Г.Занданшатар нам дотроо дэмжлэггүй болж, горилогсдын жагсаалтаас хасагджээ

С.Батзаяа
1 цаг 0 минутын өмнө

Эрх баригч нам дотор ирэх оны Төрийн Тэргүүний сонгуульд хүч үзэхээр горилж буй 70-аад оныхон “язганаж” байна. Хэвлэлээр нэгнийгээ харлуулж, гүтгэхээс эхлүүлээд бие биенийхээ рейтингийг унагаах оролдлого явж, сүүлдээ олон нийт ч залхах маягтай болжээ. Энэ нь ч намуудын хийлгэсэн судалгаанаас харагдсан байдаг. Учир юу гэвэл, олон нийт улс төрийн нам гэхээсээ илүүтэй хүнийг нь харж сонголтоо хийнэ гэсэн санал давамгай хэлжээ. Парламентад суудалтай хоёр том нам хэнийг нэр дэвшүүлэхээ судалгааны дүн харж байж болно гэх ерөнхий агуулгыг горилогсдодоо хэлсэн байна. Үүнээс үүдэж, олон нийтийн сүлжээгээр нэгнээ харлуулах явдал хавтгайраад буй.

Нэгэнт тоглоомын дүрэм тодорхой хэр нь нөгөө талд тодорхой бус яаж ч өөрчлөгдөж мэдэх эгзэгтэй энэ үед МАН, АН-аас ямар кандидат нэр дэвшихээр горилж буйг бид цувралаар хүргэж байгаа билээ.

Эрх баригч намаас Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын дарга С.Бямбацогт, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд асан Б.Жавхлан, Ерөнхий сайд асан Г.Занданшатар нар ил, далдаар горилж буй. Өмнө нь бид УИХ-ын дарга С.Бямбацогтыг бичсэн бол /Энд дарж уншина уу. https://zuv.mn/1hjb/ энэ удаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан Г.Занданшатар ямар яриа хэлцэл, маргаан мэтгэлцээн өрнүүлж буйг тоймлоё.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт сошиал хуудсаараа дамжуулан “Би улс төрөөс холдож, өөрийн сонгосон замаар явж байна. Харин хулгай, худалтай эвлэрэхгүй. Нүүрсчдийн бүлэглэлийн авлига, хулгайн сүлжээ, нам дамнасан хуйвалдаан, хууль ёсыг уландаа гишгэж, хүний эрхийг хөсөрдүүлдэг увайгүй үйлдэл хэрээс хэтэрч байгаа тул ард иргэдтэйгээ хамтран улс төрийн шинэчлэл хийх тэмцлийг эрчимжүүлэх болно” гэж мэдэгдсэн. Эндээс харахад, улс төрд буцаж орох тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх туйлын сонирхолтой байгаа нь уншигдана. Тэр өмнө нь УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд, сүүлд УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг хашсан. Одоо Ерөнхийлөгчийн сэнтий л дутуу хэмээн ирэх онд намаасаа нэр дэвшихээр горилж байгаа ч нам дотроо ямар ч дэмжлэггүй болжээ. Дэмжлэггүй болсон нь ч учиртай.

Хэдий тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд хангайн бүсээс нэр дэвшиж, өвдөг шороодсон ч Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилогдож, нам нь ялсан учраас хоосон хоцроогүй. Нөгөө талдаа Ерөнхийлөгчтэй ойр нь нөлөөлсөн байдаг. Хэдхэн сар ажиллаад Ерөнхий сайдаар томилогдож, “давхар дээл”-гүй гүйцэтгэх засаглалын тэргүүн болж байв. Энэ нь парламент дээр бодлогоо хамгаалж чадахгүйд хүрч, бяр, хүч дутсан. Алийн болгон Ерөнхийлөгчөөс туслалцаа хүсэх вэ дээ. Ингээд огцорсон. Анх Ерөнхий сайд болоход нь жил орчим ажиллаад халаагаа өгч, Ерөнхийлөгчид нэр дэвших тохироотой гэх яриа улс төрийн хүрээнд яригдаж байв. Гэсэн ч галтай сэдвийг, бодлогоо УИХ-д “ойлгуулж” дэмжлэг авч чадаагүй учраас тооцоолол зөрсөн нь энэ.

Нэг ёсондоо, Ерөнхий сайд болох үед тохирсон тохироо одоо байхгүй болжээ. Энэ тохироо хэвээр гэж бодон нам дотроос нэр дэвших магадлалтай горилогсдоо хэвлэлээр харлуулах ажиллагаа далдуур явуулж олон жил нэг нам, журмын нөхөр гэж явж ирсэн анд нөхөдтэйгөө түнжин хагарав. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ч түүний хийсэн зохион байгуулалттай гүтгэлэг, харлуулалтыг хэвлэлд ярьсан билээ. Гэвч эдгээр нь ямар ч ашиггүй баахан хүч хөрөнгө хаяж эцэст нь хоосон хоноход хүрчээ. Хувь, хувьсгалын амьдрал нь "бүтэлгүйтсэн" ч улс төрөөс явах болоогүй шүү гэдгээр үе үе зарлаад байгаа. Энэ нь судалгаагаар рейтинг нь муугүй гарсантай холбоотой аж. Үүнийг найдвар, боломж гэж үзэн намынхандаа хандсан ч дэмжлэг авч чадахгүй байгаа аж. 

Товчхондоо, Ерөнхийлөгчийн дэмжлэггүй болжээ. Арга ядсандаа ИЗНН-аас нэр дэвшинэ гэх “бор шувуу” нисгэж үзсэн. Энэ нь ч газар авахгүй байгаа аж. Тэглээ ч ИЗНН-аас нэр дэвших сонирхолтой АН-ын кандитатууд хэд гурваараа бий. АН угшилтай нам учраас Г.Занданшатарт боломж олдохгүй.

Дэмжлэггүй, намынхнаасаа "жийгдсэн" алдаагаа өөрөөсөө хайх хэрэгтэйг ойр тойрныхон нь хүрээллээс хэлж байна. Хэт хувийн тоглолт хийж, багийнхандаа ч итгэхгүй, хар сэртэй хүн аж. Түүний эргэн тойрны хүрээлэл ч "Манай дарга хэнд ч бүрэн итгэдэггүй" тэр нь гомдогсдын арми төрүүлдэг, бас яаж ч тонгоруулж мэдэх учир бодолтой байдаг гэцгээж байв. 

Намаасаа дэмжлэг аваагүй бас нэг шалтгаан нь түүнийг УИХ-ын гишүүн Х.Баттулгатай ойр байгаа гэх мэдээлэл очжээ. Тэд хоёул Баянхонгор аймгийнх. Нутаг нуга нэгтэй биенээ эртний мэдэх хүмүүс. Ерөнхий сайд асан Г.Занданшатар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нэг фракц, зүүний хүчний холбооноос эхэлж хамтдаа бага залуугаасаа намд хүчин зүтгэсэн гар, ганзага нийлж, дөрөө хоршин улс төрд олон жил явчихаад “гарман дээр морио юүлж байгаа” хандлага гаргасан нь дэмжлэггүй болох бас нэг шалтгаан болжээ. Олон санаа оргож буцна гэж энэ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна