А.Ариунзаяа: Би цагдаа, шүүх, АТГ болон ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын газарт хандана

Х.Есү
1 цаг 5 минутын өмнө

Боловсролын сайд Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн А.Ариунзаяаг улс орны "Түгжилмаа" хэмээн тодотгосон. Бид УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа. 

Тэрбээр, "Өөрөө сайд байж Ерөнхий сайдынхаа асуудлыг шийдэхгүй, галыг өрдөж болдог юм уу. Би Н.Учрал сайдад ч гэсэн хандаж байна. Энэ хүнээ ажлаас нь чөлөөл. Ийм байж болохгүй. Би яагаад зүгээр ажлаа хийж яваад буруутан болж байгааг ойлгохгүй байна. Хэрэв тийм төлөвлөгөө, ажлын файлууд байсан юм бол үүний учир шалтгааныг өөрсдөө тайлбарлах ёстой.

Зүгээр байгаа намайг гэнэт энэ асуудалд оруулж, төр үймүүлж байгаа юм шиг асуудал яриад өөрөө төр үймүүлээд байна шүү дээ. 

Манай зөвлөхөөр ажиллаж байсан н.Батцэцэгийн тухайд тавдугаар сарын 1-нийг хүртэл ажилласан. Тэр өмнө нь Сангийн яам, Жижиг дунд үйлдвэрийн газар, Хөдөлмөрийн яам, Боловсролын яаманд ажиллаж байсан төрийн албан хаагч. Төрийн албанд олон жил зүтгэсэн хүнтэй холбоотой ийм асуудал ярьж байгаад үнэхээр гайхаж байна.

Хэнийг хэнтэй хардаж сэрдээд байгаа юм бэ? Бүгдээрээ хуулийн байгууллагад хамтдаа очоод шалгуулъя. 

О.Саранчулуун гишүүн бид хоёр адилхан л УИХ-ын бүрэн эрхт гишүүд. О.Саранчулуун миний төрсөн дүү биш, бид хоёр цусан төрлийн ямар ч холбоогүй. Харин манай үеэл дүүгийн эхнэр мөн. Яагаад гэнэт бидл\ хоёрыг гэнэт холбоод унав. Тэр нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болон төрийн бус байгууллагуудаа удирдан олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж ирсэн, эрдэмтэн доктор хүн. Тэр өөрийн гэсэн байр суурьтай, бие даасан гишүүн.

Жагсаалтын гишүүд хэн нэгэнд барьцаалагдаагүй, өөрийн мэргэжилдээ эзэн болсон, хууль уншдаг, мэдлэг боловсролтой хүмүүс байдаг учраас хуулийн цоорхой, алдаатай асуудлыг нээлттэй шүгэл үлээдэг. Ингэж нээлттэй байсных нь төлөө яагаад гэмт хэрэгтэн шиг гүтгэж байгаа юм. 

МАН-ын бүлэгт 30, 38 гэсэн тал гэж байхгүй, нэгдмэл 68-ын бүлэг л бий. Гишүүдийг Засгийн газрыг огцруулах гэж байна хэмээн хардаж бичих юм, бидэнд тийм зүйл байхгүй. Өнгөрсөн өдрүүдэд Булганд найз нөхдөөрөө амарч, айраг уусан нь үнэн. Би хэзээ ч худлаа ярьдаггүй, нууж хаах зүйлгүй. Тэнд Засгийн газрын асуудлыг огт хөндөөгүй. 

Өнөөдөр үдээс хойш 16:00 цагаас чуулгантай. Өглөө 09:00 цагт товлогдсон бүлгийн хурал цуцлагдсан учраас чуулгандаа бэлтгээд явж байтал гэнэт Л.Энх-Амгалан сайд хэвлэлийн хурал хийсэнд гайхлаа. Намын бүлэг хуралдаж чадахгүй байна гэдэг зүйлийг сошиалаар санаатайгаар явуулаад байгаа юм шиг харагдаж байна. 

Би үргэлж Монголын төр тогтвортой байгаасай гэж хүсдэг. Монгол Улсын хамгийн том зовлон бол Ерөнхий сайд нь солигдохоор сайд нар, газрын дарга нар, эцэст нь бодлого нь бүхэлдээ солигддог. Төр хөгжихгүй байгаагийн шалтгаан ердөө энэ. 

Би Өргөдлийн байнгын хорооны гишүүн биш, тэр файлыг одоо хүртэл хараагүй. Л.Энх-Амгалан сайд өөрөө тэр файлыг ажлын файл байсан гэж хэлсэн. Тэр файл төрийн албан хаагчдын дунд ямар сэдлээр хуваалцагдсаныг хууль хяналтын байгууллага тогтоох ёстой, хэн нэгэн хэлмэгдэх ёсгүй. Тиймээс би Цагдаа, Шүүх, АТГ болон Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газарт хандана. Цахим ертөнцөд бүх зүйл өөрийн гэсэн мөртэй байдаг тул тухайн файл хаанаас үүссэн, хэн явуулсныг тогтоож, үнэн мөнийг нь гаргана. УИХ-ын гишүүн үг хэлснийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг заалт нь бусдыг гэмт хэрэгт гүтгэж, доромжлох эрхийг олгодоггүй. Гүтгэлэгт заавал хариуцлага хүлээх ёстой" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна