ЦУВРАЛ-V: “Зууны зартай ЛУЙВАР” буюу анхны хөрөнгө оруулагч Арман Бодуэныг монголчууд нийлж ЛУЙВАРДСАН нь...

Х.Батсайхан
2023/09/13

ЦУВРАЛ-V: “Зууны зартай ЛУЙВАР” буюу анхны хөрөнгө оруулагч Арман Бодуэныг монголчууд нийлж ЛУЙВАРДСАН нь...

Монголын нэр нөлөө бүхий хүмүүс үгсэн хуйвалдаж, гадаадын анхны хөрөнгө оруулагч Арман Бодуэны /Armand Beaudoin/ бүх хөрөнгийг хууль бусаар булаасан эрүүгийн онц ноцтой хэрэг хийгээд түүний учир битүүлэг үхлийн түүхийг ЦУВРАЛААР хүргэж байна.

Хуулийг 20 гаруй жил завхруулж, үнэнийг төөрөлдүүлсэн энэ хэрэг өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж, илрэхэд ойртоод байгаа юм.

Үргэлжлэл...

Цэрэндуламын Алтанцэцэг нь Ч.Хажидсүрэн, Г.Ганбаатар нартай хамсран 2002 оны долдугаар сарын 17-ны өдөр болсон “Бармаш” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд австрали иргэн Жон Хербертийн нэр дээр бичигдсэн 200,000 ширхэг хувьцааг хуурамч итгэмжлэхээр төлөөлөн оролцож, шагналд нь Арманд Бодуэн “Кондорра ресурс” компанийнхаа нэр дээр 15,000 ам.доллараар худалдаж авч байсан, хожим Ч.Хажидсүрэн нотариатч Ш:.Цэрэнжээгээр гэрчлүүлэн бэлбэсэн эхнэрийнх нь нэр дээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг /хотын төвийн А бүс, төв шуудангийн замын урд талд байрлалтай, хуучин цэргийн дээд офицерууд амьдардаг байсан, өдгөө суурин дээр нь “Эко констракшн”-ы “Гулсууртай” цамхаг боссон тэр газар дээр байрлалтай байр/ шагналд нь авсан, түүнийгээ Ардчилсан намын эмэгтэйчүүдийн байгууллагад ажиллаж байсан олон жилийн танил Цогтоогийн Одонтунгалагаар гэрчлүүлэн өөрийн нэр дээр шилжүүлсэн зэрэг баримтыг өмнөх цувралд өгүүлсэн. Гаднын хөрөнгө оруулагчид Монголоос үргэсэн олон шалтгааны нэг нь Бүртгэлийн байгууллага, тангарагтаа үнэнч бус нотариатчидаас болсон байдаг. Нотариатч бол тангараг өргөдөг мэргэжил. Тиймдээ ч “Таньдаг нотариатч байна уу” гэдэг бол хамгийн утгагүй асуулт гэсэн яриа  бий. Нотариатч хүн хуурамчаар гэрчлэх ёсгүй бөгөөд хэрвээ тийм үйлдэл гаргасан бол салараасаа өчиггүй арчигдах учиртай. Ц.Одонтунгалагийн үйлдсэн хэрэг энэ болзлыг хангажээ.

Монголын хамгийн том луйврыг үйлдсэн Ч.Хажидсүрэн, Г.Ганбаатар нар хэн бэ

Арманд Бодуэн “Бармаш” ХХК-ийг 1996 онд 200,000,000 төгрөгөөр худалдаж аван нэг сая ширхэг хувьцаа гаргасан хийгээд түүнийгээ тухайн үеийн хууль дүрэмд /Нэг хүний хувь эзэмшил 20- хүртэлх хувь байх/ нийцүүлэн хүү гэри Бодуэн, найз Жон Херберт, монгол хамжаа Ч.Хажидсүрэн, түүний нөхөр Г.Ганбаатар болон өөрийн нэр дээр хуваан бичсэн, тэр нь баримтаар баталгааждаг талаар өмнөх цувралд бичсэн. Тэгвэл луйврыг гардаж гүйцэтгэсэн Ч.Хажидсүрэн, Г.Ганбаатар нар чухам ямар хүмүүс болох, мөнхүү “Зууны зартай луйвар”-ыг мөрдөн шалгах ажиллагаа ямар түвшинд байгаа талаар бичих цаг боллоо.

