорилгын эхлэл ч байж мэднэ шүү дээ. Дэлхий дээр одоо оршин байгаа хүчтэй хоёр туйл хоорондоо нүүр тулан мөргөлдвөл ийм үйл явц өрнөх боломжтой. Энэ өнцөөс харвал Ши Жиньпиний журам Бээжинг шатрын морь шиг хоёр биш, бүр илүү ч олон буудалтай болгосон ч байж мэднэ.    



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.130.237
    2023/06/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах