“Багануур” ХК 1,3 тэрбум төгрөгийн барааг тендер зарлалгүй 16 байгууллагаас шууд худалдан авчээ

С.Батзаяа
46 минутын өмнө

Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж, эсвэл орлогоо зориулалтын бусаар захиран зарцуулж байна гэх шүүмжлэл тасардаггүй. Үүний нэг жишээ нь Багануур ХК болж байна.

Тус компани 2025 онд санхүүгийн аудитаар 16,841.0 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илэрсний нэг нь худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа тендер зарлалгүй нийт 16 байгууллагаас 1,365.7 тэрбум төгрөгийн барааг шууд худалдан авчээ. Мөн хөрс тээврийн автосамосвал нийлүүлэх 11,600.0 тэрбум төгрөгийн 25/12-54 дүгээр гэрээний тусгай нөхцөлийн дагуу барааг хугацаанд нь нийлүүлээгүй, үүргийн хэрэгжилтийг хангуулж ажиллаагүй байна.  

Дансан дахь үлдэгдэл 764.4 сая төгрөгийн үлдэгдэлд 2020 оноос хойш тооцоолол хийгээгүй, 1,25 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлд тооцоо нийлээгүй, 1797 нэр төрлийн 83,284 сая төгрөгийн хөрөнгийг бодит үнэ, цэнээр бүртгээгүй зэрэг зөрчил илэрчээ. Нэг ёсондоо төрийн өмчид хайр гамгүй хүнийрхүү сэтгэлээр хандаж ирсэн нь аудитын тайлангаар илэрсэн байна. 2020 оноос хойш дансны үлдэгдэлдээ тооцоолол хийдэггүй, элэгдэл хорогдолд орсон эд хөрөнгийг үнэгүй мэтээр бүртгэж, үнэгүйдүүлж байгаа нь хувьдаа завших нэг арга бололтой.

Тус компанийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Т.Отгонболдыг 2025 оны долдугаар сард томилжээ. Тухайн үед компанийн үйл ажиллагаатай холбоотой гомдлууд олон нийтээс удаа дараа ирсэн учраас төлөвлөгөөт бус шалгалт хийхэд үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх хөдөлмөрийн аюулгүй байдлын болон татвар, санхүүтэй холбоотой хэд хэдэн зөрчил дутагдал илэрсэн тул өмнөх удирдлагыг чөлөөлж, Т.Отгонболдыг томилсон гэж мэдээлж байжээ. Гэвч нэг даргыг нөгөөгөөр солиод байдал дээрдээгүй нь аудитын дүгнэлтээс харагдаж буй юм.

Дашрамд дурдахад, Багануур ХК-ийн нийт хувьцааны 75 хувийг “Эрдэнэс  Монгол” ХХК, 21.06 хувийг “Монголиан коал корпорейшн” ХХК, 3.94 хувийг аж ахуйн нэгж, хувь хүмүүс эзэмшиж байна. Мөн тус компани нь “Багануур” сувилал ХХК-ийн хувьцааг 100 хувь, Мон цахим ХХК-ийн хувьцааны 46 хувийг эзэмшдэг аж. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна