Монголын үндэсний бөхийн түүхэнд хүчит сайн бөх төрдгөөрөө алдартай нутгууд бий. Чингэж төрөхдөө үндэсний бөхийн аварга, арслан, заан, начин цолтон тус бүртээ нэгэн аймгаас олноороо төрсөн сонин тохиолдлыг буй болгосон. Тодруулбал, аваргууд Увс, арслангууд Архангай, заанууд Булганаас төрөх хандлага ажиглагдсан. Гарчигт бичсэнчлэн, тухайн цолтныхоо “Даллага авахуулсан” гэж хэлж болохоор энэ сайхан нутгуудаас өнөөдөр Архангай аймаг, тус аймгаас төрсөн арслан цолтой бөхчүүдийг онцолж байна. Аваргыг алгасаад арслан олонтой аймгийг онцолсон нь отгон арслан, Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат Мягмарын Бадарчтай холбоотой.
Монголын үндэсний бөхийн Ардын хувьсгал ялснаас хойших 102 жилийн түүхэнд 54 арслан цолтон мэндэлжээ. Тэдний 14 буюу 26 хувь нь Архангай аймгаас төрсөн байна. Архангайгаас төрсөн арслан цотнууд дотор аваргын энтэй буюу одоо ид барилдаж байгаа С.Мөнхбат, Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр нартай амжилтын хувьд зэрэгцэх бөхчүүд ч бий.
Ардын хувьсгалын жилүүдэд мэндэлсэн анхны арслан Архангайнх
Ардын хувьсгал ялснаас хойш мэндэлсэн анхны арслан Дүйнхордоржийн Далантай хуучнаар Хан-Өндөр уулын хошууны Үлэмжбадрах сум буюу одоогийн Өндөр-Улаан сумын харъяат бөгөөд хожим Ихтамир сумаар овоглох болсон бөх юм. 1922 оны, Ардын хувьсгалын анхны ойн баяр наадамд ес давж үзүүрлэн заан цолд хүрсэн Д.Далантай дараа жилийнх нь наадамд 10 давж түрүүлэн Ардын хувьсгалын жилүүдэд мэндэлсэн анхны арслан цолтон болсон юм.
Хоёр метр шахам өндөр нуруутай, өрсөлдөгчөө хав дөрвөлжин барьцнаас хавирах, гар ачих, тойгдох мэхээр хаядаг бяр хүч ихтэй Д.Далантай арслан гавж цолтой шашны мяндагтан байсан тул 1937 оны их хэлмэгдүүлэлтэд өртөж, цаазлуулсан гашуун түүх бий.
“Даллага” авахуулсан хүчтэнүүд
Д.Далантай анх түрүүнд арслан цолтны босго алхсанаас хойш Архангайн бөхчүүдэд энэ цол ээнэгшиж, ардын хувьсгалын эхний найман жилд долоон арслан төрсний дөрөв нь арын хангайнх байв. Д.Далантай арслан дээр Тариат сумын Шагжийн Төмөрбаатар, Өлзийт сумын Баясахын Банзар, Ихтамир сумын Сундуйн Лундаажанцан нар нэмэгджээ. Улмаар Өлзийт сумын “Улаан хүзүү” хэмээх Хүрэлийн Дэлэг 1934, Жаргалант сумын “Эрээн хавиргат” хэмээх Баатарын Төрбат 1938, Хайрхан сумын “Аат” хэмээх Довчингийн Лувсанжамц 1943, Далайн Жамц 1962, Мягмарын Бадарч 2023 оны наадамд түрүүлж арслан цолтны эгнээнд нэгдсэн байдаг.
"Аат" хэмээх, улсын арслан Д.Лувсанжамц
Ардын хувьсгалын жилүүдэд хүртсэн түрүүгээрээ /17/ Архангайн хүчтэнүүд Увстай зэрэгцдэг. Гэхдээ ялгаатай нь Арын хангайн 17 түрүүг 12 өөр бөх /Улсын 17 түрүүний 10 нь ганц Х.Баянмөнх аваргынх/ авсны дотор дээр нэр дурдагдсан долоон арслан цолтны хувь нэмэр бий.
Баруун гар талынх нь улсын арслан Д.Жамц
Наадамд түрүүлсэн долоон арслангаас гадна Тариат сумын Шагжийн Төмөрбаатар /1926/, Ихтамир сумын Сандуйн Лундаажанцан /1929/, Хайрхан сумын Цэнджавын Содов /1943/, Эрдэмандал сумын Дашийн Самбуу /1946/, Өлзийт сумын Жалбуугийн Чойжилсүрэн /1961/, Хашаат сумын Уламбаярын Мижиддорж /1963/, Булган сумын Дуламжавын Мөнх-Эрдэнэ, Ренчинбямбын Пүрэвдагва /2016/, Цэнхэр сумын Мягмарын Бадарч нарын бөхчүүд Монгол Улсын арслан цол хүртжээ.
Эд бүгд улсын наадам түрүүлж, үзүүрлэн цолныхоо хэмжээнд дүүрэн барилдаж явсан, зарим нь одоо ид барилдаж, цолоо ахиулах хэмжээнд үнэлэгдэж яваа домогт хүчтэнүүд билээ.
Аваргын энтэй арслангууд
Үндэсний бөхийн шинэ үеийн түүхэнд тодорсон 54 арслангийн лавтай 10 гаруй нь одоогийн дүрмээр аварга цол хүртэх болзол хангасан байдгийг бөх сонирхогчид мэдэх биз. Тэгвэл тэдний дунд Архангайн гурван хүчтэн бий. Өлзийт сумын Баясахын Банзар /1898-1979/ улсын баяр наадамд 1927 онд найм давж улсын заан, 1928 онд 10 даван түрүүлж улсын арслан цол хүртээд 1929 онд ес давж үзүүрлэн чимэг нэмсэн. Домогт энэ бөх өвгөрсөн хойноо дархан аварга Ж.Мөнхбат, улсын аварга С.Цэрэн, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир нарыг барилдахыг харж сууснаа “Ж.Мөнхбат голын бяртай сайн бөх байна. С.Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир хоёр яах вэ, орон гаран бяртай юм” гэж голоход хажууд нь суусан бөхчүүд “Таны үед энэ хэд хэр зэрэг бөх байх байсан бол” гэхэд “Яахав дээ. Хоёрын давааны хатуухан боорцогнууд юм даа“ гэсэн тухай Ө.Эрдэнэ-Очир арслан дурссан байдаг билээ.
Улсын наадмын түрүүлээгүй ч цагийг эзэлсэн дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй таван удаа түрүү байр булаацалдаж үзүүрлэсэн, Булган сумын харъяат хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэ аваргын хэмжээний бөх аргагүй мөн. 11 түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ дархан аварга юм бол ганцхан түүнд унаж, бусдыг нь "дарсан" Д.Мөнх-Эрдэнэ даян аварга биш гэхэд аварга цолтой байх нь уг нь шударга ёсонд нийцэх сэн билээ. Таван өөр бөхөд унаж үзүүрлэсэн бол асуудал өөр, ингэж халагдахгүй байсан гэдгийг уншигчид ойлгох биз ээ.
Ардын төрийн ууган, отгон арсланг төрүүлсэн, өдгөө 100 жилийнхээ ойг тэмдэглэж буй Арын сайхан хангай нутгийн хүчтэнүүдийн талаар цухас дурсахад ийм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.155
Goy bichjee
Хариулах