ЭХЭМҮТ-д 2022 онд БҮРЭН засвар хийнэ

2021/06/01

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хурлаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.  

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч. Болортуяа “Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 10 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөгдсөн. Эхний асуудал бол хүүхдийн эрхийг хангахтай холбоотой багц асуудлыг хэлэлцсэн. Уг асуудалд:

  • Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эзэмшлийн газрын зориулалтын бусаар ашиглахыг хориглолоо. Паркын хашаан дотор зориулалтын бусаар баригдсан бүтээн байгуулалтууд байдаг. Тэдгээр байгууллагын эрхийг цуцлах, шинээр зовшөөрөлгүй барилга барихыг хориглолоо.
  • “Найрамдал” зусланд бүрэн засвар хийхээр болсон. Мөн тухайн газар нутагт шинээр газар олгохгүй байхыг үүрэг болголоо. Түүнчлэн “Найрамдал II” зуслан байгуулах төсвийг ирэх оны улсын төсөвт тусгуулах ажлыг үүрэг чиглэл өглөө.
  • Хүрээ амаржих газрын барилга байгууламжийг өргөтгөх, бүрэн засвар хийх төсвийг батлуулах, ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийх төсвийг 2022 оны улсын төсөвт тусгуулах үүрэг чиглэл өглөө.
  • Жуковын талбайд ард, аж ахуйн нэгжүүдэд олгогдсон газар эзэмших эрхийг цуцалж, нийтийн эдэлбэр газар болгож тохижуулахыг хотын дарга Д.Сумъяабазарт даалгалаа
  • Хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулах асуудлыг яг одоо Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна. Дахин байгуулахдаа СХД-ийн тавдугаар хороонд баригдаж байгаа дүүргийн соёлын ордны барилгыг Хүүхэд залуучуудын театрт шилжүүлж үйл ажиллагааг нь явуулах асуудлыг шийднэ.
  • Хүүхэд залуучуудын хөгжлийн зориулалтаар баригдсан төр, хувийн хэвшилд байгаа барилга байгууламжийг цаашид зориулалтын дагуу ашиглах, үүнийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Энэ хүрээнд Бамбарууш кафе гэх мэт хувийн хэвшлийнхний мэдэлд очсон байгууламжуудыг зориулалтын чиглэлээр нь ашиглахаар болж байна. Бамбарууш кафе хуучин зориулалтаар буюу хүүхэд, гэр бүлд зориулсан чиглэлээр есдүгээр сараас ажиллаж эхлэхээ Засгийн газарт мэдэгдсэн" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна