Н.Учрал: Шинэ 30 жилийн эхний 4 жилд онцгой анхаарч ажиллана

2020 оны 06 сарын 29

УИХ-ын сонгуулиас хамгийн олон санал авсан 76 сонгогдогч өнөөдөр гишүүний үнэмлэхээ гардан авлаа. Энэ үеэр шинэ гишүүдийн байр суурийг сонсов.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг 

Ц.Мөнхцэцэг - Сонгууль.мн

"2020 оны УИХ-ын шинэ бүрэлдэхүүн өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа. Энэ удаагийн УИХ хэд хэдэн онцлогтой байгаа. Ерөнхий сайдын бодлогыг олонх дэмжиж үнэмлэхүй олон суудал авлаа. Тийм учраас МАН шинэ засгийн газар юуны өмнө мөрийн хөтөлбөрийн зорилтуудаа хэрэгжүүлнэ. Үүн дотроо нийгмийн тэгш бус байдал баян ядуугийн ялгааг багасгаж дундаж давхаргатай иргэдээ нэмэгдүүлнэ. Үндэсний хуримтлалын сан гэх зэрэг нийгэм эдийн засгийн гол шинэчлэлүүдээ хийнэ. Төрийн бүх шатандаа үндэсний хэмнэлтийн бодлогыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан. Төрөөс төрдөг, олон саяын үнээр  өрөө тасалгааг тохижуулдаг байдал алга болно. Миний хувьд Монгол улсын боловсролын шинэчлэлт, боловсролын салбар дахь тэгш бус байдлыг багасгах, багш нарын эдийн засаг, нийгмийн халамжийг нэмэгдүүлнэ. Монгол хүүхэд хаана ч төрснөөс үл хамааран чанартай боловсролыг эзэмшүүлэх зэрэг ажлуудыг түлхүү хийнэ"

 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням

Гонгор Дамдинням Монгол Ардын нам Зураг Доржзовдын ...

"Шударга, зарчимтай багаар ажиллана. Нийтийн үнэт зүйлийн төлөө нэгдэж ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна. Гишүүн болоод хувь хүний үүднээс тавьсан зорилт гэвэл Дарханы замын засварыг дуусгах ажлыг хамгийн түрүүнд хийнэ".

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд

Т.Доржханд: Гуравдагч хүчнүүд амбицаа дарж, алсын зорилго дээрээ ...

 "Ирэх 4 жил маш хэцүү байх болно. Эдийн засгийн хамгийн хэцүү үеүдийг шинэ засгийн газар угтаж байна. Ийм үед эдийн засгаа бэхжүүлэх, ажлын байраа хамгаалах, хар, саарал жагсаалтаас гарах, бондын өрийг төлнө. Мөн монгол хүнийг ажилтай, орлоготой болгох нь энэ Засгийн газрын хамгийн том сорилт байх болов уу гэж бодож байна. Үүнд бид маш хүчтэй байр сууриа илэрхийлж ажиллана. Төрөл бүрийн мэргэжилтэй залуучуудтай хамтарч ажиллана. Цаашид Засгийн газарт дэмжлэг болохыг бодно. Шүүмжлэлийг хатуу хэлнэ. Ялангуяа засгийн газар төсөвтөө тодотгол яаралтай хийх хэрэгтэй байх. Бодлогын шинэчлэлүүд дээр анхаарч ажиллана. Хуулийн төслүүдийг санаачилж ажиллах төлөвлөгөө байгаа. 

Үзэл санаа гэдэг зүйл дээр бид нэгдэж ажиллах ёстой байх. Хүн намын хувьд хүн дээд үзэл санаа гэдэг социал демократ үзэл санаатай. Үүнийхээ төлөө тууштай ажиллана. Яг одоогийн байдлаар аль нэг нам руу орчих вий гэсэн асуулт их байна. Тийм зүйл байхгүй. Сөрөг хүчний хэмжээнд хүчтэй ажиллаж чадна. Эрх барьж байгаа нам 62 суудалтай, сөрөг хүчин 11 суудалтай байлаа ч гэсэн бид хүчтэй сөрөг хүчний байр суурь дээр байна гэдгээ албан ёсоор мэдэгдье. Зөвийг дэмжинэ. Үнэт зүйл бодлого дээрээ тууштай байна."

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

М.Оюунчимэг гишүүн хадгаламжиндаа 905 сая төгрөгтэй

 "Манай намаас урьдчилгаа төлөхгүйгээр ипотекийн зээлд хамрагдаж байгаа хүмүүст 4-6 хувийн хүүтэй зээл олгоно зэрэг амлалтыг өгсөн. Үүнд 62-ын бүлэг онцгой үүргээ гүйцэтгэнэ. Цаг наргүй ажиллана. Нэлээд том хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгасан ч дэлхийн эдийн засагт амаргүй байдал ажиглагдаж байна. ОУВС-аас гадаад эдийн засаг буурах хандлага байгааг хэлж байна. Тиймээс ярьж байгаад зайлшгүй төсвийн тодотгол хийх байх. Бид маш өндөр хариуцлагын өмнө ирж байгаа. Яагаад гэвэл ард түмэн бидэнд маш өндөр итгэл хүлээлгэлээ. Тиймээс шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлнэ. Улс орон, иргэд рүүгээ чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийх тал дээр тууштай ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаа".

 

УИХ-ын гишүүн Н.Учрал

Н.Учрал гишүүний санаачилсан хууль Ерөнхийлөгчид сайшаагдав

 "Иргэдийн итгэлийг зүтгэлээр хариулах ёстой. Цаашид эдийн засгаа өргөжүүлж, бүтцийг тэлэх ажил руу ханцуй шамлан орох ёстой. Миний хувьд СХД-ийн 27-р тойрогт нэр дэвшин хоёр дахь удаагаа сонгогдлоо. Энэ бол иргэдийн зүгээс хүлээлгэж байгаа маш том итгэл хариуцлага. Иргэдтэй уулзах үеэр нэг зүйлийг их хүсэж байсан. Хуримтлалын нэгдсэн тогтолцоог бий болгох, нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийг зохион байгуулж, боловсрол, тэтгэврийн шинэчлэл хийх захиасыг хэлж байсан. Дундаж давхаргыг дэмжсэн намынхаа бодлогыг хэрэгжүүлнэ. Хуримтлалын сан бий болгоно гэсэн амлалтаа биелүүлнэ. Нийгмийн даатгалын шимтгэлтэй нь орон сууцыг уяж өгнө. Намраас өөрийн санаачилсан хуулийг хэрэгжүүлнэ. Цаашдаа УИХ-ын үндсэн ажил руугаа их анхаарах болно. Шинэ 30 жилийн эхний 4 жил хэрхэн өнгөрөх вэ гэдэгт бид онцгой анхаарч ажилланаа. Завгүй өдрүүд хүлээж байна" гэлээ.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.