Мэргэжлийнхэн Г.Баасангийн үйлдлийг маш аюултай үр дагавартай гэв


АТГ-ын олон нийтийн зөвлөлийн тэргүүн Г.Баасан сүүлийн үед улс төржсөн мэдээллийг бараг өдөр бүр хийдэг боллоо. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн мягмар гаригт АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах санал гаргаснаа мэдэгдэв. Тэрбээр энэ үеэр “АТГ нь томоохон хэргүүдийг шалгах ажлыг зориудаар удаашруулж байна. АТГ нь улс төрчдийн талд ажилладаг” гэсэн юм.
 
Иргэдийн зарим нь түүнийг зорилготойгоор улс төржиж, Ерөнхийлөгчийн эрх ашгийн үүднээс дуугарч байна гэж үзэж байна. Харин зарим нь АТГ-ын ажлыг өөрөө хийж буй мэтээр сурталчилгаа хийж нэр хүндээ өсгөж байна гэж ярьж байгаа юм. Түүнээс иргэд олон нийтийн төлөө дуугарч байна гэж харахгүй байна. Г.Баасанг АТГ-ын олон нийтийн зөвлөлийн даргаар Ерөнхийлөгч Х.Баттулга томилж байсан. Тийм учраас түүнийг Ерөнхийлөгчийн заавраар ингэж бусниулах ажлыг хийгээд байна хардлага нийгэмд бий болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл түүний мэдэгдлийг Ерөнхийлөгчийн санаа зорилго гэж харах хүмүүс олширч байна. Учир нь АТГ-ын дарга болон удирдлагуудыг нь ажлаас нь чөлөөлөх эрх зөвхөн Ерөнхийлөгчид л бий. Тэгэхээр Ерөнхийлөгч өөрийн зорилгыг Г.Баасангаар дамжуулан хэлээд байхыг үгүйсгэхгүй юм. Энэ бүхнээс ажиглахад,  Ерөнхийлөгч удахгүй АТГ-д хөдөлгөөн оруулж мэдэх юм. Гэхдээ төрийн ажлыг бусниулах нь хэнд ашигтай гэж. Ард түмэнд л лав биш. Төрийн байгууллагын ажил тогтвортой явах ёстой гэдгийг монголчууд ойлгодог болсон шүү дээ.
 
Нөгөөтэйгүүр Г.Баасангийн удирдлагад ажиллаж буй Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнд нь олон нийтийн гэхээсээ улс төрийн төлөөлөл илүү олон байгаа гэдгийг иргэд шүүмжилж байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, өмгөөлөгч Г.Пүрэвбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга асан Оросоо гээд  АН-ын тодотгол бүхий, улс төр тал руу түлхүү төлөөлөл олон байна.  Дээрээс нь О.Цоодол гээд Монголын ардчилсан холбооны удирдах зөвлөлийн гишүүн байгааг ч дурьдахгүй өнгөрч болохгүй юм.
 
Тиймээс ч өөрийг нь албан тушаалд томилсон хүнийхээ бас хамт ажиллагсадынхаа эрх ашгийг хамгаалж ийнхүү улс төржсөн мэдэгдлийг хуулийн хэм, хэмжээнээс давуулан ярьж байж мэднэ гэж учир мэдэх хүмүүс онцолж байна.
 
Уг нь АТГ-ын олон нийтийн зөвлөлийн үйл ажиллагааны гол чиглэл нь иргэдийн эрх ашгийг хамгаалж АТГ-ын үйл ажиллагаанд хуулийн хүрээнд зохист хэмжээгээр хяналт тавих. Ер нь бол АТГ иргэд олон нийтийн харилцааны гүүр болох ёстой. Гэтэл Г.Баасан энэ хэм, хэмжээнээс давсан зүйлүүдийг ярихаас гадна хэн нэгний нэр хүндэд шууд халддаг болов. Энэ нь маш аюултай үр дагавартай гэж мэргэжлийнхэн ярьж байна.
 
АТГ-ын олон нийтийн зөвлөл гэж хуулиараа юу хийх ёстой, яах ёстойг хуулийнхаа хүрээнд ялгаж салгаж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол Олон нийтийн төлөөлөл болсон байгууллага нь олон түмнийг бужигнуулах ёстой гэдэг буруу ойлголт газар авах нь. Ер нь бол Г.Баасан тэргүүний хийсэн мэдэгдэл нь тодорхой үр дүнд хүрэхгүй зөвхөн хэрүүлийн чанартай иргэд олон нийтийн санаа бодлыг үймүүлсэн л зүйл болоод байна. АТГ бол аль нэгэн төрийн бус байгууллагын тоглоомын байгууллага биш. Тэнд улсын нууцаас эхлээд төрийн үйл ажиллагаатай холбоотой чухал баримтууд бий. Үйл ажиллагаа нь тогтсон чиг шугам, ажиллах арга барилтай. Гэтэл тоглож болохгүй тоглоом гэдэг шиг улс төржиж болохгүй байгууллагаар оролдож болохгүй л санагдана.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна