АН-ын албан бус улс төр, албан ёсны хясан боолт

Zuv.mn
1 цаг 21 минутын өмнө

2026 оны төсөв батлах үйл явц Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаас болоод хэлэлцүүлэг багатай, энэ утгаараа түргэн түүхий явагдсан билээ. Г.Занданшатар тогтож үлдэхийн тулд АН-ын ашиг сонирхол шингэсэн болох нь тов тодорхой хөрөнгө оруулалтуудыг төсөвт шинээр оруулж ирж, нөгөөдүүл нь Чуулганы хуралдаанд суулгүй, энэ  эс үйлдлээрээ Засгаа авч үлдэхэд нь туслах тохироотой гэдэг нь илт үйл явц өрнөсөн. 

Гэсэн ч Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн талынхан санал хураалтын томъёоллыг Байнгын хорооны хуралдаан дээр өөрчилснөөр АН-ын эс үйлдэхүйг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлсэн байдаг. Засгийн газар огцорч, асуудал ҮХЦ-д хүрч шийдэгдсэн бөгөөд “2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг тогтвортой ажилуулахад чиглэсэн үзэл баримтлалтай байсан учраас эзгүй гишүүдийн саналыг огцруулах талд тооцсон нь Үндсэн хууль зөрчсөн” гэсэн утгатай шийдвэр гарч, Г.Занданшатарын Засгийн газар үргэлжлэн ажилласан. Гэхдээ энэ асуудал одоо ч дуусаагүй, процесс дутуу байгаа гэдгийг энд хэлэх хэрэгтэй байх.

Тэгвэл 2027 оны төсвийг хэлэлцэх үйл явц жилийн өмнөхтэй яг ижилхэн өрнөж байна.

Төсвийн хэлэлцүүлгийг Засгийн газрын хувь заяатай холбох ажлыг УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны дарга /тухайн үеийн/ Б.Энхмөнх эхлүүлж, хамаарал бүхий сургуулиараа дамжуулан төсвөөс мөнгө гаргуулахыг завдсан үйлдлийнхээ төлөө  Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан. АН асуудлыг албан ёсоор гаргаж тавиагүй ч албан бус улс төрөө эхлүүлж, Б.Энхмөнхөөр санаагаа хэлүүлсэн гэдэг нь хэнд ч ойлгомжтой л байв. Удалгүй АН албан ёсны байр сууриа илэрхийлж, 2027 оны төсөв бодлогын хувьд хүлээн зөвшөөрч боломгүй учир Ерөнхий сайд итгэл үзүүлэх эсэх асуудлыг өөрөө оруулж, ир, Парламент итгэл хүлээлгэвэл оруулж ирсэн төсвийг нь хэлэлцэх боломж автоматаар үүснэ гэдэг гаргалгаа хэлсэн. АН төсвийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ зарлаж, Улс төрийн бодлогын зөвлөлөөрөө шийдвэр гаргуулан бүлгээ хайрцагласан тул бүлгээ яс хайрцаглаж байж л Засгаа, намын даргын суудлаа авч үлдэх даалгавар Н.Учралд тулгарсан гэсэн үг. Ерөнхий сайд одоо энэ даалгаврыг биелүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд ХЗДХ-ийн сайдын суудлыг 30-ийн бүлгийн нэг хэсгээс нөгөөд авч өгч байгаа нүүдэл ч үүнтэй холбоотой. Тодорхой үр дүнд ч хүрч, 30-ийн бүлгийн 10 гаруйг нь өөртөө урвуулсан гэдгийг ЕНБД Я.Содбаатарын “30-ийн бүлэг гэж байхгүй. Бие, биедээ гомдсон 10 гаруй хүн л байгаа” гэсэн үг баталж буй. Тэрбээр араас нь “Засгийн эсрэг ажилласан хүнийг намаас хөөнө” гэсэн нь Н.Учрал үлдсэн цөөн хэдтэйгээ хатуу гараар үзээд нам дарж авах бодолтой байгаа юм байна гэсэн ойлголтыг ч төрүүлсэн юм.

Өөрөөр хэлбэл, МАН дотор болж байгаа үйл явц АН-ын шахалтаар өрнөж байгаа бөгөөд Н.Учралын хувь заяа АН-ын гарт байна.

УИХ-ын Чуулганы өчигдрийн хуралдаанд орж суулгүй хууль зөрчсөн нь ч АН-ын хувьд Н.Учралд үзүүлж буй дарамт маш бодитой  гэдгийг харуулах юм.

УИХ дахь нам, эвслийн бүлэг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30.1.5-д заасны дагуу Чуулганаас завсарлага авах эрхтэй. Гэхдээ хэлэлцэх асуудлаар л завсарлага авах бөгөөд өөр асуудал хэлэлцэх бол Чуулгандаа суух үүрэгтэй. АН-ын бүлэг төсвийн асуудлаар завсарлага хүссэн бөгөөд УИХ-ын дарга гурав хоногийн завсарлага өгсөн. Өчигдөр Чуулган төсвөөр биш, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах буюу Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар томилсон томилгоог сонсох ёстой байсан бөгөөд энэ нь төсөв биш тул АН Чуулгандаа суух ёстой байсан юм. АН-ын бүлэг өчигдрийн хуралдаанд суугаагүй нь ийнхүү хууль журам зөрчсөн ёс зүйгүй үйлдэл болсон ч Н.Учралд шахалт өгөх зорилгоо хангалттай харуулж чадсаныг хэлэх хэрэгтэй.

Шууд дамжуулалтын дэлгээнд гурван цаг гаруй харагдсан ирц /52 гишүүн ирцээ бүртгүүлж, 74 гишүүн суугаагүй, 74-ийн 25 нь шалтгаантай бол 49 нь тасалсан/ үүнийг харуулах биз ээ.

Улс төрд өрнөж байгаа үйл явдлын гол дүрд эрх баригч МАН тоглож байгаа мэт оловч найруулагчаар нь АН ажиллаж байна.    



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна