"Тусгаарлагдсан иргэдэд дулаан хувцас, хэрэглэлийг нэвтрүүлэх уулзалт хийх боломжоор хангана"

2020 оны 09 сарын 16

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх ээлжит мэдээллээ хийх үеэр иргэдийг хэрхэн тусгаарлаж байгаа талаар УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ууганбаяр холбогдох мэдээллийг өглөө. 

Энэ сард өнөөдрийн байдлаар нийт зургаан удаагийн захиалгат тусгай үүргийн нислэгийг зохион байгуулсан ба 1,554 иргэн ирснийг тэрбээр онцоллоо. Тодруулбал, 

Том хүн 1,063
Хүүхэд 274
Өндөр настан 217 хүнийг татан авсан.
Хөгжлийн бэрхшээлтэй 16
Эрүүл мэндийн шалтгаан 206
Жирэмсэн 66
Бусад шалтгаантай 765 иргэн иржээ. 
Ирсэн иргэдийг тусгаарлах байруудад хуваарилан тусгаарлан ажиглаж байна. Өчигдөр Франкфуртийн нислэгээр ирсэн 238 иргэнийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Ворлд Монголиа, Би Жи зочид буудал, Баянбайгаль амралтын газарт тусгаарласан.

Үндсэндээ татан авалтын 49.2 хувийг бусад шалтгаантай гэх ангиллаар ирсэн иргэд эзэлж байна. 

Өнөөдөр Улаанбаатар хотод тусгаарлан ажиглах байранд 2,240 иргэн бий. Нийт 31 зочид буудал, амралт сувиллын газарт хуваан байрлуулж байгаа. Орон нутагт есөн цэг дээр 409 иргэн тусгаарлан ажиглалтад байгаа. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд 2,649 хүнийг тусгаарлан ажиглаж байна.

Мөн Шуурхай штабын зүгээс тусгаарлан ажиглах байраар хангаж буй аж ахуйн нэгж, газруудын эзэдтэй цаг үеийн асуудал санал солилцох уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтаар газруудын хүндрэл бэрхшээлийг сонссон. Ингэхдээ өвөлжилтийн бэлтгэл, бусад засвар, үйлчилгээтэй холбоотой зарим газрууд тодорхой хугацааны завсарлага авах зэрэг асуудлыг ярилцлаа. Мөн тусгаарлан ажиглах байранд буй иргэдийн санал гомдлыг сонсох, тухай бүр шуурхай шийдвэрлэж байх гурвалсан мэдээллийн сүлжээ бий болгохоор боллоо. 

Цаг агаар хүйтэрч байгаа тул тусгаарлан ажиглалтад байгаа иргэдэд гаднаас дулаан хувцас, хэрэглэлийг нэвтрүүлэх уулзалт хийх боломжоор хангах  шийдвэрийг холбогдох газруудад өгсөн. 

Түүнчлэн УОК-ын Шуурхай штаб өнгөрсөн хугацаандаа дүн шинжилгээ хийж цаашдын ажлуудын зорилтоо тодорхойлсон билээ. Тухайлбал, орон нутгийн Онцгой комиссын дэргэд шуурхай баг гаргах үүднээс ирэх долоо хоногоос холбогдох сургалтуудыг зохион байгуулна" гэлээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.