Чойжил овогтой Хажидсүрэн 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. 1966-1976 онд ЕБС, 1976-1981 онд МТАД сургуулийг төгссөн. 1981-1995 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт зааварлагч, тасгийн эрхлэгч 1995-1996 онд ТАСИС хөтөлбөрт зааварлагч, зөвлөх, 1996-1999 онд “Бармаш” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 1999 онд Арманд Бодуэнийг нас барсны дараа ТУЗ-ийн даргаар ажиллах болжээ. Энэ эмэгтэй Засгийн газраас гаднын хөрөнгө оруулагчдыг татахын тулд бодлогоор байгуулсан Бизнес хөгжлийн агентлагаар дамжиж орж ирсэн Арманд Бодуэнтэй ажлын шугамаар танилцаж, улмаар ойртож шадарлан, нас барсных нь дараа жигшүүрт хэргээ үйлджээ. Тэр болтол төрийн албанд л ажилласан нэгэн аж.


Нөхөр Гомбо овогтой Ганбаатар 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. 1966-1976 онд ЕБС, 1976-1982 онд тухайн үеийн ЗХУ-ын Москва хотноо Нийгмийн ухааны дээд сургууль төгссөн. 1982-1992 онд БХЯ-нд зааварлагч, тасаг, хэлтсийн дарга, 1992-1996 онд “Тулга” ХХК-ийн захирал, “Зөвлөхүүд” ХХК-д менежер хийж байгаад сүүлд Арманд Бодуэний “Заамар гоулдфилд” ХХК-д зөвлөхөөр ажиллах болсон байдаг. Эхнэрийн адил төрийн албан хаагч байсан бөгөөд “Тулга” нэртэй компани байгуулж изнес хийх гэж үзсэн ч бүтэлгүйтэн өөр компанид ажиллах болсон нэгэн байв. Ийм л жирийн нэгэн гэр бүл шуналдаа хөтлөгдөн, Монголын анхны хөрөнгө оруулагчийг луйвардаж, өдгөө хуулийн байгууллагад шалгагдаж байна.


“Зууны зартай луйвар” илэрсэн, шийдэгдэх цаг холгүй   

Гэмт хэрэг хийсэн хүн эрт орой, хэзээ нэгэн цагт хариуцлагаа хүлээдэг жамтай. Ч.Хажидсүрэн, Г.Ганбаатар нар ч энэ жамаас холдсонгүй. Эдүгээ цувралд бичигдсэн үйл явдал баримтуудтайгаа хуулийн байгууллагад шалгагдаж, нэгэн тийшээ шийдэгдэх хугацаа ойртож байна. Ч.Хажидсүрэн, Г.Ганбаатар нар яллагдагчаар татагдаж, нэгэнтээ богино хугацаагаар цагдан хоригдоод гарчээ.

Арманд Бодуэн Монголд ажиллаж байхдаа ар гэрийнхэндээ ажил хэргээ төдий л дэлгэдэггүй байсан нь ийм эмгэнэлт нөхцөлд хүргэсэн. Тэрбээр гурван хүү, хоёр охин, нийт таван хүүхэдтэй байсан бөгөөд хамгийн нас барах үед хамгийн бага нь 10 гаруйхан настай байж. Эцгийгээ нас барсны дараа хүүхдүүд нь Канаддаа бүхнийг 0-ээс эхэлж, тухайн үедээ л зүдэрсэн гэдэг.

Монголын анхны хөрөнгө оруулагч, уул уурхайн салбарт нэрээ дуурсгаж байсан цуутай эр Арманд Бодуэний хувь тавилан 1999 онд Монголд харамсалтайгаар төгссөн ч 20 гаруй жилийн дараа Монгол Улсын хууль эргэн үйлчилж, луйвардуулж алдсан өв хөрөнгө нь хууль ёсны залгамжлагч болох үр хүүхдийнх нь мэдэлд очих цаг айсуй.

Цувралын маань өнгөрсөн цаг дээр бичигдэх үе ийнхүү дуусаж, цаг үеийн халуун мэдээллээр үргэлжлэх болж байна.

Үргэлжлэл бий... 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.202
    2023/09/13

    Ur huuhduuded n ogoosei dee. Ymar muuhai luivarchud vee , yaaj noirtoi honoj bn

    Хариулах