“Уньт”-ын төлөвлөгөөнөөс эхэлсэн улс төр

С.Батзаяа
1 цаг 39 минутын өмнө

МАН-ын талцал хуваагдал сүүлийн 10 жилд хэрээс хэтэрлээ. Парламентад суудалгүй улс төрийн нам байсан бол хоорондоо маргалдаж, талцах нь хэнд ч хамаагүй асуудал. Гэтэл улс төрийн намаар дамжуулан төрийн эрхийг сүүлийн 10 жил барьж, гурав дахь удаагаа үнэмлэхүй олонх болоод буй Монгол Ардын намынхны сандал суудлын хэрүүл, халаа сэлгээ иргэн Дорж, Дулмаагийнд амьдралд, амжиргаанд дэндүү нөлөөлж байна.  

М.Энхболдоос У.Хүрэлсүхэд, Л.Оюун-Эрдэнээс Г.Занданшатар үргэлжлүүлээд Н.Учралд ирсэн эрх мэдлийн хуваарилалтын дараа УИХ дахь МАН-ын 68-ын бүлэг 38:30 хэмээн хоёр талцахдаа хүрсэн. 2025 оны халуун зун, намраар эхэлсэн улс төрийн хуваагдал, хагарал өнөөдөр ч эвлэлдээгүй байгааг улс төрд өрнөж буй үйл явцаас тодорхой харагдаж байна.

Өнгөрсөн сард Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн талынхан Булган аймагт “Уньт” хэмээх газар амралтад амарч, улс төрийн цаашдын нөхцөл байдал ярилцсан гэгддэг. Уг “зугаалга”-нд явснаа гишүүд нуугаагүй. Гэхдээ улс төрийн нөхцөл байдал, Засгийн газрын хэн нэг сайдын сандал суудлын талаар бүр ч яриагүй гэцгээж байв. Тэгвэл уг уулзалтаар Засгийн газраас оруулж ирсэн энэ оны төсвийн тодотголоос алдаа мадаг олж, эмэгтэй гишүүдээр яриулах үүрэг өгчээ. Энэ нь Боловсролын сайд Л.Энх-Амгалан өчигдрийн мэдэгдлээр ил болов. Тэрбээр “Монголын төрийг хагалж байгаа бүлэг байна. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа тэргүүтэй гишүүдийг нэрлэе. Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуулийн асуудлыг задалсан, сэвсэн хүн бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн бэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун” хэмээв.

Энэ сэдэв олон нийтийн дунд өндрөө аваад эхлэнгүүт 38-ийн талаас ХЗДХ-ийн сайд С.Амарсайхантай холбоотой асуудлыг сошиалд “шидэж” өгөв. Нэг дуулианыг нөгөөгөөр мартуулах гэсэн тактик ч УИХ дахь АН-ын бүлгийнхэн асуудлыг эргүүлж, Ерөнхий сайдыг өөрөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирэхийг шаардав. Сөрөг хүчний өнгөрсөн хавраас эхлүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах акц хүч, туниа муутай газар авахгүй улс төр байсан ч өнөөдөр МАН-ын бүлэг дэх сөрөг хүчний гишүүдтэй нэгдэж, сүрхий гал авч мэдэхээр байна. 

Гэхдээ өчигдрийн бүлгийн хурлын үеэр АН-ын генсек С.Баярцогтын үг сэрдхийлгэв. Тэрбээр “Цөөнхөөсөө болж огцордог Засгийн газар дэлхийн хаана ч байхгүй” гэх үг унагав.

Энэ бол эрх баригчдыг дотроо учир зүйгээ ол гэж буй УИХ-д таван удаа сонгогдсон улстөрчийн үг. Дотооддоо учраа олохгүй бол сөрөг хүчин “Та нарын зодоон дээр аль ашигтай талд нь гарах, шархан дээр нь давс үрэх энүүхэнд” гэсэн санаа. Тиймдээ ч АН Ерөнхий сайдад итгэл үзүүлэх шахалт үзүүлэхийн зэрэгцээ МАН дахь сөрөг хүчинтэй нэгдэхэд бэлэн гэдгээ өчигдрийн хурлаараа зарлачихав.

Хэдий МАН дотор 38:30 гэсэн талцал арилсан гэж мэдэгдэж буй ч 30-аас 18-19 орчим гишүүн нам дотроо сөрөг хүчин хэвээр байгаа аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, А.Ариунзаяа, Ц.Сандаг-Очир, Б.Баярбаатар, М.Энхцэцэг, П.Сайнзориг, О.Саранчулуун, О.Номинчимэг, Х.Баасанжаргал, Ж.Алдаржавхлан, Э.Болормаа, О.Батнайрамдал, М.Мандхай, Х.Булгантуяа, Ц.Идэрбат, Г.Лувсанжамц нарын гишүүд бий юм. Тус уулзалтад Үндэсний эвслийн дарга, Шадар сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн А.Ундраа нар нэмэгдэж, очсон гэдэг. Үүнийгээ ч Шадар сайд Н.Номтойбаяр илэрхийлсэн билээ.

Ерөнхий сайд Н.Учрал намын даргын хувиар нам дотроо сөрөг хүчин болоод буй гишүүддээ эв зүйтэй байцгаая гэх “санал” тавьсан гэх яриа улс төрийн хүрээнд гарсан. Талцал намжсан гэж тэд ч хэлж, эвлэрүүлэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нар ахалсан гэж байсан билээ. Энэ мэдээ, мэдэгдлийн шүлс хатаж амжаагүй байхад Н.Учралын Засгийн газрын өргөн мэдүүлсэн анхны төсөв, төсвийн тодотголын талаар ийн яриа гаргаж “бүүм” болгосонд Ерөнхий сайд уурлаж, бүр “шатаж”, өөрсдийнх нь аргаар “үзэлцэнэ” гэх яриаг намынхандаа хэлсэн гэх “бор шувуу” саарал ордонд нисч явна. Тэр нь ах нар ам, хэлээрээ ойлгоцохгүй бол хууль хяналтын байгууллагаар далайлгадаг, ойр тойрных нь улс төрд хамаатай хүмүүсийг барьж хорьдог жишиг тогтоосон. Түүгээр явъя гэж шазуур зуусан гэх. Тэр нь УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Энэ чуулганы хугацаанд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Э.Болормаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хөндөхөөр төлөвлөж байгаа гэх мэдээлэл байна. Энэ бол намрын улс төрийн дөнгөж эхлэл юм. 

 

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна