Г.Отгонтуяа: Шат шатны шүүх хуралдаан болгоны дараа би уйлсан, унасан, шантарсан, бас би айсан

Х.Есү
49 минутын өмнө

Монгол Улсын дээд шүүх бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины хэргийг өчигдөр буюу аравдугаар сарын 30-ны өдөр хэлэлцэж шийдвэрлэсэн. Шүүхээс хэрэгтэн Ц.Дагвадоржид оноосон бүх насаар хорих ялыг хэвээр үлдээж, Э.Ган-Эрдэнийн цагаатгах тогтоолыг хүчинтэйд тооцож, Э.Номин-Эрдэнэ, Т.Энхсайхан нарын цагаатгах тогтоолыг хүчингүй тооцож, тэднийг дахин шалгахаар болсон. 

Энэ талаар охины ээж цахим хуудаснаа ийнхүү бичжээ. 

"Хууль ёс шударга үнэний ялалт буюу итгэл сэргэсэн мөч

Арван зургаахан настай эрх танхил, бяцхан охины минь амь насыг харамсалтайгаар хөнөөсөн тэр хар өдөр миний зүрх сэтгэл болон амьдралыг минь өмнө ба хойно гэсэн дахин хэзээ ч нэгэн цул болж нэгдэхээргүй 2 хэсэгт хуваасан билээ.
Шат шатны шүүх хуралдаан болгоны дараа би уйлсан, унасан, шантарсан, бас би айсан. Би өөрийн амь насны төлөө айгаагүй ээ. Эдгээр алуурчид зохих ялаа аваас өмнө, шударга ёс тогтохоос өмнө би уначихвий дээ гэхээс айсан.
Харин Давж заалдах шатны шүүх хуралдааны дараа би ганцаараа биш юм байна гэдгээ мэдэрсэн.

Тэр үед энэ урт, хүнд хэцүү замд бид ганцаараа биш, бидэнтэй хамт сэтгэл зүрхээрээ нэгдэж, дуу хоолойгоо нэгтгэн, шударга шүүх, шударга ёс тогтохын төлөө залбирч, итгэл найдвар хайрлаж ирсэн.Монголын ард түмэн миний ард байгаа юм байна гэдгийг мэдэрсэн.

Монголын ард түмэн бидний зовлонг ойлгож, бидний дуу хоолойг сонсож, энэ гэмт хэрэг ганцхан бидний гэр бүлийн асуудал бус, нийгмийн шударга ёсны асуудал хэмээн хүн бүр хүлээн авч дэмжсэн. Энэ нь надад асар их урам, хүч хайрласан. Би их зүйл ойлгосон

Би тэмцэх ёстой юм байна гэдгээ ойлгосон. Би ардаа байгаа тэр их дэмжлэг, залбирлын хүчинд би боссон.

Би энэ дайнд өөрийгөө чимээгүйхэн бэлдсэн.
Энэ хэргийг үнэн зөв, шударгаар шийдээсэй гэж өдөр бүр залбирч, намайг зоригжуулж, сэтгэлийн дэм өгч байсан, Монголынхоо сая сая ард түмний минь итгэл сэтгэл, дуу хоолой энэ хүнд давааг даван туулах хамгийн том хүч байлаа.

Шударга ёс гэж үнэхээр байдаг юм байна. Үнэн гэдэг хэзээд ялдаг юм байна.
Улсын Дээд Шүүх хяналтын шатны хуралдаанаар өмнөх шатны шүүхийн алдаатай, үндэслэлгүй шийдвэр, магадлалуудыг хүчингүй болгож, хуулийн дагуу зөв шийдвэр гаргалаа.
Надтай сэтгэлээрээ, дуу хоолойгоороо, залбирал бүхнээрээ хамт байсан та бүхнийхээ ач тусыг би хэзээ ч мартахгүй. Шударга ёсны төлөөх бидний хамтын сэтгэл Монгол эх оронд манай гэрэл болон бадарсаар байх болтугай.

Энэ ялалт бол шударга ёсыг дээдэлдэг Монголын ард түмний ялалт, залбиралын агуу хүч юм. Энэ ялалт бол ганцхан бидний эсвэл нэг хэргийн ялалт биш юм. Энэ бол эрх чөлөө, шударга ёсны төлөөх урт удаан тэмцэл, олон түмний дуу хоолой, хатуу итгэлийн үр дүн билээ. Шүүх эрх мэдэл жирийн иргэний талд, үнэн зөв, шударга ёсны талд зогсож чаддаг гэдгээ МОНГОЛ УЛСАД ШУДАРГА ШҮҮХ байдаг гэдгийг нотлон харуулж байгаад талархахын зэрэгцээ, үнэн цагаанаараа ялгарч, шударга ёс тогтох цаг ирдэг гэдгийг бид харлаа.
Хуулийн дор ИРГЭН бүр эрх тэгш байх зарчмыг сахин хамгаалсан энэ шийдвэр цаашид манай улсын шүүх засаглал ХАРААТ БУС, шударга байхын эхлэл болог ээ.

Үнэнг олж мэдэх гэж хичээсэн, дэмжсэн, дуу хоолойгоо нэгтгэсэн ТА БҮХЭНДЭЭ баярлалаа" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна