Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагаас 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болон Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасныг баримтлан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.
Тэрбээр, Хууль зүйн байнгын хорооны 2023 оны 06 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нэгтгэн хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж нар болон холбогдох бусад албан тушаалтнууд ажилласныг дурдаад Ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар хуулийн төслүүдийг хэлэлцэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд суурилан нэгтгэн хэлэлцэх горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан Ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч гэснийг өргөтгөх үүднээс эцсийн өмчлөгч гэж нэмэх, улс төрд нөлөө бүхий зарим этгээдэд тавих хориглолт хязгаарлалтыг зөрчсөн нь Монгол Улсын Үндсэн хууль холбогдох бусад хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон бол тухайн албан тушаалтныг чөлөөлөх, огцруулах, эгүүлэн татах үндэслэл болох, хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд хууль хүчин төгөлдөр болохоос өмнө уг хуулийн 201.2-т заасан этгээд нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор холбогдох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж, ажлаас чөлөөлөгдөх арга хэмжээ авах хугацааг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болгож хойшлуулах, Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан төслийн 1 дүгээр зүйлийн “хүүхэд” гэдэгт эхнэр, нөхөр, хамтран амьдрагчийн төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхдийг ойлгоно гэж заасан тайлбар хэсгээс “дагавар,” гэснийг хасаж, “хамтран амьдрагчийн” гэсний дараа “одоо хамт амьдарч байгаа” гэж нэмэхээр зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй есөн санал тус бүрээр санал хураалт явуулав. Ингээд уг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна